Т.МӨНХСАЙХАН: ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОГСООСОН ЗҮЙЛ ОГТ БАЙХГҮЙ
- schedule 2024 оны 11 сарын 21
- chat_bubble 0
Өнөө өглөө, олон нийтийн цахим сүлжээгээр Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхгүй гэсэн шийдвэр гарсан тул улсын эмнэлгээс авах дараах үйлчилгээнүүдийг төлбөртэй болгожээ гэсэн мэдээлэл түгээд байна. Энэ асуудлыг тодруулж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ "Бүх эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын сантай. Энэ сан хязгаарлагдмал хөрөнгөтэй учраас хүчин хүчин чадалдаа тулгуурлаж, бүх эмнэлгүүддээ тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээг нь хийсэн.
Ялангуяа, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Улсын нэг болон гуравдугаар эмнэлэг, ГССҮТ зэрэг томоохон эмнэлгүүд дээр гэрээний хэтрэлтүүд үүсээд байна.Тиймээс, нэн яаралтай тусламж үйлчилгээг зогсоосон зүйл огт байхгүй.
Рашаан, сувиллын эмчилгээ буюу архаг хууч өвчлөлийн оношоор хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрээнд заасны дагуу ирэх он руу шилжүүлж, тусламж үйлчилгээ үзүүлээрэй гэдэг зохицуулалт хийсэн.
Энэ нь өөрөөр томуугийн дэгдэлтийн үе эхэлж байгаа тул эмнэлгээр үйлчлүүлж байхдаа халдвар авах, тархаах хамгийн их эрсдэлтэй байдаг учраас энэ тусламж үйлчилгээнүүдийг, томуугийн улирал дууссаны дараа үзүүлэх шаардлагатай гэсэн зохицуулалтуудыг хийж байгаа юм.
Эрүүл мэндийн яам цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж бодлогын арга хэмжээнүүдийг авч ажиллах нь хууль ёсных юм.
Өнгөрсөн оны байдлаар, 1.93 их наяд төгрөг Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрч байгаа юм. Үүнийг тухайн сар бүрд хуваарилж хэрэглэх ёстой бол 11 болон 12 дугаар сарынхыг урагш нь татаад эхний улирлуудад зарцуулалт нь хийгдсэн. Тиймээс л өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байна.
Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрөх ёстой санхүүжилтийн төвлөрөл 95 хувьтай байна. Эргээд даатгалын хуримтлал үүсэхэд ноцтой доголдол үүсээгүй.
Санхүүгийн зарцуулалтын хувьд оны эхний улирлуудад ийм асуудал үүссэн учраас ирэх жилүүдэд тухайн сар бүр зарцуулах дүнгээр гэрээ хийж, санхүүгийн сахилга баттай, оновчтой зарцуулалттай байх бодлоготой байна" хэмээн мэдээллээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...