Р.Гончигдорж: Эхнэр нөхрийн асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй
- schedule 2013 оны 11 сарын 26
- chat_bubble 0
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нийтийн ашиг сонирхлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилсан уг хуулиар төрийн өндөр албан тушаалтнууд офшор бүсэд данс нээхийг хориглох, гадаад эхнэр нөхөртэй хүнийг төрийн өндөр албан тушаалд томилохдоо тухайн томилж байгаа этгээд нь ҮАБЗ-д мэдэгдэнэ гэх зэрэг заалт орж байгаа юм. Харин байнгын хорооны гишүүдийн дийлэнх нь дэмжээгүй юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Төрийн албан тушаалтнууд офшор бүсэд, гадаадад харилцах, хадгаламжийн данс нээхийг хуулиараа хориглосон байдаг. Бидний оруулж ирж байгаа энэ хуулийн төсөл зөвхөн офшор бүс гэж оруулж ирж байгаа. Англи бол офшор бүс биш. Зөвхөн тодорхой бүсүүдийг офшор бүс гэж зарладаг. Гадаад эхнэр, нөхөртэй хүнийг төрийн өндөр албан тушаалд томилохдоо тухайн томилж байгаа этгээд нь ҮАБЗ-ийн албан тушаалтанд мэдэгддэг байя. Нийгмийн түүхээс харахад бид Монголын төр бүхэлдээ гадаад улс орны хараа хяналтад орсон түүх бий. Хэдхэн арван жилийн өмнө орос эхнэрүүдийн үе гэж байсан. Гадаадын нөлөөлөл жижиг улс орнуудын дотоод бодлогод хүчтэй нөлөөлдгийг дэлхий даяар мэднэ. Энэ үүднээс ҮАБЗ тусгай хяналтдаа авдаг, ҮАБЗ мэдэгддэг байх хэрэгтэй. Ардчилал дураараа байхын нэр биш. Үндэсний аюулгүй байдлаа хамгаалдаг, хянадаг байх хэрэгтэй гэсэн юм. Гишүүд Ж.Батзандан гишүүний оруулж ирсэн хуулийн төсөлд саналаа хэлцгээсэн юм.
УИХ-ын гишүүн Р.Бурмаа:
-Офшор гэдэг тодорхойлолт тодорхой бус байна. Түүнээс гадна төрийн өндөр албан тушаалтан болгоны эхнэр нөхрийн асуудлыг яриад суух нь ҮАБЗ-ийн үндсэн ажил болох нь ээ. Орчин үед даяарчлагдаж байгаа. Давхар иргэншлийн асуудал яригдаж байна. Манай олон иргэн гадаадын улс оронд амьдарч байгаа. Энэ хүмүүсийнхээ сурсан боловсрол мэдлэгийг нь эх орондоо зориулахыг нь хааж байгааг дэмжихгүй байна. Энэ нь хүний эрхийг зөрчсөн заалт байна. Дэмжих боломжгүй.
-УИХ-ын гишүүн Су.Батболд:
-Офшор бүсийг хуулиндаа тайлбарлаж өгөхгүй бол ойлгомжгүй зүйл байна. Энэ хуулийг мөнгө угаахтай тэмцэх хуультай уялдуулах хэрэгтэй болов уу. Харин эхнэр, нөхрийн тухай асуудал нь хэнтэй гэрлэх нь хувь хүний асуудал. Хэтэрхий өргөн хүрээг хамарсан байна. Гэр бүлийн асуудлаасаа болоод ажлаа эрхэлж чадахгүй байх нь. Энэ асуудлыг хэлэлцэхийг дэмжиж байна. Харин ажлын хэсэг байгуулж нухацтай авч хэлэлцэх хэрэгтэй болов уу.
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг:
-Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Хамрах хүрээг нь тодорхой гаргаж ирэх хэрэгтэй. Ерөнхийд нь хуулийн энэ заалтыг дэмжих хэрэгтэй. Манай эдийн засаг төлжөөгүй. Уул уурхай хөгжиж байгаа ч дотоодын эрх мэдэлтэй хэн нэгэнтэй үгсэн хуйвалддаг. Гагцхүү офшор бүс, офшор банк дээр хуулийн заалт тавьж өгөх хэрэгтэй юм.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:
-Офшор гэдэг энэ ойлголт, дэлхий дээрх пракитик Монголд байхгүй. Энэ том зүйлийг жижиг хэмжээнд оруулж болохгүй. Офшор бүсэд байгаа компанитай Монгол Улс гэрээ хийх үү. Ингэж оруулаад ирвэл ойлгомжтой. Олон нийтийн зүгээс сайн дурын үндсэн дээр нөлөөллөө тодорхой Засгийн газруудад нөлөөлж байгаа сэтгүүлчдийн хүчин чармайлт. Үүн дээр Монгол Улс санаачлага гаргах хэрэгтэй нь зөв. Гэр бүлийн тухайд хүний эрхийн асуудал. Харин офшорыг бодлогын хэмжээнд авч үзэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:
-Гишүүний оруулж ирсэн хуулийг хүндэтгэж байна. Нэг талаас мөнгө угаах, авлигатай тэмцэх хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан хэлбэрээр оруулж ирсэн бол болох юм. Эхнэр нөхрийн тухайд болгоомжтой хандах хэрэгтэй. ҮАБЗ-д мэдэгдээр яах билээ. Ашиг сонирхлын зөрчил гэдэг өөр ойлголт юм.
Ийнхүү гишүүд байр сууриа хэлсний дараагаар санал хураалт явуулахад энэ хуулийн төсөл дэмжсэнгүй.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...