Монгол, Германы дипломат харилцааны 40 жилийн ойд зориулсан арга хэмжээ болов
- schedule 2014 оны 2 сарын 6
- chat_bubble 0
Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн нээлтийн ёслолын арга хэмжээ 2014 оны 2 дугаар сарын 5-нд Гадаад харилцааны яаманд болов. Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улс дахь ХБНГУ-ын хэргийг түр хамаарагч Б.Дюкофр нар тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өдгөө нийгмийн бүхий л салбарыг хамран, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд өргөжин тэлж буйд баяртай байгаагаа тэмдэглэв.
Хоёр улс 1974 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоожээ.
Мөн энэ өдөр Гадаад харилцааны яам, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, ЮНЕСКО-гийн Германы Үндэсний Комисс болон ХБНГУ-ын Элчин Сайдын Яам хамтран зохион байгуулж буй “ХБНГУ-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн газрууд” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлт болсон бөгөөд уг үзэсгэлэн нь өнөөдрөөс эхлэн хоёр сарын турш ГХЯ, ХБНГУ-ын ЭСЯ, МУИС, ШУТИС болон бусад холбогдох газраар аялна.
Дээрхи өвийг хадгалан хамгаалж, таниулан сурталчлах улмаар хойч үедээ уламжлан үлдээх зорилгоор ЮНЕСКО-гийн “Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай Конвенц”-ийг 1972 онд баталж, Монгол Улс 1990 онд нэгдэн орсон түүхтэй. 2013 оны 6 дугаар сарын байдлаар тус Конвенцид 190 улс нэгдэн оржээ. Дэлхийн өвийн Жагсаалтад 160 орны 981 газар бүртгэгдсэнээс 759 нь соёлын, 193 нь байгалийн, 29 нь хосолмол өв юм.
Энэхүү түүхт тэмдэглэлт өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс болон Германы Үндэсний Комиссын хооронд байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн дагуу ХБНГУ-аас Дэлхийн өвд бүртгэгдсэн 38 газрын гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...