Эртний мартагдсан хотууд
- schedule 2020 оны 6 сарын 12
- chat_bubble 1
Судлаачид, архелогичид 18-р зуунаас хойш маш олон мартагдсан, “алдагдсан” хотуудыг илрүүлээд байгаа. Өнөө үед эдгээр нь жуулчдыг татах, улс орныг нэр хүндийг өсгөх нэг хүчин зүйл болж байгаа. Эдгээр хотууд нь түүхийн цаг хугацааг урагшлуулж бас тайлагдашгүй, маргаантай, эргэлзээтэй олон таамгуудыг бий болгож түүхчид, судлаачдын гол судлагдахуун болсоор байна. Эдгээр хотууд нь түүхийн ороо бусгаа /дайн/ цаг үе болон, байгалийн гэнэтийн өөрчлөлтөнд дайрагдан он цаг улирах тусам алгуур мартагдсаар өнөө үе ирэхэд ор тас мартагдсан байжээ. Ингээд 25 мартагдсан хотуудыг танилцуулья.
25. Тимгад (Timgad).
Тамгад хот нь МЭ-ний 100 онд Ромын эзэнт гүрний эзэн хаан Траяны үед Алжирын нутаг дэвсгэрт байгуулагджээ. Харин 5-р зуунд Вандалуудын довтолгоонд сүйдэж улмаар орхигдсон байна. Берберүүдийн эзэмшлийн дараагийн хоёр зуунд түүхээс алга болсон гэнэ. Харин 1881 онд малтлага хийн эртний үед цэцэглэн хөгжиж байсан хотыг илрүүлэн гаргажээ.
24. Мохенджо-Даро (Mohenjo-Daro).
Энэ гайхамшигт хотыг МЭӨ 2600-аад онд баригдсан гэж тогтоожээ. Энэтхэгийн Махенджо-Дарогоос /одоогийн Пакистаны Синдх хот/ 1920-оод онд анх олж илрүүлсэн энэ хот нь МЭӨ 1700 оны үеэс түүхийн тавцангаас алга болж мартагдсан байна. Дэлхийн хамгийн эртний соёл иргэншлүүд болох Египтийн, Месопотамийн иргэншлүүдтэй адилтгах эртний Махенджо-Дарогийн соёл иргэншлийг илтгэсэн хот нь /Индусын иргэншлийн хөндий хэмээгддэг/ Энэтхэг, Пакистанчуудын бахархал болсон газар юм.
23. Аугаа Зимбабве (Great Zimbabwe).
Энэхүү чулуун балгасыг 11-р зуунд Банту (Bantu) хүмүүс барьж босгожээ. Судалгаагаар 14-р зуунд хамгийн хүчирхэг үедээ 18000 оршин суугчтай Зимбабвегийн хаант улсын нийслэл хот байсан байна. Гэвч дайн байлдаан, улс төрийн тогтворгүй байдал, мөн цаг агаарын өөрчлөлт, байгалийн хүчин зүйлсээс болж оршин суугчид нь нүүж, хот орхигдон улмаар мартагдсан байна. Эртний хотыг 1871 оноос Зимбабвегийн Масвинго хотын орчмоос эхлэн ухаж гаргасан байна. Гэхдээ 1531 онд Португалийн далайчин ахмадын тэмдэглэлд энэ хотын туурийн тухай тэмдэглэгдсэн байдаг гэнэ.
21. Санчи (Sanchi).
Энэтхэгийн Прадеш мужийн Санчи хотын орчимд илрүүлсэн энэхүү хот 2000 гаруй жилийн тэртээ баригджээ. Анх Мауряагийн эзэнт гүрний хаан Аугаа Ашокийн үед МЭӨ-ний 3-р зуунд Буддын шашны зориулалтаар баригдаж эхэлсэн хот /сүм хийд/ юм байна. Уг сүм 13-р зуун хүртэл оршин тогтносон байна. Энэтхэгт бурханы шашин унтарч буурахын хамт энэ хот алга болж мартагджээ. Мартагдсан хотыг 1818 онд Британийн офицер анх олж илрүүлснээр түүнийг ухан гаргасан байна.
22. Хатра (Hatra).
Хатра нь өнөөгийн Иран, Афганистан, Пакистан зэрэг дундад Ази, Персийн булангийн 20-иод улсын газар нутгийг хамарсан Парфяны (Parthian) эзэнт гүрний /МЭӨ 247-МЭ 224 он/ аварга цайз хот байжээ. Учир нь Ромын эзэнт гүрний хэд хэдэн довтолгоонд тэсч байжээ. Харин МЭ 241 онд Сассанидийн /өнөөгийн Иран/ эзэнт гүрний үед бүрэн сүйдэж он цагийн эрхээр мартагдсан ажээ. Германы архелогичид 1907-1911 онуудад илрүүлэн ухаж гаргажээ. Хатра хотыг өнөөгийн Иракийн нутаг дэвсгэрт МЭӨ 3-2-р зуунд байгуулсан гэж үздэг.
20. Хаттуса (Hattusa).
Туркийн нутаг дэвсгэрээс илрүүлсэн энэ хот нь МЭӨ 17-оос МЭӨ 12-р зуун хүртлэх Хетитийн эзэнт гүрний (Hittite Empire) нийслэл байжээ. Судлаачид “Хүрлийн үе”-д хамаарах МЭӨ 6 мянган жилийн өмнөөс эхлэн хүмүүс суурьшин баригдсан энэ хотыг хамгийн ихдээ 40-50 мянган хүн амтай байсан ба МЭӨ-ий 1200 онд орхигдож хаягджээ гэж үздэг. Хаттуса 20-р зуун гэхэд бүрэн сүйтгэгдэж мартагдсан байжээ.
19. Чан-Чан (Chan Chan).
Перу улсын нутагт илрүүлсэн энэ хот нь Америкт Колумбийг ирэхээс өмнө гоёмсог хээ хуар чимэглэлтэй Инкүүдийн хамгийн том хот байжээ. Хотыг шавар тоосгоор барьж босгосон аж. МЭ 850 онд Чиму хүмүүсийн /Чимугийн хаант улс/ барьсан хот Инкүүдийн эзэнт гүрний мөхөн унах 1470 он хүртэл оршин байжээ. Судлаачид Инкүүдийн нийслэл байсан Чан чан хотыг 30000 хүртлэх хүн амтай байсан гэж үздэг ажээ. Мочи хөндийгөөс илрүүлсэн хотыг 1969 оноос ухан гаргаж эхэлжээ.
18. Меса-Верде (Mesa Verde).
АНУ-ын Колорадо мужаас уугуул Анасази индианчуудын Меса Верде хотыг илрүүлсэн. Судлаачид Анасази индианчууд МЭ 600 оноос агуйн хот байгуулан амьдарч байсан бөгөөд тодорхойгүй шалтгааны улмаас 1300 аад онуудад орхин явсан гэж үздэг аж. Европчуудыг ирхээс өмнө хэдийн мартагдсан хотын балгас өнөө үед үлдэж хоцорсон байна.
17. Персеполь (Persepolis).
Эртний Персийн эзэнт гүрний төв болсон нийслэл хот Персеполис МЭӨ 6-р зуунд байгуулагдсан бөгөөд уран барилга, байгууламж, үзэмж төгөлдөр, худалдаа наймаа, баян тансагаараа алдартай байжээ. Харамсалтай нь Македоны Аугаа Александр МЭ 331 онд тус хотыг эзлэн эвдэн сүйтгэж, шатаажээ. Тус хотын тухай анх 1320 онд Монголын Юан гүрэнд очихоор явж байсан Ромын Папын элч Одорик сонсож замын тэмдэглэлдээ бичсэн байна. Дараа 1474, 1602, 1606 онуудад Европчууд очиж, энэ хотын тухай ном, тэмдэглэлд бичиж байжээ. Хожим 1800-1900 онуудад их бага хэмжээгээр ухаж гаргасаар байжээ. Харин шинжлэх ухааны үндэстэй малтлагыг Чикагогийн их сургуулийнхан 1930 онооос эхлэн 8 улирал хийжээ.
16. Лептис-Магна (Leptis Magna).
Одоогийн Ливийн Хомс хотын нутаг дэвсгэрт байгаа Лептис-Магна хот бол Ромын эзэнт гүрний хамгийн алдартай хотуудын нэг байжээ. МЭӨ 1000 онд үндэс сууриа тавьсан Лептис-Магна хот Септимус Северус эзэн хааны үед Газрын дундад тэнгис, Хойд Африкийн худалдаа наймаа цэцэглэн хөгжсөн баян хот байсан ба МЭ 642 онд харийнханы довтолгоонд сүйтгэгдэж орхигджээ. 1816 оноос эхлэн малтан гаргаж эхэлсэн байна.
15. Ургенч (Urgench).
Ургенч хот Узбекстаны Амударья мөрний эрэгт байрлаж байжээ. Хорезмийн эзэнт улсын худалдааны төв хот нь 12-13-р зуунд дундад Азийн хамгийн баян тансаг, үзэмж төгөлдөр хот байсан. Чингис хааны хилэнг хөдөлгөснөөр түүний их цэрэг 1221 онд уг хотыг эзлэн түйвээсэн.
14. Вижаянагара (Vijayanagara).
Энэтхэгийн Вижаянагарын эзэнт гүрний хот МЭ14-16-р зуунд оргил үедээ 500,000 хүн ам оршин суудаг дэлхийн аварга хотуудын нэг байжээ. Үүгээрээ Бээжин хотын дараа хоёрт орох хот гэж үзэж байгаа. Хот лалын дайчдын /Деккан султан/ довтолгоонд өртөж тэдний ялалтаар өндөрлөснөөр эзэнт улс нь унаж хот бүрэн устгагджээ. Өнөөгийн Пакистан улсад хамаарах Вижаянагара хотын нэрийг орчуулбал “Ялалтын хот” гэсэн нэртэй тухайн цагийн Энэтхэгийн болоод дэлхийн хамгийн цэцэглэн хөгжсөн хүчирхэг, баян тансаг хот байжээ.
13. Калакмуль (Calakmul).
Калакмуль хот нь Тикалийн дарангуйлалыг эсэргүүцсэн Маяагийн соёл иргэншлийн хамгийн том баян хүчирхэг хотуудын нэг байжээ. МЭ 695 онд Маяагийн улс унагахад хүргэсэн Тикалийн ноёрхлын үед 50,000 хүн амтай байсан хотын оршин суугчид нь дүрвэн улмаар эзгүйрч мартагдсан ажээ. Энэ хотыг өнөөгийн Мексикийн Кампечегийн ширэнгэн ойд нуугдаж орхигдсон байсныг олж илрүүлсэн байна. Тэгэхдээ 1931 оны 12-р сард Маяагийн Чичин Итза /Chichen Itza/ пирамидыг эхлэн олсон байдаг. Улмаар малтлагын явцад бүхэл бүтэн хот байгааг мэдсэн.
12. Пальмира (Palmyra).
Пальмира хот нь Персийн ба Газар дундын тэнгисийн хооронд оршдог Ромын эзэнт гүрний баян хот байжээ. Өнөөгийн Сирийн газар нутаг дээр байсан уг хот нь МЭ 212 онд Сассанидийн эзэнт улс Тигр болон Евфрат мөрний нутагт цөмрөн орсны дараагаас бууран доройтох болжээ. Улмаар МЭ 634 онд Муслим шашинтай Арабуудад эзлэгдснээр жижиг баян бүрд болон хувирчээ. МЭӨ 2-р мянган жилд байгуулагдсан хот маань түүхийн цаг хугацаанд олон эзэнт улсуудын довтолгоонд сүйдэн эзэмшилд нь ээлж дараалан 4000 жил оршин байсаны эцэст 1929 онд бүрмөсөн хүн амьдрахгүй болон хаягдсан байна.
11. Ктесифон (Ctesiphon).
Энэ хот нь зургаан зууны турш дэлхийн хамгийн том хотуудын нэг байж иржээ. Өнөөгийн Иракийн нутаг дэвсгэрт Тигр мөрний эрэгт оршдог Ктесифон хот эртний Месопотамын, дараа нь Ромын эзэнт улсын, хожим Византийн гүрний алдартай хот байсан ба МЭ 637 онд лалын шашинт Арабууд байлдан дагуулснаас эхлэн хот эзгүүрч улмаар “сүнстэй хот” хэмээгдэн балгас болон орхигджээ. Византийн эзэнт улс эргүүлэн авахаар удаа дараа тулалдаж байжээ.
10. Хвалси (Hvalsey).
Хвалси нь МЭ 985 онд байгуулагдсан Гренланд дахь Викингчүүдийн хамгийн том гурван суурингийн нэг байжээ. Тэд бол Исландаас ирсэн Норвегийн фермерүүд, тариаланчид байсан ажээ. Энэ хотын оршин суугчид нь 4000 гаруй хүн амтай байсан гэнэ. 14-р зуунаас Гренланд дахь барууны суурингууд задран унах болсноор энэхүү суурин мөн задран бутарч оршин суугчид нь дүрвэн явцгаажээ. Тэгээд гурван зууны турш мартагдаж 1721 онд Данийн худалдааны аялалынхан эрэгт бууснаар илрүүлж улмаар Гренланд Данид хамаарах болсон.
9. Ани (Ani).
Ани хот МЭ 5-р зуунд Армений хамгийн алдартай хотуудын нэг байжээ. 961-1045 онуудад нийслэл хот нь ч хүртэл байсан байна. Хотод дундад зууны үеийн гайхалтай архитектуртай маш олон сум дуганууд баригдсан байжээ. Хотыг өөрөөр “1001 сүмийн хот” гэж өргөмжлөн нэрлэдэг. Харамсалтай нь 1319 онд болсон газар хөдлөлтөөс сүйдэж 100-200 мянган оршин суугчтай байсан хотын иргэд дүрвэн явцгаажээ. Ингэснээр түүхийн янз бүрийн ээдрээтэй цаг хугацаанд олон зууны туршид мартагджээ. Армены хилд ойрхон өнөөгийн Турк улсын Карс мужийн нутагт байгаа Ани хотыг 19- зууны эхний хагаст Европын аялагчид жуулчид хэвлэл мэдээллийн сэтгүүлүүдэд бичиж мэдээлснээр дэлхий нийт анхаарлаа хандуулах болжээ.
8. Паленке (Palenque).
Мексикт байдаг Паленке хотоос Маяагийн соёл иргэншлийн гайхалтай уран барилгын архитектурыг харах болно. Маяагийн жижиг хотуудын нэг Паленке МЭ 600-800 онуудад оршин тогтнож байсан аж. Харин 8-р зуунаас хүн ам буурч улмаар ширэнгэн ойд бариулан мартагджээ. Судалгаачид олдворуудыг судалж үзээд МЭӨ 226 онд хүн суурьшиж байсныг тогтоожээ. Холивудын алдарт жүжигчин Мел Гибсоны найруулсан нэгэн киноны тахил өргөдөг хэсгийг энэ хотын пирамидад авчээ.
7. Тиуанако (Tiwanaku).
Боливийн Титикака нуурын зүүн өмнөд эрэг дээр оршдог байсан Тиуанако хот МЭӨ 300-аас МЭ 300 онуудад оршин тогтнож 30,000 хүртлэх хүн амтай алдар нэртэй хот байжээ. Инкүүдийн соёл иргэншлийг илтгэсэн улс төр, эдийн засгийн төвөөр 5 зууны туршид байсан хот цаг агаарын гэнэтийн өөрчлөлтийн улмаас оршин суугчид нь дүрвэн явцгаасаар 10-р зуун гэхэд бүрмөсөн мартагджээ. Харин 1549 онд Испанийн эрдэнэс хайгч судлаач Инкүүдийн нийслэл Кулласюүг хотыг хайж байгаад Тиуанако хотыг туурийн анх олжээ. Судлаачид энэ хотын үлдэгдлээс археоастронимикал аргын үндсэн дээр МЭӨ 15 мянган жилийн өмнө хүн амьдарч байсныг тогтоожээ.
6. Помпеи (Pompeii).
Ромын эзэнт гүрний хот Помпей МЭ 79 оны 08-р сарын 24–нд болсон Везуви галт уулын дэлбэрэлтээр лав үнс нурманд бүрэн дарагдан 1500 орчим жил мартагдсан. Тус хотыг ном сударт тэмдэглэгдсэн зэргээс судлан 16-р зуунд олж мэджээ. Харин 18-р зуунд цуврал малтлагуудын дараа гаргасан. МЭӨ 6-7-р зуунд байгуулагдсан хотыг дарагдахдаа 20,000 хүн амтай байсан гэж үздэг.
5. Теотиуакан (Teotihuacan).
Мексикийн хөндийд байрладаг эртний хот Теотиуакан МЭӨ 2-р зуунаас эхлэн байгуулагдсан байна. Гол бүтээн байгуулалт нь МЭ 250-иад онуудад боссон гэж үздэг гэнэ. Ацтекуудын зан үйл, шашин мөргөлийн гол газраар ашиглаж байсан уугуул индианчуудын уг хотын хүн ам 6-р зууны үеэс огцом буурах /550 онд шатсан/ болжээ. Гэвч 7-8-р зуун хүртэл хүмүүс оршин суурьшиж байсан гэж үздэг. Европынхнийг ирэхээс өмнөх 1-р мянганы хамгийн том хотод 125,000 хүн оршин суудаг байсан гэж тооцдог ажээ. Хотыг анх 17-р зуунаас пирамидыг /Дэлхийн хамгийн том “Нарны” пирамид/ тойруулан малтлага хийж эхэлснээр илрүүлсэн.
4. Петра (Petra).
Петра бол эртний Набатаен хаант улсын нийслэл хот. Өнөөгийн Иорданийн Вади Муса хавцалд байдаг хот МЭӨ 3-р үуунд байгуулагдаж эхэлсэн гэж үздэг. Петра хавь орчмоос МЭӨ 7000 жилийн тэртээх хүн амьдарч байсныг батлах эд өлгийн зүйлс олдсон байна. Эртний аварга хот маань дорноос ирэх торго, халуун ногоо зэргийн наймаалцдаг гол газар байжээ. Газар хөдлөлт уг хотын усны системийг устгаснаар оршин суугчид дараагийн хоёр зуунд дүрвэн явцгаасаар мартагджээ. 1812 онд Швейцарийн аялагч илрүүлж дэлхий дахинд сонордуулжээ.
3. Тикаль (Tikal).
Маяагийн иргэншлийн энэ хамгийн том хот МЭ 200-900 онуудад оршин байжээ. Хотын хүн амын тоог 100,000-200,000 хооронд хэлбэлзэж байжээ гэж тооцоолдог. Өнөөгийн Гветемал улсын нутагт байдаг Тикал хот шатсанаар 850-930 онуудад ихэнх оршин суучдаа алдаж хот эзгүйрэн улмаар мартагджээ. Архелогийн малтлагын дүнд тус хотоос МЭӨ 4-р зуунд хамаарах баримтууд олжээ. МЭ 4-р зуунд Тикал нь Теотиуаканыг байлдан дагуулж байсан нотолгоо байдаг.
2. Ангкор (Angkor).
Камбожийн шашны төв байсан асар том ариун сүмийг /хот/ МЭ 9-15 зуунд байсан Кхмерийн хаант улсын үед барьж босгожээ. Кхмерийн эзэнт улсын улс төр, шашин, эдийн засгийг төв хот байжээ. Дэлхийн хамгийн том шашны байгууламж байсан энэ хотыг “Анкор бат” гэдэг нэрээр нь дэлхий нийт мэднэ. Хамгийн хүчирхэг үедээ 1 сая оршин суугчтай байсан Анкор хотыг Тайчууд довтолсноор хот сүйдэж, оршин суугчид дүрвэн явцгааж улмаар 15-р зуунаас эзгүйрэн мартагджээ. 1870 онд Францын жуулчин аялагч нар илрүүлж 19-р зууны сүүлээс малтлагын ажлаа эхлүүлсэн байдаг.
1. Мачу-Пикчу (Machu Picchu).
Энэ хот нь дэлхийн хамгийн алдартай мартагдсан нууцлагдмал хот юм. Урубамба хавцлын оройд байдаг хотын туурийг Хавайн түүхч Хирам 1911 онд илрүүлжээ. Өнөөгийн Перу улсын нутагт байдаг Инкүүдийн “Мартагдсан хот” буюу Мачу Пикчу нь өндөр уулын оройд /2434 м өндөрт/ эргэн тойрон битүү ширэнгэ ойтой үл үзэгдэх газар байрладаг. Тус хотын 1450 онд байгуулсан гэж үздэг бөгөөд 100 гаруй жил байсныг эцэст 1540 онд Испанийн колончлогчид ирснээр хүмүүс нь дүрвэж 400 зууны турш мартагдсан байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...