2023 ОНЫ ”ХАР ЖАГСААЛТ”-Д ХУУЛЬ ЗӨРЧСӨН 107 КОМПАНИЙГ ОРУУЛАХААР ШАЛГАЖ БАЙНА
- schedule 2023 оны 9 сарын 22
- chat_bubble 0
Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл хөтлөх ажиллагааны явцыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн 107 компанийг 2023 онд “хар жасгаалт”-д оруулахаар хяналт шалгалт хийж байна. Мөн гүйцэтгэгчээс гадна захиалагч талын хариуцлагыг нэмэгдүүлэх, тендерт шалгарч ажлаа сайн гүйцэтгэсэн компаниудыг “цагаан жасгаалт”-д оруулдаг болох шаардлага байгаа зэргийг хэлэлцээд тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл хөтлөлтийг эрчимжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгав. Мөн худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан, илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн аж ахуйн нэгжийн мэдээллийг холбогдох нотлох баримт, мэдээллийн хамт худалдан авах ажиллагааны улсын байцаагч нарт хүргүүлэхийг захиалагч нарт даалгалаа.
Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч удирдамж гаргаж 60 хүртэл хоногийн хугацаанд хяналт шалгалтыг хийх ба Захиргааны ерөнхий хуульд нийцүүлж нотлох баримт бүрдүүлэх, эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийг тодорхойлж, сонсох ажиллагаанд оролцуулах, хуульд заасан нөхцөл үүссэн тохиолдолд дүгнэлт гаргадаг. Иргэн, хуулийн этгээд дүгнэлттэй холбоотойгоор Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гомдол гаргах, цаашлаад Захиргааны хэргийн шүүхэд хандах эрхтэй ба гомдол гараагүй тохиолдолд Сангийн сайдад саналаа хүргүүлж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулна.
Энэ хүрээнд 2019 онд 16, 2020 онд 15, 2021 онд 16, 2022 онд найм, 2023 онд 11 компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэж худалдан авах ажиллагааны систем /www.tender.gov.mn/ болон Сангийн яамны /www.mof.gov.mn/ цахим хуудсаар олон нийтэд мэдээлсэн байна.
ТОДРУУЛГА: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуй нэгжүүдийг Сангийн сайдын тушаалаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл” буюу "хар жагсаалт"-д бүртгэдэг байна.
2020 онд нийтдээ 3 компани, 2021 онд 16 компани уг жагсаалтад бүртгэгдсэн байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...