Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ НЭН ЯАРАЛТАЙ СОЁРХОН БАТЛАХ НЬ МАНАЙ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ
- schedule 2025 оны 3 сарын 20
- chat_bubble 0
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрс худалдах, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хуралд өргөн барилаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Олон улсын худалдааны нөхцөл хүндэрч тэр дундаа БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл буурч, нүүрсний хэрэглээ багасч байна. Үүнээс үүдэн манай улсын гол нэрийн экспортын бүтээгдэхүүн болон нүүрсний үнэ унаж байна. Ийм үед Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээрийг нэн яаралтай соёрхон батлах нь манай улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхээр байна. Тиймээс Улсын Их Хурлын хаврын чуулганы эхэнд хэлэлцээрийг соёрхон баталж, бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлэх боломж олгоно гэдэгт итгэлтэй байна. УИХ соёрхон баталвал бүтээн байгуулалтын тендерийг энэ 3-р сард зарлаж, 2027 онд багтаан дуусгана.
Энэ хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улс, БНХАУ хооронд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох, баруун, зүүн тэнхлэгийн төмөр замын төсөл хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Хамтарсан Засгийн газар улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж, хувийн эрх ашигт боомилогдсон хөгжлийн мега төслүүдээ урагшлуулж, хурдтай хөгжлийн төлөө зориг гарган ард иргэдийнхээ язгуур эрх ашгийг дээдлэн ажиллах болно гэдгээ дахин илэрхийлье.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...