Долоон бурхан гэдэг яг юу юм бол..?
- schedule 2013 оны 10 сарын 6
- chat_bubble 0
Ер нь “Долоон бурхан” буюу зарим нь “шанага долоо” хэмээн нэрлэдэг хойт шөнийн тэнгэрт тод харагдах оддын тухай хүмүүс маш их асуудаг тул энд дэлгэрэнгүй нэг мөр тайлбар бичье гэж бодлоо.
Эртний хүмүүст мэдээж оддыг судлах багаж төхөөрөмж, арга барилын аль нь ч байсангүй тул тэдний хамгийн түрүүнд хийсэн ажил нь шөнийн тэнгэрт байршилаа өөрчилдөггүй мэт харагдах хэдэн 1000 оддыг харагдах байдлаар нь олон хэсэгт хуваасан явдал юм. Монголчууд бид хүн 5 одны, маралын одны, үхрийн одны гэх мэтээр нийт тэнгэрийг баахан одны ордонд хуваасан бол дэлхий дээрх өөр янз янзын соёл иргэншилүүд өөрсдийнхөөрөө янз янзаар нь мөн олон одны ордуудад хуваасан байдаг. Одны орд нь тэнгэрийн нэг хэсэгт орших хэсэг оддыг бидэнд харагдах хэлбэр дүрсээр нь хүмүүсийн өөрсдийн зохиосон домог зохиолтой холбож нэрлэсэн нэршилүүд болохоос биш яг аль нэг одны ордны одод нь бүгдээрээ хоорондоо эсвэл тэр домог, итгэл үнэмшилтэй нь ямар нэгэн физик холбоо сүлбээтэй гэсэн юм байхгүй, зүгээр л хүмүүсийн зохиосон зүйл юм. Долоон бурхан буюу шанага долоо одны орд маань ч гэсэн тэнгэрийн хойт хэсэгт шанага хэлбэртэй харагддаг 7 оддыг нийлүүлээд Монголчуудын зохиож нэрлэсэн нэршил юм.
Ингэж оддыг тэнгэрт харагдах байдлаар нь хувааж ангилах нь хэдэн 1000 оддыг жаахан “замбараанд” оруулж, тэнгэр дээрх байршилыг дүрслэхэд ашиглагдана уу гэхээс биш өөр онцын ач холбогдолгүй. Өөрөөр хэлбэл газар нутгаа хэсэгүүдэд хувааж ангилахтай нэг бодлын төстэй зүйл юм, жишээ нь Монгол улс дотроо 21 аймагтай гэдэг шиг (гэхдээ мэдээж газар нутгийг улс мужаар нь хуваарилсан ангилал нь цаанаа түүхэн болон газар зүйн учир шалтгаантай, харин тэнгэрийн одны ордны хуваарилалтанд эртний домог зохиолоос өөр учир шалтгаан байхгүй).
Гэхдээ ийм түүхэн уламжилалтай учираас өнөөдөр шинжлэх ухаанд эртний хүмүүсийн ангилсан байдлаар нь тэнгэрийг хувааж ангилсан хэвээрэй. Мэдээж тэнгэр дээрх цэгийн байршилыг илэрхийлэхдээ тусгай тэнгэрийн координатыг хэрэглэх боловч хажуугаар нь “түүхээ бодоод” заавал аль одны орд гэдгийг хэлдэг. Олон улсын одонорны холбооны баталсанаар ихэвчлэн эртний Грекчүүдийн ангилалын дагуу тэнгэрийг 88 одны ордонд хуваадаг. Шөнийн тэнгэрийн тэрхүү 7 тод одыг Монголчуудаас гадна өөр олон соёлд янз янзаар нэрлэж ирсэн боловч энэхүү олон улсын одонорны холбооны баталсан стандартын тэнгэрийн зурагт долоон бурхан маань Ursa Major хэмээх одны ордны нэг хэсгийг л бүрдүүлнэ.
Эртний грекчууд шанага долоогийн оддыг ойр орчмынх нь бусад ододтой нийлүүлээд байвгайн хэлбэр үүсгээд түүнийгээ том байвгай буюу Ursa Major одны орд хэмээн нэрлэдэжээ.
Энэ стандартын дагуу аливаа одны ордны оддыг хамгийн тодоос нь эхлэн Грекийн цагаан толгойн дагуу нэрлэнэ – долоон бурханы хамгийн тод одыг Ursa Major, түүний дараачийн тод одыг нь Ursa Major гэх мэтээр нэрлэнэ. Жишээ нь, Ceti нь Ceti хэмээх одны ордны 4 дэхь хамгийн тод од гэсэн үг. Монголчуудын хувьд аливаа одны ордны хамгийн тод одыг нь л тусгайлан гялаан гэж ангилдаг байсан, жишээ нь маралын одны ордны хамгийн тод одыг “маралын гялаан” гэх мэт. Шанага долоогийн оддыг ийм байдлаар яаж нэрлэдгийг доорх зургаас үзнэ үү.
Долоон бурхан буюу шанага долоогийн оддыг олон улсын одонорны стандартын дагуу нэрлэсэн байдал. Одны нэрний хажуудах тоо нь тухайн од хүртэлх зайг гэрлийн жилээр илэрхийлнэ.
Аливаа од биднээс хол оршдог хирнээ маш тод эсвэл аврага том хэмжээтэй бол тэнгэрт тод харагдана, эсвэл бидэнтэй маш ойрхон оршдог хирнээ өөрөө маш жижиг бүдэг бол тэнгэрт тод харагдахгүй. Тиймээс тэнгэрт тод харагддаг одыг шууд бидэнтэй ойрхон болхоор тэр гэж ойлгож яавч болохгүй юм. Дээрх зурган дээр харж байгаачлан долоон бурханы альфа болон эта од нар нь биднээс бусадтайгаа харьцангуй нилээн хол оршдог байхад, нөгөө 5 од нь бүгдээрээ биднээс ойролцоогоор 80 гэрлийн жилийн зайд байна. Судлаачидын олж тогтоосноор энэ зурган дээр тэмдэглэгдээгүй ч энэ тэнгэрийн хэсэгт оршдог өөр хэдэн 10 одод нь мөн ойролцоогоор 80 гэрлийн жилийн зайд оршдог бөгөөд бүгдээрээ ижилхэн химийн хольцтой, маш ойролцоо настай мөн бүгдээрээ ижил зүгт харьцангуй хөдөлгөөн хийдэг байна. Тиймээс эдгээр одод нь бүгдээрээ одоогоос 300 гаруй сая жилийн өмнө нэгэн зэрэг нэг аврага том молекулан үүлнээс нээлттэй оддын бөөгнөрөл маягаар үүсээд одоо бөөгнөрөл нь задрах шатандаа явж байгаа хэмээн үзэгддэг.
Тэхээр долоон бурхан буюу шанага долоо гэдэг маань зүгээр л Монголчуудын тэнгэрийн нэг хэсэг дахь оддыг харагдах хэлбэрээр нь домог зохиолтой холбон нэрлэсэн нэршил төдий юм. Олон хүний гайхаж асуугаад байдаг шиг янз бүрийн гойд ер бусын эсвэл өнөөдрийн бидний мэдэдгүй зүйлийг эртний Монголчууд мэдчихээд долоон бурхан гэж нэрлэсэн энэ тэр гэсэн юм байхгүй.
Магадгүй долоон бурханы одны ордны хүмүүст хамгийн хэрэгтэй зүйл нь хойт тэнгэрийн туйлын ойролцоо орших алтангадас одыг олоход ашиглагдаж болох явдал юм. Доорх зурган дээр харуулж байгаачлан, долоон бурханы болон оддын хоорондох зайг барагцаалан хойт зүгрүү 4 дахин сунгахад алтангадас одны ойролцоо буух болно.
Долоон бурхан одны ордыг ашиглаад алтангадас одыг олж болно.
Хүмүүс бас алтангадас одыг гойд онцгой од гэж бодоод түүний талаар их асуудаг. Дэлхийн тэнхлэгээрээ эргэх эргэлтээс үүдээд өдөр шөнө солигдож мөн шөнийн тэнгэр дахь алтангадасаас бусад одод дэлхийг тойрж буй мэтээр бидэнд харагддаг. Тэгвэл алтангадас нь дэлхийн эргэлтийн тэнхлэгийн хойт тэнгэртэй огтлолцох цэгтэй харьцангуй ойрхон оршдог тодовтор од юм, тиймээс л хэрвээ та шөнжингөө одны хөдөлгөөнийг ажиглаж зогсвол бүх одод алтан гадасыг тойрж эргэж буй мэтээр бидэнд харагдана. Одоогийн энэ байршилаас нь өөр гойдож гоцгоорох юм олон хүний бодоод байдаг шиг энэ одонд байхгүй харамсалтай нь. Тэрхүү тэнгэрийн хойт туйль нь дэлхийн эргэх тэнхлэгээс л дангаараа шалтгаалах учир хэдэн 1000 жилийн явцад энэ тэнхлэгийн хазайлт өөрчлөгдөхөд тэнгэр дахь одод алтангадасыг бус өөр одыг тойрж буй мэтээр ажиглагдана.
Дашрамд АНУ-ийн Аляска муж улсын туг нь ийм хэлбэртэй байдаг юм байна.
Эх сурвалж: http://odonoron.wordpress.com
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...