ӨНӨӨДӨР ЯЛАЛТЫН БАЯРЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
- schedule 2024 оны 5 сарын 9
- chat_bubble 0
Аугаа их Эх орны ялалтын 79 жилийн ойн баяр тохиож байна. 1945 оны тавдугаар сарын 9-нд зургаан жил үргэлжилсэн дэлхийн II дайн дуусч нацист Герман бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан тэр өдрийг хүн төрөлхтнийг дайны аюулаас аварсан "Ялалтын өдөр" гэж жил бүр тэмдэглэдэг билээ.
НҮБ-ын шийдвэрээр тавдугаар сарын 9-нийг дэлхийн II дайны дурсамж, эвлэрлийн өдөр болгосон бол Орос улсад дайнаас эргэж ирээгүй төрөл төрөгсдөө гэр бүл нь дурсан санаж, Парист Францын төрийн тэргүүн нэр нь тодроогүй цэргийн булшинд цэцэг өргөн, цэргийн анги ёслон жагсдаг байна. Германд энэ өдрийг нацизмаас чөлөөлөгдсөн өдөр хэмээн хүндэтгэн тэмдэглэдэг.
Эх орны дайнд тэр үеийн ЗХУ хамгийн их хохирол амсаж, 27 сая хүний алтан амь үрэгдэж, том жижиг 1710 хот, 70 мянга гаруй тосгон суурин бүрэн болон хагас нуранги болж, 32 мянга орчим үйлдвэр аж ахуйн газар, 98 мянган сангийн аж ахуй, 1876 хамтрал шатаж, нурж сүйджээ.
Дайны жилүүдэд Монголын ард түмэн 740 гаруй вагоноос бүрдсэн 6 удаагийн бэлгийн цувааг фронтод хүргүүлж байсан юм. 1941 оны ХI сард Улаан армид зориулан Монголын ард түмний хуримтлуулсан бэлгийн анхны цувааг илгээсэн бөгөөд түүнд 15000 цэргийг хувцаслах нэхий дээл, эсгий гутал, үстэй бээлий, нэхий хантааз, цэрэг бүс, 6000 ширхэг ноосон цамц, 440 нэхий хөнжил зэрэг зүйл оржээ.
Монголын ард түмэн дайны жилүүдэд фронтод зориулан 485,000 агт сайн морио нийлүүлж малчин ардууд 32,5 мянган адуугаа ЗХУ-д бэлэглэж байжээ. Орос цэргүүд монгол морийг өхөөрдөж “монголка” гэж нэрлэдэг байсан бөгөөд дайны үеийн зургаан морин дивизийг хангахад хүрэлцэж байжээ.Москва хотын төвд хүнд замыг туулж Берлин хүрсэн монгол морьдод зориулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөө баригдсан билээ.
Иймд уг өдрийг жил болгон өргөн дэлгэр тэмдэглэж хүндэтгэл үзүүлдэг бөгөөд 2023 онд Москва хотын Улаан талбайд цэргийн парад болж 8000 гаруй цэрэг оролцож байсан түүхтэй.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...