Алт мөнгийг үнэлж болно, харин хаш чулууг үнэлэх аргагүй
- schedule 2013 оны 7 сарын 3
- chat_bubble 0
Үнэт чулууны чөлөөт бүс. Зүүн хойд Азийн хаш болон үнэт чулууны фестиваль Хятадын Дуннин хотноо болcон юм. Нээлтийн арга хэмжээнд хил залгаа улс орны төрийн холбогдох албан тушаалтнууд болон хятадын өндөг булан бүрээс ирсэн 2000 гаруй төлөөлөгч, бизнес эрхлэгчид ирэв.
Нээлтийн ажиллагаа болсон талбайн гол хэсэгт найман тонн хаш чулуугаар хийсэн бурхан багшийг залсан нь олны анхаарлыг өөрийн эрхгүй татаж байлаа. Юугаараа баян түүгээрээ хийж дээ гэсэн бодол төрлөө. Тус мужийнхан дэлхийн зах зээл дээр өрсөлдөх гарц нь яах аргагүй үнэт чулуулаг нь учраас түүнийгээ таньж мэдүүлэх гэж хичээж буй нь илт байлаа.
Хойд Солонгос, ОХУ-ын Хабаровск хоттой хиллэдэг энэхүү хотын хүн ам нь 20 гаруйхан мянга гэж байсан. Чөлөөт бүс нутаг учир аянчин гийчин ихтэй. Хотынхоо хаяг, чимэглэлээ орос үг оролцуулан хийснээс нь харахад тэдний гол гийчин нь оросууд аж. Арга ч үгүй юм уу даа. 11-хэн км-ийн цаана орос орон байгаа хойно доо. Үнэт чулууны бизнес эрхлэгчид энд л цуглаж хайсан бүхнээ олдог гэх үү дээ. Тэр дундаа хаш чулууг.
Хаш чулуу тэнд их үнэтэй юм. Тэд “Алт мөнгийг үнэлж болно, харин хаш чулууг үнэлэх аргагүй” гэлцдэг юм билээ. Тиймээс ч хаш чулуугаа дээдлэн шүтэж чимэг зүүлт болгон хэрэглэдэг. Тиймээс ч энэхүү фестивалийн үеэр хэдэн тонноор хэмжигдэх хаш чулууг болон хэдэн сар жилээр хийж урласан чулуун зүүлтүүдийг дуудлагаар худалдсан юм.
Дуудлагын худалдаа Дуннины урдаа барьдаг томоохон зочид буудалд болов. Дуудлагаар худалдах бүтээлийн зургийг дуудах анхны үнийн хамт нийтэлсэн танилцуулгыг тус тусад нь томоор хэвлэн буудлын үүдэнд арга хэмжээ эхэлсэн цагаас хойш байрлуулсан. Үзүүштэй сайхан бүтээлүүд байна билээ. Харин дуудлагын худалдаа болохын өмнө тараасан танилцуулга дээр тухайн бүтээгдэхүүний хэмжээ уран бүтээлчийнх нь нэр зэрэг нь байна билээ. Өнөөх сайхан бүтээлүүд арав хорьхон грамм жинтэй жижигхэн эд байсан гэвэл яахав. Зарим нь бүр гурав, дөрөвхөн грамм гээч. Ийм бүтээгдэхүүнийг ихэвчлэн 2 500-3 000 юаниас эхлэн дуудан худалдав. Усан хээтэй, зарим нь ямар нэг амьтны дүрс бүхий тэр ч бүү хэл байцааны дүрстэй зүүлт ч байгаа харагдсан.
Байгалиасаа цагаан дээр гүн шаргал, цагаан дээр тас хар өнгийн толботой гэлтэй хаш чулууг өнгөнийх нь онцлогийг харуулан дахин давтагдашгүй бүтээл урласан нь олны анхаарлыг ихэд татаж байгаа харагдсан.
Хятадын гангар, будаатай шаазан адил нимгэн, хээтэй, хаш аяга, цагаан хаш чулуун нарийхан зүүлт, тамганы суурь, амьд мэт чамин хийцтэй бадам лянхуа цэцгийг урласан харагдана. Дуудлагын худалдаанд бүсгүйчүүд илүүтэй ирсэн харагдсан. Тэдэнд үнэ нь ч боломжийн санагдав уу дуудлагын худалдаанаас хэд хэдээр нь гоёлын зүйлт худалдан авч байгаа харагдсан. Тэд ч бүтээлээ үнэлж, үнэлүүлж сурсан ард түмэн юм аа.
Дуннин хотод Хятад Оросын худалдааны төв гэж бий. Ер нь бол худалдааны гудамж л даа. Энэхүү гудамжаа нээгээд удаагүй бололтой засмал зам нь биднийг очиход шинэхэнээрээ байсан юм. Гудамжны гадна байрлах лангуун дээр гарын бугуйвч, зүүлт зэргийг 10-20 юаниар борлуулж байх юм. Ажиглавал гаднах хайрцаг нь жаахан тааруухан болохоос сайхан л бүтээгдэхүүн харагдсан. Харамсалтай нь хуурамч эд болоод ийм хямд байгаа гэнэ. Жинхэнийг нь хуурамчаас ялгахын аргагүй хийсэн байна билээ. Намайг тухайн лангуу руу ойртон зураг авах үед хамт явсан хүн маань “...энэ бол дууриамал чулуу” хэмээн тайлбарлав. Түүнийг авах нэгэн байна. Харин жинхэнэ бүтээлийг худалдах лангуу нь барилга дотор байрладаг юм билээ. Үнэт чулууг байгаагаар нь бас худалдаална. Чулууны жинхэнэ өнгийг харуулахын тулд ус цацаж, гэрэл тусгаж үздэг юм билээ. Сэтгэлдээ хүрсэн чулуугаа жинлээд үнэ тохиролцон авдаг.
Худалдааны танхимд ороход биднийг гүн ногоон өнгийн хаш чулуугаар хийсэн бурхад угтлаа. Өндрөөшөө 30 см хэртэй эдгээр 18 бурхан яах аргагүй төгс бүтээл байсныг дурдалгүй өнгөрч болохгүй. Бурхадын хажууд ямар нэгэн амьтан байгаагаар бүтээжээ. Зарим нь сармагчин, муур зэрэг амьтныг элбэж, арслан барыг зайдалсан харагдав.
Заал руу ороход олон орны, олон ордын хаш болон пийсүү бусад эрдэнийн чулуугаар хийсэн гоёл чимэглэлийг тус тусын лангуун дээрээ худалдаалж байв. Лангуун дээрээ хаягаа сайн тавьжээ. Худалдаалж буй бүтээгдэхүүний ихэнхийг энгэрийн зүүлт эзэлж байж. Энэ бүтээгдэхүүнийг голдуу цагаан болон цайвар ногоон хаш чулуугаар хийсэн харагдана. Мөн гарын бугуйвч, бөгж ихээр худалдаалж харагдсан. Хөгшин залуугүй л хаш чулуун зүйлтээр гоёдог юм байна. Тэрхүү зүүлтээ ихэвчлэн бор хүрэн өнгийн мяндсанд хэлхэн зүүсэн харагдсан. Зарим нь жимсний ясан хэлхээгээр гоёно. Түүнээс манайхан шиг алт мөнгөн гинж энэ тэр гэсэнгүй. Хэдий хэмжээний хөрөнгө мөнгө зарж авсныг нь чулууны бизнес эрхлэгчид хараад андахгүй.
Хуруу хэртэй өргөн ногоон хаш бугуйвч л гэхэд 28-32 мянган юанийн үнэтэй. Энэ нь манайхаар 5-6 сая төгрөг болж байгаа юм. Ийм үнэтэй бугуйвчийг худалдан авахаар олноороо бөөгнөрөн үзэж хараад байхыг нь яана. Ийнхүү цагаан хашаар 10, 20, 30 граммтай энгэрийн гоё хийж байхаар нэг сайхан хөөрөг хийдэг ч болоосой гэж бодогдсон шүү.
Хөөрөг үүссэн түүхийг олон янзаар тайлбарладаг. Хамгийн ихээр түгсэн мэдээлэл нь Хятдууд Монголын баячуудыг ядууруулахын тулд хамаг малыг нь заруулж чулуун хөөрөг болгож атгуулсан гэж ярьдаг. Гэтэл тэндэхийн томоохон үйлдвэрийн эзэд ер нь л энэ төрлийн бизнес эрхлэгчид хөөрөгний талаар ямар ч ойлголтгүй байсан. Хэрэв зэ хөөрөгний тухай ойлголттой бол тэд тэр их хашаар хөөрөг хийгээд л манай зах зээлд нийлүүлээд эхлэнэ биз дээ. Хөөргөөр тамхилахад эв хавгүйхэн авч эргүүлж тойруулан харж байгаад буцаагаад өгчихнө. Элдэв хээ угалзгүй болохоор ч тэр үү бүү мэд.
Г.Энхээ


























Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...