Банкуудын активын чанарын үнэлгээ хийх компанийг сонгон шалгаруулжээ
- schedule 2017 оны 8 сарын 25
- chat_bubble 0
ОУВС, Монгол Улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-өөр Монголын банкны салбарын эрсдэл даах чадварыг бодитоор тогтоож, үр дүнд нь үндэслэн бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай болсон.
Энэ хүрээнд бүх банкуудад “Активын чанарын иж бүрэн үнэлгээ” буюу AQR-ийг хийж, гүйцэтгэх, зөвлөх компанийг шалгаруулах олон улсын тендерийн үйл ажиллагааг ОУВС-гаас тавьсан шаардлага болон Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж дууслаа.
Тендерийн үнэлгээгээр PWC аудитын компанийн Чех улс дахь оффис шалгарсан бөгөөд тус компани нь олон улсын болон дотоодын мэргэжилтнүүд, туслан гүйцэтгэгчээс бүрдсэн, Актив болон барьцаа хөрөнгийн үнэлгээний чиглэлээр мэргэшсэн багийг бүрдүүлсний дээр үнэлгээний үе шат бүрийг Монголбанк, ОУВС-д тайлагнах үүрэг хүлээсэн.
Банкуудад хийх актив, барьцаа хөрөнгийн үнэлгээний аргачлал, нөхцөл болон хамрах хүрээг тогтооход бидний зүгээс тендерт шалгарсан компанитай тухай бүр хэлэлцээр, хэлэлцүүлэг хийж, Монголын банкны салбарын онцлог, үнэлгээний явцад үүсч болох хүндрэлийг харгалзан үзэх талаар тохиролцон ажлын гэрээнд тусгуулсан болно.
Хөтөлбөрийн хүрээнд тухайн улсын банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадвар, бодит төлбөрийн чадварыг тогтоох шаардлага тавигддаг. Санхүүгийн салбар нь эрүүл, тогтвортой байгаа оронд банкуудаас бодит секторт олгох зээлийн санхүүжилтийн урсгал тогтмол хийгдэж, эдийн засгийн өсөлтийг тэтгэж байдаг бол эрүүл бус санхүүгийн систем нь бодит салбарын санхүүжилтийг тасалдуулж, эдийн засгийг доройтуулах, санхүүгийн хямрал үүсгэх эрсдэлтэй байдаг. Ийм эдийн засаг, санхүүгийн хямрал үүсэхээс сэргийлэхэд AQR буюу Активын чанарын иж бүрэн үнэлгээний аргачлалыг авч хэрэгжүүлэх шаардлагатай байдаг.
Дахин тодруулж хэлэхэд, энэ аргачлал нь санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг бодитоор тогтоох зорилготой юм. Үнэлгээний үр дүнд үндэслэн банкны салбарыг эрүүлжүүлэх хариу арга хэмжээ буюу бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг өргөн хүрээнд авч хэрэгжүүлснээр бодит секторт хүрэх зээл, санхүүжилтийн урсгалыг тогтворжуулж, харилцагчид, хөрөнгө оруулагчдын банкны салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн өсөлтийг тэтгэж, гадаад өрийн дарамт буурах боломж бүрдэнэ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...