Гүн эмгэнэл илэрхийлье
- schedule 2015 оны 11 сарын 2
- chat_bubble 0
/1974-2015/
Бидний хайр хүндэтгэлийг хүлээсэн, хамтран зүтгэгч, дотны минь анд Дашдэлгийн БАТДЭЛГЭР нь 2015 оны арваннэгдүгээр сарын 1-нд зуурдаар нас барж бидэнд том гарз тохиолоо.
Цэл залуухан, эрүүл саруул түүнийгээ энэ хорвоог орхин одсон тухай сонсоод сэтгэл гунигаа даахгүй, эмгэнэн гашуудаж сууна даа хамт олон чинь. Харууслын нулимс цаанаа л нэг гашуун юм. Арга ч үгүй биз дээ.
Өрх тусгаарлаж, үр хүүхдээ үлдээж амжилгүй юунд ингэж яарсан юм бол доо.
Эрхэм анд минь даруу төлөв, хэн хүнд байдаггүй сайхан сэтгэл, үнэнч зантай, хэлсэндээ хүрдэг нэгэн байсан юм. Төв аймгийн Батсүмбэрт суурь боловсролоо эзэмшиж, Монгол Улсын Зах зээлийн коллежийг “Бизнесийн удирдлага” мэргэжлээр бакалаврын зэрэгтэйгээр /1991-1995/ төгссөн.
Анд минь их уншиж, ихийг тунгаан боддог нэгэн байсан юм.
“Хүрэл интернэшнл” ХХК-д менежерээр ажиллаад даруй 20 орчим жил болжээ. Түүнээс 15 жилд нь компанийн салбар нэгж болох долоо хоног тутмын “Бизнесийн мэдээ” сонин, WWW.MGLNEWS.MN сайтад үр бүтээлтэй сайн ажиллаж ирсэн. Энэ хугацаанд ажлын шаардлагаар өөрөө бие даан англи болон орос хэл сурч орчуулга хүртэл хийдэг байлаа. Техникийн хэлэндээ сайн түүнээс мэдэхгүй зүйлээ асуухад хариулт нь бэлэн байдагсан.
Талийгаачаа бид гэгээнээр дурсан санах болно.
Түүнгүйгээр өнгөрөөх он жилүүд хэн хүнд хүндхэн байх нь гарцаагүй.
Талийгаачийнхаа аав, ах, дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.
“Хүрэл интернэшнл” групп
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...