Оюутны 70 мянгыг зогсоож, гадаадын их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт шинээр оюутан хамруулахгүй
- schedule 2016 оны 8 сарын 23
- chat_bubble 10
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.08.23/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн мэдүүлэв.
Гадаад, дотоодын эдийн засгийн нөхцөл байдлын улмаас эдийн засгийн идэвхжилт суларч, 2016 оны макро эдийн засгийн төсөөлөл буурахаар байна. Монгол Улсын 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1,669.6 тэрбум төгрөгөөр буурахаар байгаа бөгөөд 2016 оны төсөв батлагдсанаас хойших хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулганаар баталсан хууль эрх зүйн орчны өөрчлөлт, мөн Засгийн газраас гаргасан шийдвэр болон бусад гадаад болон дотоод хүчин зүйлийн улмаас төсвийн зарлага нийт дүнгээр 2,372,4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-ий -20.6 хувьд хүрэхээр байгаа нь 2016 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй нөхцөлийг үүсгэсэн болохыг Сангийн сайд танилцуулав.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталсантай холбогдуулан зохих өөрчлөлтийг 2016 оны төсвийн тодотголд тусгах шаардлага үүсчээ.
Төсвийн тухай хуулийн 34.1.2-т “урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэх тохиолдолд”, мөн 34.1.4-т “Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх тохиолдолд” гэж тус тус заасныг үндэслэн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулиар сангийн орлогыг 1,329.8 тэрбум төгрөгөөр, сангийн зарлагыг 1,707.1 тэрбум төгрөгөөр, улсын төсвөөс олгох санхүүжилтийг 321.7 тэрбум төгрөгөөр тус тус баталсан. Тус сангийн 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, хууль эрх зүйн орчны өөрчлөлт болон Засгийн газрын шийдвэрийн дагуу нэмэгдэх орлого, зарлагын өөрчлөлтийг төсвийн тодотголд тусгаснаар НДС-ийн нийт орлогыг 1,257.1 тэрбум төгрөгөөр, сангийн нийт зарлагыг 1,787.5 тэрбум төгрөгөөр, улсын төсвөөс тус санд олгох татаасын хэмжээг 494.9 тэрбум төгрөг байхаар тус тус тооцож, тусгасан байна.
Мөн гадаад зах зээл дээр уул, уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурсан, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2016 оны төсвийн жилд үргэлжлэн суларч байгаа зэрэг эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн Хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт тодорхой өөрчлөлтүүдийг хийхээр төсвийн тодотголд тусгасан байна.
Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголын дээр дурдсан өөрчлөлтүүдийг тусгахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 1,669.6 тэрбум төгрөгөөр буурч 5,344.3 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн зарлага ба цэвэр зээлийн дүн 1,787.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 9,741.4 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн нийт алдагдал 4,397.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ний -18.2 хувьтай тэнцэж байгаа болохыг Сангийн сайд Улсын Их Хурлын даргад танилцууллаа.
Өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ний -18.2 хувьтай тэнцэхээр байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.6 дугаар зүйлд заасан “нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2016 онд тухайн жилийн ДНБ-ий 4 хувиас хэтрүүлэхгүй байна” гэсэн заалтад нийцэхгүй байгаа хэдий ч үүсээд байгаа эдийн засаг, төсвийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагуудад өөрчлөлт оруулах шаардлага тулгарчээ.
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжлийн сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулан хууль, Улсын Их Хурлын тогтоолуудад өөрчлөлт оруулах төслүүдийг мөн өргөн мэдүүллээ.
Эдгээр хуульд тусгасан зарим заалтаас дурдъя.
Хүүхдийн мөнгийг 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн хүүхдүүдэд олгоно
Энэ оны зургаадугаар сараас хойш олгогдоогүй байгаа хүүхдийн 20 мянган төгрөгийг зөвхөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгохыг Ерөнхий сайд өмнө нь мэдэгдсэн.
Тэгвэл Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өрхийн амьжиргаа тогтоох судалгааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 насны хүүхдүүд буюу нийт хүүхдийн 60 хувьд нь 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгохоор тусгажээ.
Харин үлдсэн 40 хувьд хамрагдах бусад хүүхдэд олгох мөнгийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулах, 2019 оноос нөхөн олгохоор тооцож байгаа аж.
Хүүхэд харах үйлчилгээний зардлыг бууруулна
УИХ-аас 2015 онд батлагдсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль тогтоомжийг 2016 онд хэрэгжүүлэхэд зориулж нийт 10.6 тэрбум төгрөгийн зардал батлагдсан билээ. 2016 оны эхний хагас жилийн байдлаар нийт 1,263 хүүхэд харагч бүртгэгдэж, 6,175 хүүхэд уг үйлчилгээнд хамрагдсан ба төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр 746.1 сая 25 төгрөг зарцуулагдсан байна.
Үүнийг харгалзан үзээд уг үйлчилгээнд батлагдсан зардлыг 4,906.2 сая төгрөгөөр бууруулах боломжтой гэж үзэн зохих өөрчлөлтийг төсвийн тодотголд тусгахаар болсон байна. Цаашид хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулахаар болжээ.
Оюутны 70 мянгыг зогсооно
Их дээд сургуульд суралцагч оюутны сурлагын амжилтад үндэслэн олгодог үндэсний тэтгэлэг 70,200 төгрөг олгохыг зогсоох асуудлыг төсвийн тодотголд оруулжээ.
Түүнчлэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч оюутны тэтгэлгийг төсвийн боломжтой уялдуулан түр зогсоох асуудлыг ч тусгасан байна.
Оюутнууд автобусны мөнгөнийхөө талыг өөрсдөө төлнө
Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ ирж, буцахдаа зайлшгүй зорчих оюутны зорчих төлбөрийн хэмжээг 50 хувийг нь төр хариуцаж, бусад хэсгийг тухайн оюутан өөрөө хариуцдаг болох.
2016-2019 онд гадаадын их, дээд сургуульд суралцагчдын тэтгэлэгт хөтөлбөрт шинээр оюутан хамруулахгүй
Төсвийн боломжтой уялдуулан энэхүү хөтөлбөрийг одоогийн батлагдсан зардлын хэмжээнд үргэлжлүүлэх буюу зардал нэмэгдүүлэхгүй байхаар төсөвлөжээ.
Малчны тэтгэврийн насыг таван жилээр урагшлуулна
Малчдыг тэтгэврийн орлогын баталгаагаар хангах үүднээс тэтгэвэрт гарах насыг таван жилээр урагшлуулах асуудлыг хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан байна. Хэрэв энэ заалт батлагдвал 2018 оноос хэрэгжиж эхлэх юм.
Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авахгүй
Төрийн жинхэнэ, төрийн тусгай болон багш, эмч зэрэг төрийн үйлчилгээний зарим албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь ажилласан жилээс хамааран 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгодог. Энэхүү журамд өөрчлөлт оруулан 1-12 сарын цалингын дундаж хэмжээтэй тэнцэх тэтгэмжийг олгох тухай хуулийн төсөлд тусгасан байна.
Шүүгчдийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлж, бууруулна
Шүүгчдийн цалин өндөр байна гэсэн шүүмжлэл их гардаг. Тиймээс өдгөө ажиллаж байгаа 519 шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлж, бууруулахаар төсөлд тусгажээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...