Вакс хийлгэхийн өмнө та юу мэдэх ёстой вэ?
- schedule 2017 оны 5 сарын 25
- chat_bubble 0
Урин дулаан цаг ирж бүсгүйчүүд бид нимгэн хувцасандаа орсон байна. Яг энэ үед бидэнд тулгардаг асуудал бол илүүдэл үс билээ. Илүүдэл үснээсээ салах аргуудын талаар “Orange” салоны гоо сайханч Б.Чулуунхишигтэй ярилцлаа.
-Охид бүсгүйчүүд бид илүүдэл үснээсээ салах гэж тос, вакс, илүүдэл үс хусах, хайчлах гэх мэт аргуудыг хэрэглэдэг. Эдгээр аргуудын давуу болон дутагдалтай талуудын талаар зөвлөгөө хүргэхгүй юу?
-Хэрвээ бүсгүйчүүд илүүдэл үсээ байнга хусах, зулгаах аргаар авдаг бол тухайн хэсэг газрын үсний булцуу гэмтэж, үс буруу ургадаг. Ингэснээр үсний ширхэг бүдүүрч, арьсан дор шигдэж ургах, үсний ургалтын чиглэл өөрчлөгдөж, дотогшоо чигтэй ургаснаар тухайн хэсэг газар загатнах, өргөс орсон мэт хатгах, үсний уутний үрэвсэл үүсэх, арьсанд хар өнгийн бэржүү төст тууралтууд гарах зэрэг олон муу үр дагаварт хүргэдэг.
Мэргэжлийн гоо сайханчдын бүсгүйчүүддээ зөвлөх илүүдэл үснээсээ салах хамгийн үр дүнтэй, эрүүл мэндэд хор нөлөөгүй арга бол Вакс юм. Ваксыг мэргэжлийн хүнээр хийлгэснээр тухайн хэсэг газрын үсний ургалт маш зөв авагддаг.
Ваксны хувьд үсний булцууг үсний ширхэгийн хамт авдаг учир үсний ургалтын чиглэлд нөлөөлөхгүй, үсний сүв, арьсанд гэмтэл учруулахгүйгээр жигд авагддаг. Тогтмол ваксаар илүүдэл үсийг авснаар ургалт удааширч, үсний ширхэг нарийсах, арьс зөөлрөх, цайрах зэрэг давуу талтай байдаг.
Хайчлах нь үсний булцуунд нөлөөгүй ч хурдан хугацаанд эргэж ургадаг, цаг хугацаа их ордог төвөгтэй аргын тоонд ордог. Мөн үс гуужуулах тос гэж бий. Энэ нь үсний булцуунд нөлөөлөхгүйгээр арьсны гадаргуугээс дээш хэсгийн үсийг гуужуулж унагадаг. Үсний ургалт, чиглэлд нөлөөгүй тул хусах аргаас илүү давуу талтай. Цаг зав муутай, салонаар үйлчлүүлэх боломжгүй үед тосоор гуужуулах арга нь илүү хялбар.
-Нэгэнт үүссэн хар бэржрүү, дотогш чиглэлтэй ургаж загатнах зовиур илэрч байгаа тохиолдолд хаана хандах вэ?
-Ийм тохиодолд заавал мэргэжлийн салонд хандах шаардлагатай. Энэ тохиолдолд дотогш ургасан үсийг зөөлөн, тухайн хүний арьсны онцлогт тохирсон ваксыг сонгож зөв таталт хийж, үсний ургалтыг зөв чиглэлд нь татаж авснаар дараагийн гарч ирэх үсний ургалт зөв чиглэлд ямар нэгэн зовиургүйгээр ургадаг.
Ер нь хар бэржрүүтэй, дотогш ургасан тохиолдолд ядаж нэг удаад салоны ваксаар мэргэжлийн хүнээр зөв татуулж, арьсан дотор шигдэж ургасан илүүдэл үсийг түүлгэх хэрэгтэй. Харин дараагийн удаад хусах, зулгаах аргыг сонгож хэрэглэхгүй байх хэрэгтэйг сануулмаар байна.
-Ваксны талаар илүү дэлгэрүүлж асуумаар байна л даа. Ваксны төрлүүд болон зориулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ үү?
-Вакс бол илүүдэл үс авахад зориулагдсан зууралдамхай давирхай юм. Хөлийн, гарны, нүүрний, бикини, бүтэн биений вакс гэх мэтээр хийдэг.
Нүүрний вакс хийлгэсний дараа арьс өнгөлөг, гэрэлтсэн цайвар, зөөлөн болохоос гадна, пудрын шингэлт сайжирдаг.
Манай салон Америкийн UGG брэндийн ваксыг ашигладаг. Энэ нь дотроо эмзэг, мэдрэмтгий, хуурай, тослог, зузаан, нимгэн арьсанд тус тусад нь зориулсан бүтээгдэхүүнүүд байдаг. Мэргэжлийн гоо сайханч тухайн үйлчлүүлэгчийн арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэдэг.
Хэрвээ тухайн үйлчлүүлэгчийн арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг буруу сонгох, мэргэжлийн бус газраар буруу татуулж хийлгэх, хэт халуун ваксаар таталт хийлгэх, хэт хүчтэй татах зэргээс болж харшлах, эмзэглэх, өвдөлт үүсэх, арьс үрэвсэх зэрэг хүндрэлүүд гардаг. Хямд үнэд хууртаж, чанаргүй бүтээгдэхүүнээр мэргэшээгүй хүнээр хийлгэх нь өөрийн эрүүл мэнд, гоо сайхандаа эрсдэл учруулж байдаг гэдгийг байнга санах хэрэгтэй.
Тиймээс мэргэжлийн хүнээр, өөрийн арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг сонгон үйлчлүүлж байхыг бүсгүйчүүддээ зөвлөмөөр байна.
-Ваксыг хийх шат дарааллын тухайд болон үйлчлүүлэгчийн анхаарах зүйл байх уу?
-Юуны түрүүнд вакс хийхдээ тухайн хийх газрыг цэвэрлэж ариутгадаг. Ингэж гадны тоос болон бохирдлыг арилгаснаар хоёрдогчоор халдвар үүсэх эрсдлийг бууруулдаг. Үүний дараа талькаа цацаж, дараа нь ваксаа үсний ширхэгийн дагуу түрхэж, үсний зөв чиглэлд таталтыг хийнэ.
Дараа нь ваксны салгагч бүтээгдэхүүнээ түрхэж хэсэг байлгасны дараа үсний ургалт удаашруулах, арьс тайвшруулах бүтээгдэхүүнийг түрхдэг.
Үйлчилгээний дараа биеийн арьс маш зөөлхөн, уян, өнгөлөг, цайвар болдог. Үйлчлүүлэгч бүсгүйчүүд маань сэтгэл ханамж өндөр байдаг.
Хэрвээ үйчлүүлэгч хусах, гуужуулах тос түрхэж илүүдэл үсээ авсан тохиолдолд 14-21 хоногийн дараа ирэх хэрэгтэй. Энэ үед илүүдэл үс хангалттай урт ургасан байдаг тул ваксаар жигд авагдах нөхцөл бүрддэг.
Анх удаа ваксаар илүүдэл үсээ авахуулж байгаа тохиолдолд илүүдэл үс дахин ургах хугацааны хувьд хурдан байдаг. Харин дараагийн үйчилгээнээс хойш дахин ургах хугацаа уртассаж эхэлдэг.
-Үнийн хувьд сонирхмоор байна?
-Манай салон дээр бикини вакс 40 мянган төгрөг байдаг. Хөлний ваксны хувьд өвдөгнөөс доош 25 мянган төгрөг, хөл бүтэн 40 мянган төгрөг байдаг. Гарны вакс тохойноос доош 25 мянган төгрөг, бүтэн 40 мянган төгрөг, бүтэн биений вакс 70 мянган төгрөг байдаг. Суга 10 мянган төгрөг, сахал 6 мянган төгрөг, нүүрний вакс 15-20 мянган төгрөг байдаг.
-Гэрийн нөхцөлд хийх боломжтой ваксууд гадуур худалдаанд их байдаг. Салоноор байнга орох боломжгүй, завгүй, мөн таталт хийлгэхээс айдаг, өвдөлтөөс айдаг бүсгүйчүүддээ зориулаад гэрийн ваксны талаар зөвлөгөө өгнө үү?
-Гэрийн нөхцөлд хэрэглэж болох ваксууд сүүлийн жилүүдэд тоо болон төрөлийн хувьд нэмэгдэж байна. Жишээ нь: Velvet-ийн бүтээгдэхүүнүүдийг онцолмоор байна. Нэг удаагийн цаасан вакс, гуужуулах тос зэрэг нь үр дүнтэй, харшлах зэрэг эрүүл мэндэд хор нөлөөгүй байдаг.
Мөн гэрийн нөхцөлд халаадаг ваксууд байдаг. Sugar вакс, Hard вакс, хүйтэн вакс гэсэн төрлүүдийг гэрийн нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой. Зориулалтын бүтээгдэхүүн оруулж ирдэг найдвартай байгууллагаас маш сайн зөвлөгөө авч бүтээгдэхүүнээ сонгох хэрэгтэй гэдгийг сануулмаар байна.
Энэ тохиолдолд бүсгүйчүүд маань ваксны халууныг тохируулах хэрэгтэй. Вакс хайлуулах зориулалтын аппарат байдаг. Ийм аппарат нь вакс хайлуулах температурын сонголтуудтай байдаг. Өөрийн арьсанд ваксны халууныг үзэхдээ гарын шууны дотор талын нимгэн арьсанд халаасан вакснаасаа нимгэн түрхэж, татаж үзэх хэрэгтэй. Ингэхэд арьсанд улайлт, хорсох зэрэг зовиур үүсэхгүй байвал температурыг зөв тааруулсан байна гэж үзнэ.
Ваксны халууныг зөв тохируулаагүйгээс ваксны түлэгдлийн сорив үүсдэг. Энэ нь тод бор өнгийн толбо үүсдэг. Эрчимтэй цайруулах бүтээгдэхүүн хэрэглэсэн тохиолдолд 1 жилийн дараагаас арилдаг.
-Зарим бүсгүйчүүдийн хувьд суга, цавь, өвдөг, тохойны арьс нөсөөжиж харласан байдаг. Үүнийг цайруулах гэрийн нөхцөлд хэрэглэж болох аргуудын талаар зөвлөгөө хүргэнэ үү?
-Хамгийн сайн цайруулах үр дүнтэй бүтээгдэхүүн бол нимбэг юм. Нимбэгийг нимгэн зүсэж харласан арьсны хэсэг газрыг арчиж, 15 минут байлгасны дараа хүйтэн бүлээн усаар угаана. Орой бүр хэрэглэхэд 7 хоногийн дараа гэхэд үр дүн гардаг нилээд шалгарсан арга юм. Хэт мэдрэмтгий, харшиламтгай тохиолдолд болгоомжтой хэрэглэх ба улайх, хорсох зовиур илэрсэн тохиолдолд хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
Мөн нимбэгний шүүсэн дээрээ зөгийн бал эсвэл хүнсний сод зэрэгтэй хольж тухайн хэсэг газартаа түрхэнэ. Үүнийгээ 10 минут байлгасны дараа хүйтэн бүлээн усаар угаана.
Суганы эвгүй үнэрийг дарах зорилгоор хаан жүржийг шахаж шүүсийг нь хөвөнд шингээн арьсиж 10 минутын дараа хүйтэн бүлээн усаар угаана. Энэ нь хөлсний эвгүй үнэр болон хулмас зэрэг үнэрийг маш сайн дардаг арга юм.
Ярилцсан Танд баярлалаа.
Эх сурвалж: WWW.MONGOLJINGOO.MN
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...