“Хөтөлийн цемент шохой” ХК-ийн долоон хүнд холбогдох 38 тэрбум төгрөгийн хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явна
- schedule 2013 оны 9 сарын 12
- chat_bubble 0
Өнөөдөр авлигатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Батзориг, Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссор Э.Амарбат, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, ахлах комссор Ж.Батсайхан, АТГ-ын Тамгийн хэлтсийн дарга, эрхэлсэн комиссор Б.Доньжчимбуу нар өглөө.
АТГ-т он гарсаар нийт 247 гэмт хэргийг шинжтэй гомдол мэдээлэл ирсэн. Тэдний 107 нь бичгээр, 10 утсаар, 96 шуудангаар, тав интернетээр, 25 биечлэн, дөрөв нь факсаар тус тус ирсэн. Нийт гомдол мэдээллийг хянаж үзээд, 144 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 100 гомдлыг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Үлдсэн 124 гомдол мэдээллийг шалгаж харьяаллын дагуу шилжүүллээ. Өөрөөр хэлбэл, нийт гомдол саналын шийдвэрлэлт 93,9 хувьтай байна. Энэ оны есдүгээр сарын байдлаар хуульд заасан харъяаллын 477 үйлдэлтэй, 136 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь өмнөх жилүүдээс 23 хувиар өссөн гэсэн судалгаа гарсан. Энэ хугацаанд мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдийн 33-ийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн. Харин 32 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, эрүүгийн хэргийн 40 хэрэгт мөрдөн байцаалтын ажил явуулж байна. Шалгагдаж байгаа хэргийн 36 хувь буюу 49 нь хөдөө орон нутгийн харъяалалтай байна. Дашрамд дуулгахад, мөрдөн шалгасан нийт эрүүгийн хэрэгт 27 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Тэднээс 8,5 тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжилсэн байгаа. Түүнчлэн, нийт 11 хүнд сар болон түүнээс дээш хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч, зургаан хүнийг баривчилсан.
“Цэвэр агаар сан”-гийн Н.Хүрэлсүх нарын гурван хүнийг АТГ-аас шалгаж байгаа. Шалгах явцад 5 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан нь илэрсэн
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлыг голлон хариуцаж зангиддаг газар “Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан бодогч М.Хулан, түүний туслах нягтлан бодогч А.Болдмаа нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ асуудалд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хэд хэдэн албан хаагчид холбогдсон. Эдгээр хүмүүс агаарын бохирдлыг бууруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, үүний тулд утаагүй түлш, утаагүй зуух үйлдвэрлэх, авто машинаас гарах утааг багасгах ажлуудыг хариуцан гүйцэтгэдэг энэ байгууллагад улсын төсвөөс 30 орчим тэрбум төгрөг олгохын зэрэгцээ гадаадын олон төсөл хэрэгжүүлдэг. Гэтэл энэ байгууллагын данснаас их хэмжээний мөнгө хувийн аж ахуйн нэгж байгууллагын данс руу шилжиж байсныг илрүүлэн мөрдөн байцаалтаар илэрсэн. Хэргийг шалгах явцад тав орчим тэрбум төгрөгний хохирол учирсан байгааг тогтоогоод байна. Өөрөөр хэлбэл, уг таван тэрбум төгрөг “Цэвэр агаар сан” болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хэд хэдэн ажилтны машин, байр, хоолны мөнгө болон завшигдсан байгаа нь илэрсэн. Мөрдөн байцаалт үргэлжилж байна. Зарим хүмүүсийг цагдан хорьсон хэвээр байгаа.
“Эрдэнэс Таван толгой”-н захирал асан Б.Энэбиштэй холбоотой хэргийн мөрдөн байцаалт үргэлжлэж байна
Ихээхэн эрх мэдэл бүхий албан тушаал хашиж байсан этгээдүүдтэй холбоотой хэргийг шалгахад их хугацаа ордог. Өөрөөр хэлбэл, хэдий их хэмжээний эрх мэдэлтэй байх тусам төдий хэмжээний асуудалд холбогдох магадлал нь ихэсдэг. Тэр утгаараа шалгах ажлын маань хүрээ тэлдэг учраас хугацаа их орж байна. Удааширлаа гээд хэрэг замхарах явдал байхгүй гэдгийг хэлмээр байна. Б.Энэбиш “Эрдэнэс Таван толгой”-г удирдаж байхдаа нийь 6 тэрбум 350 сая төгрөгийн ямар ч ашиггүй, хэрэгцээгүй, өдөө ашиглагддаггүй барааг уг компанид шахсан гэх үндэслэлээр шалгаж байна. Мөрдөн байцаалт үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг саяхан батлан даалтад гаргасан
-ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл нарт холбогдох хэрэг УМБГ-аас харъяалалын дагуу манайд ирүүлсэн. Түүнийг ЭМЯ-наас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт өөрийн эзэмшлийн “Лабтех” компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс онц их хэмжээгээр завшиж 1,7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байна. Мөн явуулын эмнэлэг нэрийдлээр суудлын гурван машин оруулж ирсэн гэх хэрэгт холбогдуулан шалгаж байна. Н.Түмэндэмбэрэлийг дөрвөн сар орчим цагдан хорьсон. Тиймээс АТГ-аас энэ хүнийг цагдан хорих шаардлагагүй хэмээн үзэж, гадуур байцааж байна. Мөрдөн байцаалт үргэлжилж байна. Хэрэгт эцэстээ яаж шийдэгдэхийг мөрдөн байцаалтын явцад цугласан нотлох баримтыг үндэслэнэ. Хэдийгээр гадуур байцааж байгаа ч хэргийг замахруулах, хэн нэгнийг завших нөхцлийг гаргахгүй байх тал дээр АТГ анхаарч ажиллаж байна.
“Хөтөлийн цемент шохойн” хэрэгт 7 хүн холбоотой 38 тэрбум төгрөгийн асуудал сөхөгдөж байгаа
“Хөтөлийн цемент шохой” ХК-ийн удирлагуудыг баривчлан саатуулсан байгаа. Өнгөрөгч мягмар гаригт явуулсан уг баривчилгаанд компанийн захирал А.Шоовдор, дэд захирал Д.Валяхүү, үйлдвэрийн хангамжийн хэлтсийн дарга болон ерөнхий нягтлан бодогч Н.Бадарч, Н.Энхтуяа зэрэг 7 хүн багтсан. Энэ хэрэгт нийтдээ 38 орчим тэрбум төгрөгийн хэрэг яригдаж байгаа юм. Уг компанийн удирдлагууд урьдаас үгсэн тохиролцож өөрсдөө аж ахуй нэгж байгуулаад үүсгэн байгуулсан аж ахуй нэгжээс тендер сонгон шалгаруулалтгүйгээр шууд бараа материал худалдаж авдаг. Тэр хэмжээгээр өөрсдөдөө давуу байдал үүсгэж “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн хөрөнгийг завшдаг гэх асуудлаар шалгаж байгаа. Мөн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг явуулахын тулд тодорхой хэмжээний худалдан авалтуудыг хийдэг байсан. Ингэж худалдан авалт хийхдээ танил тал бусад өөрсдийн ашиг сонирхол бүхий хүрээллээс худалдан авалтуудыг хийдэг. Тэр хэмжээгээр бусдад давуу байдал олгодог байсан гэх үндэслэлүүд тогтоогдож байгаа. Одоогоор мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэн шалгаж байна. Хэрэгт холбоотой долоон хүнийг сэжигтнээр татсан байгаагаас дөрвөн хүнийг цагдан хориод байна.
Т.Дашдэлэг генералд холбогдох хэргийг ТЕГ-т шилжүүлсэн
Энэ хэргийн талаар би өмнө нь зургадугаар сард мэдээлэл хийхдээ хэлж байсан. Улс дамнасан зэвсгийн наймаа хийсэн байж болзошгүй гэх дуулианд нэр холбогдоод буй Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэгт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын явцад холбогдож байгаа зарим асуудлууд улсын нууцад хамаарч байгаа. Тиймээс улсын нууцад хамаарах асуудлуудыг шалгуулахаар АТГ-аас ТЕГ-т харьяаллын дагуу шилжүүлсэн.
Г.Энхтайваныг шалгах үндэслэл байхгүй
Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга Г.Энхтайваныг Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа тухай мэдээлэл гарсан байсан. Шалгуулах хэд хэдэн гомдол, мэдээлэл манай байгууллагад ирсэн.
Мэдээллийг нягтлаад, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Тиймээс АТГ-аас Г.Энхтайваныг шалгахгүй гэсэн үг.
Төрийн банкны удирдлагуудын хэргийг хэргийг шалгаж дууссан
Хэргийг харъяаллын дагуу шилжүүлсэн байгаа. Төрийн банкны гүйцэтгэх захирал Ж.Отгонбилэг болон тус банкны ТУЗ-ийн гишүүд нь тус банканд ажиллаж байх хугацаандаа өөрсдийнхөө дансанд урамшуулал хэмээн 90 сая төгрөгөөр шагнасан байсан нь тогтоогдсон. Тиймээс энэ асуудлыг шалгаж АТГ-ын харъяаллын асуудал биш хэмээн үзэж шилжүүлсэн.
Т.Билэгтийг гадуур байцааж байгаа
Т.Билэгтэд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Энэ хүнийг гадуур байцааж байна. Хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй.
ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх цагдан хоригдсон
ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх өмнө нь шалгагдаад гэмт хэргийн бүрэлдэхүүн тогтоогдоогүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Харин түүнийг төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан, албан тушаалаа ашиглан тендерийн сонгон шалгаруулалтыг хууль бусаар явуулсан гэх үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэрэгт хамааралтай хүмүүстэй хамт цагдан хорьсон байгаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...