ЦАГААН САР БА ЗОЛГОХ ЁСОН
- schedule 2023 оны 2 сарын 17
- chat_bubble 0
Цагаан сараар цагаан зүсмийн морь унаж, цагаан бөсөөр хийсэн хувцас өмсч, бие биедээ цагаан хадаг өргөж, цагаан идээ зооглодог нь хэн хэндээ хиргүй цагаан сэтгэлээр явж байя гэсэн эв найрын бэлгэдэл юм. Алгаа дэлгэнэ гэдэг нь “надад зэр зэвсэг үгүй, миний сэтгэлийн өнгө энэ” гэсэн утгатай байна.
13 дугаар зууны үеэс Сар шинийн баярыг хавар тэмдэглэх болсон байна. Монголчууд Цагаан сард бэлдэхдээ хашаа хороогоо цэвэрлэж, малын хашаагаа засан сэргээн засварладаг. Гэрийн гадна доторгүй тоос шороогоо цохиж, хир буртаг бүхий зүйлсээ угаан цэвэрлэж цагаан сардаа хир буртаггүй, хараал муу үг амнаасаа унагахгүй, шинэ дээл хувцас оёж, шинэ ондоо ариун тунгалаг сайн сайхан бүхнийг билэгшээн золгон угтана. Сэтгэл санаагаа ариусган өр ширгүй, муу муухай бүхнийг эцэс төгсгөл болгон сайн сайхан бүхний төлөө өнгөрсөн муухайг мартаж маргаашийн шинэ өдөр шинэ амьдралыг өөдрөгөөр угтдаг юм.
ЗОЛГОХ ЁСОН
Шинийн нэгэнд нар мандахтай уралдан босож, шинэ дээл хувцасаа өмсөн, цайгаа чанан цай идээний дээжээ нар, байгаль дэлхийдээ өргөж, гэрийн тэргүүнтэй гэр бүлийн гишүүд эхэлж золгодог. Голдуу ахмад хүмүүс хадагны амсарыг золгож байгаа хүн рүү харуулан барьж золгодог юм. Ахмад хүнтэй золгохдоо хоёр гараа тохойг нь түшин “Та амар мэнд байна уу?” гэж хоёр хацраа үнсүүлнэ. Харин ахмад настан хариуд нь “Амар мэндээ“ гэж харилцан золгодог байна. Зочин ширээнд сууж байрласнаар нөхөрсөг дотно сэтгэлээр “ Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу?” гэж ахмад хүндээ хөөрөгний толгойг суллан хөөрөгөө баруун гараараа барьдаг. Хариуд нь“Сайхан сайхан” гэж хариулдаг юм. Хөөрөг бие биендээ зөрүүлж барьснаар монголчуудын хооронд бат бэх холбоог үүсгэн ах дүү найз нөхдийн дотно харилцааг бэхжүүлдэг. Хоёр нас чацуу хүмүүс гар гарын бугуйгаар зөрүүлэн золгоно. Гэрийн эзэн гэргийтэйгээ золгодоггүй, учир нь хань гэргий хоёрын бие сэтгэл нэгэн ертөнц гэдэг юм. Хоёр давхар биетэй хүмүүс хоорондоо золгодогүй нь тээж байгаа үрийн хүйс солигдоно гэж цээрлэдэг байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...