АГААРЫН БОХИРДОЛ ХАНИАД ТОМУУГ УЛАМ ХҮНДРЭХЭД НӨЛӨӨЛЖ БАЙНА
- schedule Өчигдөр 12 цаг 50 минут
- chat_bubble 0
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр дараах мэдээллийг өглөө:
Өнгөрсөн долоо хоногт амбулаторийн тусламж үйлчилгээг нийт 277320 хүн авчээ. Тэдний 21 мянга буюу 7.7 хувь нь томуу, томуу төст өвчний оноштой байсан. Эмнэлэгт суурилсан тандалтын нэгжүүдээс өгсөн мэдээллээр 9633 хүн хэвтэн эмчлүүлжээ.
САРС, ковидын вирусын хавсарсан тохиолдол байгаа ч ковидын халдвар дангаараа байхгүй.
Тэдний 3000 буюу 32 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай. Томуу, томуу төст өвчин хүндэрч, амьсгалын замын цочмог халдвар, хатгалгаагаар илэрдэг. 3000 орчим гэдэг нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 орчим хувиар илүү байна. Эдгээр өвчтөний 5 хүртэл хувийг хүүхдүүд эзэлжээ. Тэд гол эрсдэлт бүлгийнхэн юм. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад хүүхдийн өвчлөл 8 хувиар өслөө.
Бид нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг энэ онд эрт эхлүүлсэн. Тэр нь юу вэ гэвэл томуугийн вакциныг есдүгээр сард хийж эхэлсэн. Эрүүл мэндийн салбарынхнаа энэ вакцинд хамруулсан. Гэвч нийслэлд нийт зорилтот бүлгийн 90 хувь нь л томуугийн эсрэг вакцинд хамрагдсан.
Томуугийн вирус жил бүрийн хоёрдугаар сарыг хүртэл идэвхтэй байдаг. Тиймээс өрхийн эмнэлгүүдэд хандан, одоо ч томуугийн вакцинд хамрагдах боломжтой.
Энэ сарын 5-ны байдлаар Халдварт өвчин судлалын Вирус судлалын лабораторид нийт 223 сорьцыг шинжилжээ. Ингэхэд 48 сорьцонд амьсгалын замын синцитал вирус илэрчээ. Томуугийн А хүрээний H1N1 вирус 12 тохиолдолд илэрчээ.
Иргэд САРС, ковидын вирус дахин тархаж байна уу гэж их асуусан. Эдгээр вирус 223 сорьцын 11-т нь илэрсэн. Тэгэхээр синцитал вирусын тархалт илүү анхаарал татаж байна. Энэ вирус томуу, томуу төст вирусыг илүү үүсгэжээ.
Эмнэлэгт хэвтсэн буюу амьсгалын замын хүнд, цочмог халдвартай хүүхдүүдэд мөн шинжилгээ хийсэн. Нийт 109 сорьцоос 15 төрлийн томуу, томуу төст өвчний үүсгэгч илэрчээ. 67 сорьцонд ямар нэг вирус илэрсэн. Үүний 30 нь синцитал вирус байжээ.
12 нь улирлын томуугийн А хүрээний H1N1 вирус байна. Вирусын хавсарсан халдвартай хүмүүс ч байна. Хоёр тохиолдол нь САРС, ковидын вирусын хавсарсан тохиолдол байна. Тэгэхээр ковидын халдвар дангаараа байхгүй байна.
Агаарын бохирдол зүрх судас, томууг улам хүндрүүлж, өвчлөл хүндрэхэд нөлөөлж байна. Манай улсад гадаад болон дотоод орчны агаарын бохирдол их байна. Дэлхий даяар гадаад агаарын бохирдлын улмаас нэг жилд 4 сая, дотоод орчны агаарын бохирдлын улмаас 3 сая орчим хүн нас барж байна.
Олон хүн цугласан арга хэмжээг аль болох бага зохион байгуулах, олуулаа цугласан бол амны хаалт зүүх, гэр ажилдаа HEPA шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч ашиглахыг зөвлөв.
Баасан, даваа гарагуудад ХӨСҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс та бүхэнд мэдээлэл өгч байна. Та бүхэн өвчлөл их байгаа энэ өдрүүдэд баталгаатай, зөв мэдээллийг хүлээн аваарай. Эдгээр эрүүл мэндийн байгууллагуудын нүүр хуудаснаас мэдээлэл аваарай гэв.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...