ОХУ-ЫН ХОЛБООНЫ ”РОССТАНДАРТ”-ТАЙ СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙГУУЛЖЭЭ
- schedule 2023 оны 8 сарын 14
- chat_bubble 0
Стандарт, хэмжил зүйн газрын удирдлага болон тус газрын бодлогын газрын удирдлагууд ОХУ-ын Холбооны техникийн зохицуулалт, хэмжил зүйн агентлаг (Росстандарт)-ийн дарга Шалаев Антон Павлович холбогдох албаны хүмүүсийг энэ сарын 11-ний өдөр хүлээн авч уулзжээ.
Энэ үеэр талууд цаашдын хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлж, хөгжүүлэх талаар харилцан санал солилцсон юм. Мөн Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр, ОХУ-ын Холбооны техникийн зохицуулалт, хэмжил зүйн агентлаг (Росстандарт)-ийн дарга Шалаев Антон Павлович нар үйл ажиллагааны төлөвлөгөө байгуулж, харилцан гарын үсэг зурлаа.
Уг үйл ажиллагааны төлөвлөгөөнд стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сургалтын чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудыг нарийвчлан зааж өгсөн байна. СХЗГ-ын Даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр: "Хоёр байгууллагын 15 жилийн харилцааны түүхийг онцлон тэмдэглэж, цаашид стандартчилал, хэмжил зүй, ялангуяа хүний нөөцийг чадавхижуулах тал дээр онцгой анхааран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна" хэмээн хэллээ.
Росстандартын дарга Ноён Шалаев: "Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагаанд бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлнэ. Тодруулбал, Хүний нөөцийг чадавхижуулах, ГОСТ стандартын мэдээллийн санг Стандарт, хэмжил зүйн газарт байршуулах, хэмжлийн анхдагч эталонуудыг бий болгож өгөх, стандарт, хэмжил зүйн цахим шилжилт хийхэд дэмжлэг үзүүлэх, Росстандартад туршлага судлуулах, Росстандартын судлаачдын сайн туршлагаас хуваалцах зэрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй олон ажлыг Росстандартын санхүүжилтээр хэрэгжүүлнэ" хэмээн энэ үеэр илэрхийллээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...