БАНК БОЛОН ББСБ-Д ДАВХАР ЗЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ТОО Ч ӨСӨЖ БАЙНА
- schedule Өнөөдөр 16 цаг 5 минут
- chat_bubble 0
Сүүлийн хэдэн жилд Монголд борооны дараах мөөг шиг олширч буй цахим зээлийн аппликэйшнүүд иргэдийн хувьд санхүүгийн “түргэн хоол” мэт болж, зээлээс зээлийн хооронд амьдрах тогтворгүй байдлын эргүүлэг рүү түлхэх нь нэмэгджээ.
Өсөлтөөр өнгөлж буй салбар
ББСБ-уудын цахим зээл нь шаардлага багатай, түргэн шуурхай, хүртээмж сайтай гэдгээрээ давуу талтай ч нөгөө талдаа иргэдийн хэрэглээний зээлийн өсөлтийг дэмжих гол хүчин зүйл болж байна. ББСБ-ын иргэдэд олгосон зээлийн хэмжээ 2019 оноос хойш даруй 5-6 дахин нэмэгдэж, өнгөрсөн оны III улирлын байдлаар аппликейшний зээлтэй 1.2 сая орчим иргэн бүртгэгджээ. Мөн 2023 оны байдлаар СЗХ-д бүртгэлтэй болон бүртгэлгүй 70 гаруй зээлийн аппликейшн хэрэглээнд нэвтэрсэн байна.
Харин энэ оны III улирлын үзүүлэлтийг харвал ББСБ-уудын олгосон зээл 5.1 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 53.9 хувиар өссөн дүн болов. Зээлдэгчдийн тоо 36.2 хувиар өссөн бөгөөд нийт зээлийн 68 хувь нь хэрэглээний зориулалтаар олгогджээ. Тэгвэл ББСБ-уудын цэвэр ашиг тайлант хугацаанд 65 хувиар өсөж, 499 тэрбум төгрөгт хүрсний сацуу нийт хөрөнгийн хэмжээ нь 6.4 их наяд төгрөг байгаа нь Монгол Улсын ДНБ-ий 9.1 хувьтай тэнцэж байна.
Үүнийг дагаад мэдээж банк болон ББСБ-д давхар зээлтэй иргэдийн тоо ч өсөж байгаа. Тэдгээр иргэдийн хувьд сөрөг шок тулгарч, зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учрах тохиолдолд банк санхүүгийн системийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйг СЗХ, Монголбанк аль аль нь анхааруулсан байна.
Урд хормойгоороо…
Банкны хэрэглээний зээлд өрхийн орлоготой харьцуулсан хязгаарлалтыг нэмэгдүүлсэн байдаг ч ББСБ-уудад энэ хязгаарлалт байхгүй нь иргэдэд өрийн дарамтын эрсдэлийг нэмэгдүүлэх нэрмээс болжээ. Мөн зээлдэгчдийн хувьд хүү, гэрээний нөхцөл, эргэн төлөлтийн эрсдэлийг тооцоолох санхүүгийн боловсрол дутмаг байгаа нь өөрсдийгөө зээлийн хамаарал руу улам түлхэх томоохон шалтгаан болж байна.
Эх сурвалж: Блүүмбэрг
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...