3 бүдүүн- "Бид нэг ангийхан"
- schedule 2013 оны 10 сарын 10
- chat_bubble 2
Хүн бүхэнд нэг ангийнхан гэж дуудагдах эрхэм хүмүүс байдаг билээ. Хэдий өтөлж хөгширсөн ч "манай ангийн хүүхэд" гэж дуудах нь нэг л уярмаар сайхан байдгийг та нар мэднэ дээ. 8 жил, 10 жил, мэргэжлийн боловсрол, их, дээд сургууль, тэр байтугай элдэв сургалт курсынхэн гээд л нэг ангийнхангүй хүн ховор биз ээ.
Энэ дуу нэг ангийнхан гэж дуудагдах үе үеийн бүх хүмүүст зориулж Завхан аймгийн Их-Уул сумын 8 жилийн дунд сургуулийг 1985-1993 онд төгссөн нийт төгсөгчдөөс санаачлан бүтээжээ.Дууны үгийг Завхан аймгийн Их-Уул сумын уугуул, МУСТА яруу найрагч Ядамсүрэнгийн Отгонбаяр бичиж 8 жил төгссөний 20 жилийн ойгоороо ангийнхандаа бэлэг барьсан юм байна.
Я.Отгонбаярын уянгын хайрын шүлгүүдээс бүтсэн "Навчис алтрах гуниг" ном нь саяхан хэвлэгджээ. Хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааны салбарт өдий хүртэл зүтгэж буй түүний зохиосон "Зүрхэнд тамгалсан хайр" дууг ХЦДБЧ-ийн дуучин МУСТА Г.Батсүх дуулж, дуунд хайртай олон түмний хүртээл болгосон байдаг.
Мөн төрлөхи сумандаа "Бид нэг ангийнхан" дуундаа зориулж нэгдүгээр ангид дөнгөж орж буй, ардаа цүнх үүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхдийг дүрсэлсэн хөшөө босгож мөнхөлжээ. Аяыг "Гурван бүдүүн" хамтлагийн гишүүн МУСТА дуучин, ая зохиогч А.Мөнгөншагай зохиож, "Гурван бүдүүн" хамтлаг дуулж, дууны клипийг "ILAB" студийн залуус Завхан аймгийн Их-Уул суманд очиж хийсэн юм байна. МУСТА дуучин А.Мөнгөншагай бол "Гурван бүдүүн" хамтлагийн бүх л хит дууны аяыг зохиож "38-тай аав", "Ижийгээ гомдоох учиргүй", "Холын чи минь" зэрэг дуугаар нь үзэгч түмэн андахгүй мэдэх билээ.
Дууны клипэнд сумын сургуулийн бяцхан хүүхдүүдийг тоглуулсан бөгөөд тэд мэргэжлийн жүжигчдээс дутахгүй тоглосныг та үзээрэй. Клип бүхэлдээ кино мэт болж хүн бүхэнд байдаг нэг ангийнхны нандин дурсамжийг сэргээн бодогдуулж сэтгэл зүрхийг тань хөглөх байх гэдэгт эргэлзэхгүй байна.
Дууг бүтээсэн Завхан аймгийн Их-Уул сумын 8 жилийн дунд сургуулийг 1985-1993 онд төгссөн бүх төгсөгчид болон нийт уран бүтээлчиддээ амжилт хүсээд Гурван бүдүүн хамтлагийн уран бүтээл БИД НЭГ АНГИЙНХАН дууны клип болон дууны үг, клип хийж байх үеийн фото зурагуудыг толилуулж байна.
Үг: Я.Отгонбаяр /МУСТА Завхан аймгийн Их-Уул сумын уугуул /
Ая: А.Мөнгөншагай /МУСТА "Гурван бүдүүн" хамтлагийн гишүүн /
Дуучид: "Гурван бүдүүн" хамтлаг
БИД НЭГ АНГИЙНХАН
Хоёрхон хоноход саначихдаг хонгор багын андууд минь
Хорин жил өнгөрсөн ч нэг нэгнээ гэсэн сэтгэл минь
Насан туршдаа мартамгүй гэнэн цайлган үерхэл минь
Насаараа биесээ үгүйлэх нэг ангийнхан минь
Уулзаад салахдаа саначихдаг уяхан багын андууд минь
Урсах цаг хугацаанд нэг нэгнээ гэсэн сэтгэл минь
Энэхэн насандаа мартамгүй гэнэн цайлган үерхэл минь
Эргээд биесээ үгүйлэх нэг ангийнхан билээ
Дахилт:
Халуун сэтгэл зүрхэнд нь үргэлж байдаг болохоор
Хайрлаж л явдаг юм шүү би та нарыгаа
Хамтдаа өнгөрүүлсэн уянгат жилүүдийн алтанхан дурсамж
Хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны нандин холбоо
МАРТАХГҮЙ ЭЭ... УЯНГАТАЙХАН ХАВАРАА
МАРТАХГҮЙ ЭЭ... АЯЛГУУТАЙХАН НАСАА
ЗҮРХЭНД ШИНГЭСЭН АНХНЫ ХАЙРАА ХЭЗЭЭ Ч МАРТАХГҮЙ ЭЭ
ЗҮҮДЭЛЖ ХОНОСОН ЦАГААН ШӨНӨӨ МАРТАХГҮЙ ЭЭ
Уулзалгүй удвал саначихдаг унаган багын андууд минь
Улирах цаг хугацаанд бие биенээ гэсэн сэтгэл минь
Эргэж хэзээ ч ирэхгүй гэнэн цайлган үерхэл минь
Эрхгүй биесээ үгүйлэх нэг ангийнхан билээ
Дахилт:
Халуун сэтгэл зүрхэнд нь үргэлж байдаг болохоор
Хайрлаж л явдаг юм шүү би та нарыгаа
Хамтдаа өнгөрүүлсэн уянгат жилүүдийн алтанхан дурсамж
Хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны нандин холбоо
ДУУНД ШИНГЭСЭН АНХНЫ ХАЙРАА
ДУУЛЖ ХОНОСОН ЦАГААН ШӨНӨӨ МАРТАХГҮЙ ЭЭ
АНДУУДАА
АНГИЙНХАН МИНЬ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...