Говь-Алтай аймагт 3 сум байнгын эрчим хүчинд холбогдоогүй
- schedule 2014 оны 4 сарын 9
- chat_bubble 0
Эрчим хүчний сайд М.Сономпил хөдөө ажлын томилолтынхоо 2 дахь өдөр Говь-Алтай аймагт ажиллалаа.
Говь-Алтай аймаг нь Улаанбаатар хотоос 1000 км-ын зайтай оршдог, 149.0 хавтгай дөрвөлжин км нутагтай, монголын хамгийн том газар нутагтай хоёр дахь аймаг юм. Нийтдээ 56.0 мянган хүн амтай, үүний 18.0 мянга нь аймгийн төв Алтай хотод амьдардаг.
Төвийн эрчим хүчний системд зэрэгцээ шугамаар холбогдсон. Одоогийн байдлаар 3 сум байнгын эрчим хүчинд холбогдоогүй байна.
Дулааны станц барих шаардлагатай
Аймгийн төвд 3 аж ахуйн нэгж дулаан үйлдвэрлэн борлуулж байна. Цаашид нэгдсэн дулааны станц барих шаардлагатай. ЭХЯ-наас зарласан тендерт Мандал голомт ХХК, Цагаан шүтээн ХХК-иуд саналаа ирүүлсэн. Урьдчилсан байдлаар тендерийн шалгуур үзүүлэлтүүдийг Мандал голомт" ХХК бүрэн хангаж байгаа талаар ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар хэллээ. Учир нь "Мандал голомт" ХХК нь одоо аймгийн төв дэх 3 жижиг уурын зууханд шинээр суурилуулсан 6 зуухаар дулаан үйлдвэрлэж байгаа бөгөөд аймгийн төвийн дулаан дамжуулах бүх шугам сүлжээ нь энэ компаний мэдэлд байдаг юм байна.
Түүнчлэн "Мандал голомт" ХХК нь өөрийн мэдлийн нүүрсний уурхайтай учраас дулааны үнийг хамгийн хямд түвшинд барих бололцоотой гэнэ.
Харин аймгийн удирдлагуудын зүгээс зөвхөн дулааны станц бус цахилгаан, дулааныг хамтад нь үйлдвэрлэх ДЦС барих хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Гэвч үүнийг ойрын хугацаанд шийдвэрлэх боломжгүй гэдгийг ЭХЯ-ны мэргэжилтнүүд мэдэгдлээ.
Харин Тэлмэнгийн УЦС ашиглалтад орсон тохиолдолд 110 кВт-ын шугам татаж эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлж болох ажээ. Өнөөдрийн байдлаар Тайшир-Есөнбулагийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг 110 кВт болгож өргөтгөх зураг төслийн ажил хийгдэж байгаа юм байна.
Цээл сум энэ сарын 15-нд эрчим хүч хүчний шугамд холбогдоно
Эрчим хүчний сайд М.Сономпил аймгийн удирдлагуудтай уулзахдаа "Цээл сумыг эрчим хүчтэй холбох ажлыг энэ дөрөвдүгээр сарын 15-нд дуусгана. Бугатын чиглэлийн 50 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг энэ жил барихаар Засгийн газрын шийдвэр гаргах байх. Алтай сумын сэргээгдэх эрчим хүчний станцын засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжинд зориулж 180 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр энэ дөрөвдүгээр сард Засгийн газрын хуралдаанд оруулна" гэж хэллээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...