Төв талбайг Эзэн богд Чингис хааны нэрээр нэрлэхээр боллоо
- schedule 2013 оны 7 сарын 15
- chat_bubble 0
НИТХ-ийн Тэргүүлэгчийн хуралдаанд “Гудамж талбайн нэр өөрчлөх тухай” тогтоолын төслийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа. Их Монгол улсаа байгуулсан эзэн богд Чингис хааны суу алдар найман зууныг өртөөлөн туулж, Монгол хүн бүрийн шүтээн, бахархал, омогшил болсоор ирсэн. Тиймээс Монголын төр, түмэн эзэн богд Чингис хаанаа дээдлэн нийслэл хотынхоо төв талбайг Эзэн богд Чингис хааны нэрээр нэрлэхийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн олонх нь санал нэгтэйгээр дэмжлээ. Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, судлаачид, иргэд, төрийн бус байгууллагуудаас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд удаа дараа хүсэлт тавьсны дагуу Монголчуудын сэргэн мандалт хөгжил дэвшлийн тулгуур, бидний бахархал болсон эзэн богд Чингис хааны нэрээр нэрлэхээр боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Жанжин Д.Сүхбаатарын гавъяаг мөнхжүүлэх зорилгоор1923 онд одоогийн талбай байгаа газрыг түүний нэрээр нэрлэжээ
Хожим нь 23 жилийн дараа уг талбайг цардаж, хөшөө босгосон байна.
Монголын ардын хувьсгалын удирдагчдын нэг, цэргийн жанжин Д.Сүхбаатар 1923 онд нас барсан бөгөөд түүний гавъяаг мөнхжүүлэх зорилгоор одоогийн талбай байгаа газрыг нэрээр нь нэрлэхээр шийдвэрлэжээ. Ардын журамт цэрэг Хиагтаас Их хүрээнд орж ирээд Ардын хувьсгалын ялалтыг тунхагласан дурсгалт газар юм.
Жанжин морин дээрээсээ өндийсхийн наран мандах зүг рүү гараараа зааж буй дүрслэлтэй хөшөөг 1946 онд Ардын хувьсгал ялсны 25 жилийн ойгоор байгуулж талбайг цардаж засжээ.
Морьтой хөшөөний өндөр 4 метр бөгөөд суурийн хамт 12 метр болдог. Хөшөөний нүүрэн талд Д.Сүхбаатарын хэлсэн “Бидний улс эв саналаа нэгтгэн, нийтийн нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэрэг зориглон хөдөлбөөс үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй хэмээх явдал огт үгүй болж цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” хэмээх үгийг Монгол бичгээр сийлбэрлэсэн байдаг.
Хөшөөний эргэн тойронд бүдүүн гинжин холбоос бүхий чулуун арслангуудыг байрлуулсан нь “Монгол орон бол халдашгүй дархан бат” гэсэн санааг илэрхийлдэг. Үндэсний баяр ёслолын үеэр төр засгийн хүмүүс хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг байлаа.
Морьтон баатруудын хөшөө юуг илэрхийлдэг вэ?
Хэрэв морьтон баатрын унасан морины урд талын хоёр хөл агаарт дээш өргөгдсөн байвал уг баатар дайнд амь үрэгдсэн, урд талын нэг хөл нь өргөгдсөн бол дайны үед шархтаж амиа алдсан харин морь хөлөө дээш өргөөгүй дөрвүүлээ газарт байхаар дүрслэгдсэн бол уг баатар жам ёсоороо өөд болсон гэж үздэг байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...