МОНГОЛД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ГАДААД АЖИЛТАНД ТОО ТОГТООХГҮЙ БАЙХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛӨӨ ЭРГҮҮЛЭН ТАТЛАА
- schedule Өнөөдөр 15 цаг 41 минут
- chat_bubble 0
УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг энэ сарын 19-ний өдөр өргөн барьсан. Гэвч хуулийн төслөө татан авч буй тухайгаа хууль санаачлагчид мэдээлэв.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: “Ажиллах хүчний хомсдолд орсон энэ үед өөр ямар гарц байх вэ гэдгийг эргэн судална. Мөн Монголын залуусыг ажлын байраар хангахад юу дутагдаад байна вэ, тэр шаардлагатай ур чадваруудыг богино хугацаанд ямар аргаар олгож болох вэ гэдгийг судалж, арга зам эрэлхийлье гэж бодож байна.
Тиймээс санал, шүүмжлэлийг анхаарч авч үзэхээр боллоо. Хувийн хэвшил, бизнесийн бүтээн байгуулалтыг дэмжсэн хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлд цаашид ажиллах байр суурь хэвээрээ байгааг хэлье” гэлээ.
Олон нийтэд мэдээллийг бүрэн гүйцэд өгөөгүйгээс нийгэмд бухимдал төрүүлсэн явдалд уучлалт хүсье.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл: “Хуулийг санаачилж өргөн барьсан гишүүд бид ярилцлаа. Мөн иргэдээс ирүүлж буй санал, шүүмжлэлийг хүлээн авч хуулийн төслийг эргүүлэн татаж байна. Гэхдээ бизнес эрхлэгчид тэр дундаа ЖДҮ эрхлэгчдийн өмнө тулгамдсан ажиллах хүчний, тогтвортой хариуцлагатай ажилтны, татварын дарамт зэрэг олон асуудалд бид дахин судалгаа хийнэ. Хуулийн төслийг өргөн барихдаа судалгаа тооцоог дутуу хийсэн, олон нийтэд мэдээллийг бүрэн гүйцэд өгөөгүйгээс нийгэмд бухимдал төрүүлсэн явдалд уучлалт хүсье” гэв.
Ташрамд мэдээлэхэд тус хуулийн төсөлд уул уурхай, газрын тос олборлох үйл ажиллагаанаас бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй бөгөөд энэ хугацаанд ажил олгогчийг гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх зохицуулалтыг тусгасан байв.
Манай улсад 1993-2006 оны хооронд төрөлтийн дундаж үзүүлэлт эрс бага байсан нь дотоодын ажиллах хүчний хомсдолыг үүсгэж, энэ хомсдол 2030 он хүртэл үргэлжлэх судалгаа гарчээ. Тиймээс уг төлөвийг харгалзаж, дээрх хуулийн төслийг өргөн мэдүүлж буй тухайгаа хуулийн төсөл санаачлагчид онцолж байсан юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...