Монгол улсын үндэсний шувуу – Идлэг шонхор
- schedule 2014 оны 11 сарын 4
- chat_bubble 0
МОНГОЛ УЛСЫН YНДЭСНИЙ ШУВУУ – ИДЛЭГ ШОНХОР
Улс орон бүр тархац нутаг нь хумигдан, тоо толгой нь эрчимтэй цөөрөх эрсдэл ихтэй шувуудыг хамгаалахад төрийн ба төрийн бус байгууллага, олон нийт, ард иргэдийн оролцоо, дэмжлэг чухал юм. Ихэнх улс орон өөрийн орны “Үндэсний шувуу” сонгож, түүнийг хамгаалах, тогтвортой ашиглах үйл ажиллагааг эрчимтэй явуулж байна.
Одоогоор дэлхийн нийт 87 улс орон Үндэсний шувууг (National Bird) сонгон зарлажээ.
Монгол орны жигүүртний хаан шонхорын талаар "Арга чадлаар сургасан анч шонхор шувуудын аль сайныг хүргэе" хэмээн Монголын нууц товчооны 249-р бүлэгт дурьджээ. Мөн 1272-1289 онд Хубилай хааны дэргэд амьдарсан Марк Поло түүний шонхороор ан хийдэг тухай бичсэн байдаг. Эзэн богд Чингис хааны үеэс энэхүү хурмастын амьтан-эрэлхэг, хүчирхэгийн билэгдэл болсон шувууг эрхэмлэн дээдэлж, тотем болгон ашиглаж байсан нь монгол орны түүх соёл, нүүдэлчин ахуй, их хаадын түүхтэй салшгүй холбоотой юм.
Идлэг шонхор нь манай орны хээр, ойт хээр, цөлөрхөг хээрт харьцангуй олон тоотой, харин говь цөлд цөөн тоотой амьдрах бөгөөд өргөн уудам, тал хээрийн бүс хөгжсөн Монгол орон зэрэг улс оронд үүссэн шувуу юм. Иймээс ч түүнийг заримдаа цөлийн шонхор /Desert Falcon/ гэнэ.
Дэлхийн ихэнх оронд хууль бус худалдаа их хөгжсөнтэй холбоотойгоор энэ шувууны тоо, толгой цөөрч, тархац нь хумигдсаар манай хөрш орнууд /ОХУ, Хятад, Казакстан болон бусад идлэг шонхор тархсан улсууд/ худалдаанд гаргах нөөцгүй болжээ. Тоо толгойн түүхэн мэдээнээс үзвэл Европ тивд 5000–10000 хос идлэг шонхор амьдарч байжээ. Энэ зүйлийн тоо толгой хорьдугаар зуун ялангуяа 1945 оноос хойш эрс цөөрөв (Baumgart et al. 1992).
Монгол орон бол энэ шонхорын дэлхийн үржлийн популяцийн цөм нутаг бөгөөд 1998-2000 онд О.Shagdarsuren et al. (2001)-ээр Монголд 2200-3000 хос, 2002 онд 6050 бодгаль шонхор байна (Монгол орны шонхорын тооллого 2002). 2003 онд тоо толгой харьцангуй цөөн үед тусгай зөвшөөрлөөр олон шонхор худалдсан нь түүнийг зохисгүй, шинжлэх ухааны үндэслэлгүй ашиглаж байсныг харуулж байна.
Манай орны хээрийн бүсэд өргөн тархсан хортон царцаа мэт хортон шавьж, үлийн цагаан зэрэг мэрэгч амьтдын тоо толгой нь хэт олшрох болон нүүдлийн үедээ эдгээр амьтад нь малын бэлчээр, МАА, ХАА-н бусад зориулалтын эдлэн газрын ургамлын нөмрөгийг цөлмөж, хээрийн экосистемд элсжилт, цөлжилт явагдахын үндсэн шалтгаан болдог. Эдгээрийг жилийн 4 улиралд жигд, тогтмол цөөрүүлэхэд идлэг шонхор шувуу нь хамгийн чухал үүрэгтэйгээр экосистемд оролцож байна. Хэрэв энэ шувууны тоо толгой цөөрвөл бэтгэ, эргүү зэрэг малын халдварт өвчин гарах давтамж өсдөг муу талтай.
Ихэнх улс орон өөрийн орны “Үндэсний шувуу”-г сонгож, түүнийг хамгаалах, тогтвортой ашиглах үйл ажиллагааг эрчимтэй явуулж байна. Одоогоор дэлхийн нийт 87 улс орон Үндэсний шувууг (National Bird) сонгон зарлажээ. (Өмнөд Солонгос/ Pica serieca/ Солонгос шаазгай, Япон / Phasianus versicolor/ ногоон гургуул, Англи /Erithacus rubecula/ өрнийн зээрд өмрүү, Америк /Haliaeetus leucocephalus/ цагаан усны нөмрөг, Хятад / Grus japonensis/ алаг тогоруу, Израиль / upupa epops/ өвөөлж, Турк / turdus iliacus/ цагаан хөмсөгт хөөндэй...
Идлэг шонхор нь Монгол улсын Улаан ном (1997), Амьтны аймгийн тухай хууль (2000) -ийн ховор амьтны жагсаалтанд ороогүй ч, Монгол улсын засгийн газрын 2005 оны 3-р сарын 21-ны 121-р дугаар тогтоолоор Монгол орны идлэг шонхор шувууг хамгаалах үндэсний хөтөлбөр батлагджээ. Энэ хөтөлбөрт идлэг шонхорыг судлах, хамгаалах, зөв зохистой ашиглах, цаашид гүйцэтгэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлов.
Энэ шувуу нь Ховордсон ургамал, амьтны зүйлийг Олон улсад худалдаалах Конвенци (Convention on International Trade in Endangered Species of Wild Fauna and Flora (CITES) (1973), Зэрлэг амьтны нүүдлийн зүйлийг хамгаалах Конвенци (Convention on the Conservation of Migratory Species of Wild Animals) (CMS) (Bonn Convention) (1979)-ын 2-р хавсралт, Дэлхийн биологийн төрөл зүйлийн Конвенци (Convention on Global Biodiversity) (CGB) (1992)-д хамгаалахаар заасан ба Байгаль, байгалийн нөөцийг хамгаалах олон улсын холбоо (IUCN)-ны үнэлгээгээр дэлхийд ховор зүйлд багтана.
МУИС болон Монголын Шувуу Судлалын Нийгэмлэгийн судлаач, дэмжигчид хамтран 2009-2012 онд Үндэсний шувуу тодруулах түүвэр санал асуулгыг Монгол орны 21 аймгийн 63 сум, Улаанбаатар хотын 8 дүүргийн иргэдийг оролцуулан хийлээ. Түүвэр судалгаанд оролцсон нийт 13,950 хүний 50,8% нь жигүүртний хаан шонхор шувууг “Үндэсний шувуу” хэмээн тодорхойлжээ.
ҮНДЭСНИЙ ШУВУУГ СОНГОХ ҮНДЭСЛЭЛ, ШААРДЛАГА
· Хууль болон хууль бус худалдааны нөлөөгөөр идлэг шонхор шувуу дэлхий даяар ховордож, үндсэн популяци болох Монгол орноос Арабын наймаачид хуулийн дагуу болон хууль бусаар олон бодгалийг гаргаж, улмаар ирээдүй нь бүрхэг болж байна. Иймээс ховордож буй энэ зүйлийг хамгаалахад энэхүү арга хэмжээ чухал. Хамгаалалтанд авахад ард нийтийн боловсрол болон мэдээлэл, сурталчилгаа чухал үүрэгтэй. Дэлхий нийт 9800 зүйл шувууны 12% нь мөхлийн ирмэгт ирээд байна.
· Дэлхийн улс орон бүр 9800 зүйл шувуу бүрийг үндэсний шувуу болгож, хамгаалалтанд авбал мөхөж буй зүйлийн тоо цөөрөх ба Идлэг шонхорын дэлхийн үржлийн хамгийн том зэрлэг популяцитай манай орон энэ зүйлийг үндэсний шувуу болгон хамгаалах арга замаар авч үлдэх нь зүйн хэрэг юм.
ИДЛЭГ ШОНХОРЫГ Ү НДЭСНИЙ ШУВУУ БОЛГОСНООР ГАРАХ ЗАРИМ ҮР ДҮН
1. Чингис болон Хубилай хааны түүх, соёлтой шууд холбогддог нэгэн шувуу болох жигүүртний хаан шонхорыг үндэсний шувуу болгосны дүнд энэ шувууны тухай бүх нийтийн боловсролыг дээшлүүлж, байгаль хамгаалалд чухал хувь нэмэр оруулна.
2. Хүн бүрийн таньдаг, манай оронд ердийн тархацтай ч дэлхийд ховордож буй шонхорыг үндэсний шувуу болгон хангалттай мэдээлэл өгөх, мэдлэг олгох арга замаар Монгол оронд хамгаалах ажлыг олон нийтийн дунд зохион байгуулна.
3. Хулсны баавгай /панда/ өнөөдөр АНУ-ын байгаль хамгааллын билэг тэмдэг болсон байдаг. Манай орны байгаль хамгаалал, аялал жуулчлалын чиглэлээр ажилладаг олон байгууллага, хувь хүн, байгаль хамгаалал, аялал жуулчлалын бусад чиглэлийн бүхий л үйл ажиллагаанд энэ шувуу үндэсний байгаль хамгаалал, аялал жуулчлалын билэг тэмдэг болж байна.
4. Эртний Монголчуудын байгаль тэр дотроо хурмастын амьтан- махан идэшт шувууд /шонхор, бүргэд/-ыг шүтэн ирсэн /тотем/ үзэл санаанд энэ шонхор яв цав нийлэх бөгөөд Монголчууд бид өөрсдийн эрэмгий зориг, эрч хүч, ард түмний эв нэгдэл, эрх чөлөөний билэг тэмдэгтэй болно. Түүний нэр нь манай улсыг төлөөлж байх бүрэн боломжтой. Заримдаа энэ зүйл шувууг Монгол идлэг шонхор гэж англиар нэрлэх нь бий. Бид Америкчууд Цагаан толгойт усны нөмрөг бүргэдийг эрх чөлөөний билэгдэл, үндэсний бахархал болгодог болохыг мэдэх билээ.
5. Зэрлэг онгон байгаль, байгалийн сайхны билэгдэл болсон үндэсний шувууны биологи, амьдралын онцлогийг харуулсан шувуу ажиглах, гэрэл зураг авах зэрэг олон улсад нэр хүндтэй аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнтэй болно.
6. Үндэсний шувууны өдөр /National Bird Day/-г тэмдэглэх, шуудангийн марк, ил захидал, стикер, зураг бүхий малгай болон цамцыг бэлтгэн гаргаж, аялал жуулчлалын дагалдах бизнес эрхлэгчдийг дэмжих, шувуу хамгаалах үйлст хүн бүрийг татан оролцуулах боломж нээгдэнэ.
7. Экосистемийн тэнцвэржилт, бэлчээр, ургамлын нөмрөгийг хамгаалах, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
8. Жигүүртний хаан шонхор нь өөрсдийн чадлаар тэмцэн амьдрах, зэрлэг онгон байгаль, байгалийн сайхны билэгдэл болж, байгаль дэлхий, эх нутгаа гэх сэтгэлгээг иргэн бүрт төлөвшүүлэх болно.
ЦААШИД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНУУД
Эх сурвалж: http://mcst.gov.mn
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...