Хөөрөг түүнийг хэрэглэх ёсон
- schedule 2016 оны 2 сарын 8
- chat_bubble 0
Хөөрөг бол монголчуудын зан үйлийг илэрхийлдэг нэгэн гол гоёл юм. Монголчууд уламжлалт ёсоороо мэндлэхдээ хөөргөөр тамхилдаг заншилтай. Хөөргийг урласан материалаар нь чулуу, шил, шаазан, яс, мод, мөнгөн хөөрөг гэж хуваадаг. Хөөргийг том жижиг янз бүрийн боловч дотор нь эрэгтэй, эмэгтэй хүнийх гэж ялгахаас гадна хавтганы, ямбаны, ширээний гэж ялгадаг. Эмэгтэй хүний буюу хавтганы хөөрөг жижигхэн хавтгай, дугуй зууван дугуй, тогтох сууригүй.
Түүнийг хэмх хунисан амтай дугуй хэлбэрийн торгон уутанд хийж ташаандаа зүүдэг. Эрэгтэй хүний хөөрөг том жижиг янз бүр бөгөөд түүнийг хөөрөгнийхөө хэмжээнд тохируулан урласан дайлан хийж бүсэндээ зүүх буюу өвөртлөнө. Даалин бол тэр хүний эхнэрийг хэр уран оёдог, шагладгийг, хадам нь бэрийнхээ хэр урныг, нөхөр нь суух хүүхнийхээ хэр зэргийг шалгадаг шалгуур байлаа.
Цахиур, мана, гартам, чүнчигноров гэх мэтээр хийсэн алт мөнгө шүр оюугаар толгой нуухийг нь чимэглэсэн хөөргийг найр наадам, цагаан сар, аян зам мэтэд хэрэглэдэг. Харин хөөрөгний халбагыг ихэвчлэн мод төмөр зааны ясаар хийсэн байдаг. Хөөргөөр тамхилах нь нарийн дэгтэй. Уулзаж буй хоёр хүн дайлангаасаа тус тусын хөөргийг гарган баруун гарынхаа алган дээр хэгас босоо барин солилцоно. Ингэхдээ толгойг үл ялиг онгойлгож өгөх бөгөөд эргүүлж өгөхдөө ч мөн янзаар нь буцааж барина. Ахмад настай хүнтэй тамхилахдаа зүүн гараараа хөөрөг барьсан баруун гарыг тохойноос нь түшиж хүндэтгэнэ. Ийн амар мэндээ мэдэлцдэг Монголын их ёсон буй.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...