“Музей ба соёлын өвийн дурсгалт газар” сэдэвтэй олон улсын музейн өдөр тохиож байна
- schedule 2016 оны 5 сарын 18
- chat_bubble 0
Олон улсын музейн холбооны санаачилгаар 1978 оноос тэмдэглэж эхэлсэн “Олон улсын музейн өдөр” өнөөдөр тохиож байна.
Анх 1977 онд Москвад болсон Олон улсын музейн зөвлөлийн ХI ерөнхий бага хурлаар жил бүрийн тавдугаар сарын 18-ныг “Олон улсын музейн өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарчээ. Олон улсын музейн зөвлөл нь музейн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ хандлага, хөгжлийг дэмжих зорилготой ЮНЕСКО-гийн салбар байгууллага.
1978 онд тус зөвлөлийн гишүүн 150 орон анх удаа “Олон Улсын музейн өдөр”-ийг тэмдэглэсэн байна. Манай улсын хувьд 2003 оноос энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн. Энэ жил “Музей ба соёлын өвийн дурсгалт газар” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байгаа.
Энэхүү өдрийг тохиолдуулан 11:00 цагт Монголын Үндэсний музейд олон нийтэд зориулсан лекц зохион байгуулна. Тус үйл ажиллагааны үеэр “Олон улсын музейн өдөр”-ийн тухай танилцуулга хийнэ. Мөн түүхийн ухааны эрдэмтнүүд “Ноён уулын дурсгал” сэдэвт “Зөв монгол хүүхдийг номоор хөгжүүлэх боломж” зэрэг сэдвээр илтгэл тавих юм байна.
Түүнчилэн өнөөдөр 11:00 цагт Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд Дэлхийн музейн өдөрт зориулан “Данжуурын гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх ёслол, Улаанбаатар хотын музейд “Социалист Улаанбаатар” сэдэвт музейн сан хөмрөгийн сэдэвчилсэн үзэсгэлэнгийн нээлт болох юм.
Тус өдрийг тохиолдуулан олон үйл явдал болох юм. Тэдгээрийн дотор “Богд хааны ордон музей”, Төрийн түүхийн музей зэрэг олон музейнүүд үнэ төлбөргүй үйлчлэх аж.
Иймд энэ сайхан өдрөөр улс орны эртний болон түүхэн дурсгалт үеүдийг харуулсан музейн үзмэрүүдийг ирээдүй хойч үедээ таниулах үүднээс эцэг, эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхэд багачуудыг үзүүлэн таниулж, эх орон, түүх дурсгал, өвөг дээдсээрээ бахархах үзэлд хүмүүжүүлэхэд их нөлөө болох юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...