Монгол улсын Ойн сан
- schedule 2013 оны 9 сарын 4
- chat_bubble 0
Монгол Улсын ойн сан нутгийн хойд хэсгийг эзлэх Байгаль –Сибирийн их тайга, төв Азийн хээр цөлийн торгон заагт уур амьсгалын эрс тэс нөхцөлд ургадаг байгалийн жамаар нөхөн сэргэх чадавхиар нэн хязгаарлагдмал, түймэр хөнөөлт шавж болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд хялбархан өртөмтгий шилмүүст, навчит ой, нутгийн өмнө талын говь цөлийн бүсээр тархан ургах заган ойгоос бүрдэнэ.
Талбай. 2011 оны 01-р сарын 01-ний байдлаар Монгол улсын ойн сан бүхий газар 18565.6 мян.га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.87 хувийг эзэлж байна. Ойн сангийн талбайн 75,1 хувийг шилмүүст, навчит ой, 24.9 хувийг заган ой эзэлж байна
Ойн сангийн газрыг ойгоор бүрхэгдсэн, ойгоор бүрхэгдээгүй, ойн бус гэсэн 3 бүлэгт ангилдаг.
- Ойн сангийн ойгоор бүрхэгдсэн газарт байгалийн ой, бут сөөг, таримал ой орох ба 12917.5 мян.га,
- Ойгоор бүрхэгдээгүй газарт байгалийн аясаараа ойжиж байгаа газар, тармаг модод, зориудаар ойжуулсан газрууд, түймэр хөнөөлт шавжид нэрвэгдсэн ой, мод бэлтгэсэн газар хамаарах ба 4712.1 мян.га,
- Ойн бус талбайд ойн цоорхой, цагаан энгэр, эвдрэлд орсон газар, намаг, тусгай зориулалтын зурвас, мод үржүүлгийн талбай зэрэг газрууд орох ба 935.9 мян.га талбайг тус тус эзлэнэ.
Аливаа улс орны ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбайг нийт нутаг дэвсгэрт нь харьцуулж хувиар илэрхийлсэн үзүүлэлтийг ойрхог чанар гэдэг.
Манай улсын ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбай /12.9 сая.га /-г улсын нийт нутаг дэвсгэр /156,4 сая.га/-д хувааж гаргахад ойрхог чанар нь 8.26% байна.
МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛЫН ОЙН ТАЛБАЙ /модны төрлөөр/
Өнөөгийн байдал: Одоогийн байдлаар ойн түймэрт нэрвэгдэж дахин сэргэн ургах чадваргүй болсон ой 1190.4 мян.га, ойн хөнөөлт шавжид идэгдэж хатаж хуурайшсан ой 95.6 мян.га, мод бэлтгэсэн талбайн хэмжээ 249.1 мян га, байгалийн гамшиг гэнэтийн салхи шуурганд нэрвэгдсэн ойн талбай 0,9 мян.га талбайг эзэлж байгаа нь ойн сангийн доройтлын голлох шалтгаан дээрх нөхцөлүүд болж байгааг баталж байна.
Хэрэгжүүлэх шаардлагатай байгаа арга хэмжээ: өнөөгийн байдлаар улсын хэмжээнд 1475.5 мян.га талбайд 32564.6 м.ш.м хатсан, 18453.9 м.ш.м унанги модыг цэвэрлэх, 123.3 мян.га талбайд арчилгаа хийх, 365.3 мян.га талбайд ойжуулалт, 338.1 мян.га талбайд байгалийн сэргэн ургалтад туслах, 24.2 мян.га талбайд өсвөр модыг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Монгол орны ойн сангийн нийт талбайн 82,9% - ийг хамгаалалтын бүсийн ой, 17,1% - ийг ашиглалтын бүсийн ой эзэлж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...