МОНГОЛД АНХ УДАА ТАРИФТ ЦАЛИНГИЙН ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БАЙГУУЛЛАА
- schedule Өчигдөр 16 цаг 27 минут
- chat_bubble 0
Монгол Улсын уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын голлох салбар болох стратегийн ач холбогдол бүхий Ноолуурын салбарт олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ, суурь зарчимд нийцсэн цалин хөлсний нэгдсэн системийг нэвтрүүлэхээр Монголын ноос ноолуурын холбоо, Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбоо, ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сан хамтран “Тарифын хэлэлцээр” төслийг амжилттай эхлүүллээ.
Энэ нь Монголд анх удаа олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээнд нийцүүлсэн тарифт цалингийн хамтын хэлэлцээр болж байна.
Уг тарифын хэлэлцээрээр нэг талаас ажилтны төлөөлөл, нөгөө талаас ажил олгогчдын төлөөлөл хооронд нийгмийн түншлэлийн хүрээнд, хэлэлцээр хийх замаар цалин хөлсийг тухайн жилийн салбарын эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлтэй уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоодог бөгөөд энэхүү хэлэлцээрийг дагаж мөрдөж буй аж ахуйн нэгж байгууллагуудад хөдөлмөрийн хүрээний суурь эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх сонгодог тогтолцоо юм.
Ноолуурын салбарын 230 гаруй ажил мэргэжлийн жагсаалт, ажлын байрны тодорхойлолтыг үйлдвэрлэлийн шат, дамжлага бүрээр нарийвчлан гаргаж, Үндэсний ажил мэргэжлийн ангилал тодорхойлолтод нийцүүлэн, ажил мэргэжил бүрд тавигдах мэдлэг, ур чадварын шаардлага, хүчин чармайлт, хариуцлага, хөдөлмөрийн нөхцөл зэрэг шалгуур үзүүлэлтүүдэд үндэслэн бүлэглэж, цалингийн итгэлцүүрийг тогтоон, ажил мэргэжлийг үнэлэх аргачлал, ноолуурын салбарын жишиг цалин хөлсний тарифын сүлжээг боловсруулан ажил олгогч нарт хүргүүлээд байна.
Уг цалингийн системийг салбарын түвшинд нэвтрүүлснээр ноолуурын салбарт зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай шинжлэх ухааны үндэслэл бүхий цалин хөлсний нэгдсэн системтэй болох юм.
Ингэснээр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцуудыг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж байгууллагуудын хөдөлмөрийн зах зээл дээрх шударга өрсөлдөөнийг дэмжих, ажилтны мэргэжил, ур чадварыг хэмжих, үнэлэх, хөдөлмөрийн норм, норматив тогтоох арга аргачлалыг нарийвчилж, боловсронгуй болох зэрэг эерэг үр нөлөөг үзүүлнэ гэж үзэж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...