Хойдыг чиглэж буй зааны аялал
- schedule 2021 оны 6 сарын 11
- chat_bubble 0
Г.Солонго
15 заанаас бүрдсэн зааны нэгэн сүрэг Хятад улсын баруун өмнөд нутгийн Юньнань мужийн нутаг дэвсгэрээс хойд зүгийг чиглэн хөдөлж, нэг жил гаруйн хугацаанд 500 орчим км замыг туулаад байна. Зааны сүргийн энэ “аялал” саяхнаас олон нийтийн анхаарлыг ихэд татах болж, олон хүн гар утас болон бусад төхөөрөмжөөр зааны аяллыг шууд дамжуулан үзүүлж байна.
Зааны сүрэг нь Хятад улсын Юньнань мужийн баруун өмнөд хэсэгт орших Сишуанбанийн Дай үндэстний өөртөө засах жөү (аймаг) дэх дархан цаазат газарт харьяадагддаг төрөлх ойгоосоо өнгөрсөн оны гуравдугаар сард хойд зүгийг чиглэн хөдөлж, улмаар тус мужийн хэд хэдэн хотыг дайран өнгөрч, өдгөө мужийн төв Куньмин хотын нутаг дэвсгэрт ирээд байгаа аж.
Зааны сүрэг төрөлх ойгоо яагаад орхин явсан нь тодорхойгүй боловч заанууд аяллын явцдаа олон ойгоор дамжин өнгөрч, горхи ус гаталж, тосгон болон хот суурин газруудаар дайрч, фермерийн аж ахуйд нэвтэрч, тариалангийн талбайд орсон байна.
Орон нутгийн оршин суугчид болон зааны сүргийн аль алиных нь аюулгүй байдлыг хангах ажилд Юньнань мужийн засаг захиргаанаас 1300 хүн, 329 ачааны машин, 11 дроныг дайчилжээ. Зааны сүрэгт бараг 2.1 тонн хоол тэжээл бэлтгэж, 11 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байна.
Одоогоор энэ сүрэг нь нас бие гүйцсэн зургаан эм заан, гурван эр зээн болон нас биед хүрэх гэж буй гурван заан, гурван тугалаас бүрдэж байна. Зааны сүргийн аяллыг нэг эм заан нь “толгойлж” байна.
Аялал анх 16 зааны бүрэлдэхүүнтэйгээр эхэлсэн бөгөөд өнгөрсөн оны 12 дугаар сард нэг тугал гарснаар 17-уулаа болсон аж. Харин энэ оны дөрөвдүгээр сард хоёр заан нь хоцорч, төрөлх нутаг руугаа буцсан байна.
Хятад улс нь зэрлэг ан амьтан, тэр дундаа ази зааныг хамгаалахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж ирсэн юм. Энэхүү хүчин чармайлт, хамгаалалтын ачаар, Юньнань муж дахь зэрлэг зааны тоо толгой 1980-аад онд 193 байсан бол өдгөө 300 орчим болж өссөн байна.
Одоогийн байдлаар Юньнань муж нь ази зааныг хамгаалах зорилгоор үндэсний болон бүс нутгийн хэмжээний 11 дархан цаазат газар байгуулжээ.
Ази заан нь 1986 оноос хойш Олон улсын байгаль хамгаалах холбооны (IUCN) "Устах аюулд орсон" амьтдын жагсаалтад байгаа юм. 2018 оны байдлаар, Өмнөд Ази болон Зүүн Өмнөд Азийн нутаг дэвсгэрийн байгальд энэ төрлийн 48-51 мянган заан байсан аж.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...