Г.Гангамаа: Гурвантэс сумандаа аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж байна
- schedule 2021 оны 12 сарын 11
- chat_bubble 0
Энэ удаагийн дугаартаа Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Гурвантэс сумын Засаг дарга Г.Гангамааг урьж ярилцлаа.
Тэрээр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрны багшаас эхлээд цэцэрлэгийн багш, эрхлэгч, 2012-2016 онд Гурвантэс сумын Засаг дарга, 2016 оноос Улаанбаатар хот “Монголдой” цэцэрлэгийн эрхлэгчээр тус тус ажиллаж байв. 2020 оноос төрөлх сумынхаа ард иргэдийн итгэлийг хүлээж, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон, Засаг даргаар ажиллаж байна. Г.Гангамаа нь арга зүйч багш, нийгмийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан бөгөөд өмнийн говийн шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй “цөөн” эмэгтэйчүүдийн төлөөлөл юм. Стратегийн ордтой, хилийн боомттой, аймагтаа хамгийн том газар нутагтай, хамгийн хол оршдог гээд түүний удирддаг сумын онцлог их. Тэрээр улсдаа томоохонд тооцогддог сумыг удирдах амаргүй албанд нэр төртэй зүтгэж яваа хүчирхэг эмэгтэй юм.
-Сайхан намаржиж байна уу. Гурвантэс сум Өмнөговь аймгийн томоохон сумдын нэг. Гурвантэс сумын онцлогоос яриагаа эхлэх үү.
-Налгар сайхан намрыг үдэж өвлийн сартайгаа золголоо. Өвлийн сар гарангуут сумын нутгаар цас орж, ихэнх нутаг цасан бүрхүүлтэй болсон байгаа. Манай сумын хувьд бусад сумтай харьцуулахад онцлох зүйл олон байгаа. Алслагдсан байдлаараа онцлог. Жишээ нь аймгийн төвөөсөө 360 км, Улаанбаатар хотоос 1000 км алслагдсан. Манай сум газар нутгийн хэмжээгээрээ аймагтаа төдийгүй Монгол улсын сумдаас хамгийн том бөгөөд Сэлэнгэ аймагтай тэнцэх хэмжээний гэсэн үг юм.
Мөн хилийн боомттой, аймгийнхаа хамгийн захын сум. Баруун талаараа Баянхонгор аймагтай хиллэдэг. Манай сумын нутагт, алт, нүүрс, давс, чулууны уурхайнууд ажилладаг. Өнөөдрийн байдлаар Нарийн сухайтын ордод нүүрсний 4 уурхай үйл ажиллагаа явуулж байна. Давсны уурхайд иргэд байгалийн давс олборлон ажилладаг. Чулууны 2 уурхай мөн ажиллаж, сумын нутаг дэвсгэрт нийтдээ 8 уурхай үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар алтны уурхай зогсонги байдалтай байгаа.
Гурвантэс сумын газар нутгийн 4/3 хувийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Хамгаалалтын 2 газрын захиргаанд харьяалагддаг. Гурвансайхан тусгай хамгаалалтын захиргаанд Гоёот багийн нутаг Нэмэгт, Гилбэнт, Алтан уул харьяалагддаг. Тосон бумбын нурууг 2016 онд хамгаалалтад авсан. Хамгаалалтын захиргаа нь энэ оноос үйл ажиллагаа нь жигдрээд явж байна. Тус хамгаалалтын захиргаанд Тосон бумбын нуруу орчмын газар нутаг хамаарагддаг. Уул уурхай, мал аж ахуйг хослуулан эдийн засгаа бүрдүүлдэг. Цаашид зөвхөн уул уурхайгаас хамааралтай үйл ажиллагаа явуулахаас илүүтэйгээр газрын дээрх баялгаа ашиглаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх нь чухал юм. Бид аймгийн төв сумыг холбосон замыг богино хугацаанд хийж дуусгаж, энэ замаа дагаж аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Аялал жуулчлал бол манай сумын онцлох зүйлийн нэг. Яагаад гэвэл манай сумаас Монгол улсын нэрийг дэлхийд гаргасан үлэг гүрвэлийн олдвор олдсон байдаг. Их, Бага хонгилоос үлэг гүрвэлийн олон олдворууд олдсон нь улсын төв музейд болон Хүннү моллд байгаа олдворуудыг нэрлэж болно. Байгалийн үзэсгэлэнт газар маш ихтэй. Хэрмэн цав, Их, Бага хонгил, Тосон бумба зэрэг гайхамшигтай сайхан газрууд бий. Ийм ч учраас манай сумын хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэх нь маш чухал юм.
Мөн хилийн боомтоор зөвхөн нүүрс экспортлох биш дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг барин ажиллаж байна. Энэ бол яалтгүй манай сумын онцлох зүйлийн нэг юм.
-"Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд суманд бүтээн байгуулалтын ямар ажлууд хийж байна вэ?
-“Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд томоохон хөрөнгө оруулалтын ажлууд хийж байна. Хэдийгээр цар тахалтай эдийн засаг хямарсан үе тохиосон ч гэсэн төлөвлөсөн тоймтой томоохон ажлуудыг хийж байгаа. Тухайлбал Даланзадгадаас Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай авто замыг 30 км-ээр ахиулж, 20 км авто замыг ашиглалтад орууллаа. Үлдсэн 10 км нь удахгүй дуусна.
Мөн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, газар тариалан эрхлэгчдийг дэмжих, малын үүлдэр угсааг сайжруулах зорилготой ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд газар тариалан эрхлэгчдийг дэмжиж, Хуршуутын голын услалтын системийг сайжрууллаа. Ингэснээр газар тариалан эрхлэгчдийн тоо нэмэгдсэн төдийгүй ургацын хэмжээ нэмэгдсэн. Зөвхөн хүнсний ногоо тариалдаг байсан бол энэ жил 6 төрлийн малын тэжээл туршиж үзсэний үр дүнд 20 орчим тонн малын тэжээл хураан авлаа.
“Усжуулалтын II аян”-ы хүрээнд энэ жил орон нутгийн хөрөнгө оруулалтаар 8 худаг шинээр гаргалаа. Мөн гүн өрмийн 2 худаг засварлаж, нийт бэлчээр 10 худгаар нэмэгдлээ. Сумын төвд 1,6 км хатуу хучилттай авто замыг барьж дуусгалаа.
Манай сумын бүх албан байгууллага, аж ахуй нэгж, цэвэр бохир усны шугам сүлжээнд холбогдсон байгаа. Харин айл өрхүүдийн хувьд 20-оод хувийг нь холбосон байгаа нь улсын хэмжээнд дээгүүрт ордог. Аймгийн 880 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дулааны шугам сүлжээг сольж шинэчилсэн. Цэвэр бохир усны өргөтгөлийн ажлыг аймгийн 580 сая, сумын 420 сая төгрөгийн хөрөнгөөр нийт 1 тэрбум орчим төгрөгөөр хийж дууслаа.
Бүх хичээл сургалт цахимжсан энэ цаг үед малчдад үүрэн холбооны сүлжээ маш чухал байгаа. Сумынхаа бүх багийн нутаг дэвсгэрийг сүлжээнд холбохын тулд үүрэн холбооны сүлжээний өргөтгөлийн ажлууд хийгдэж, Баясах багт Юнителийн сүлжээг өргөтгөв. Сумын ерөнхий төлөвлөгөөг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байна. Төлөвлөгөө сайн байсны үндсэн дээр тухайн газрын хөгжил сайн байх ёстой. Тиймээс бид төлөвлөгөөгөө маш сайн хийх хэрэгтэй.
Мөн хилийн боомт, нүүрс тээврийн замд байдаг суурьшлын бүсийн төлөвлөгөөг аймгийн хөрөнгөөр хийж байна. Суурьшлын бүсийг тохижуулахын тулд тэнд ус, цахилгааны асуудлыг шийдэх ёстой. Цахилгааны асуудлыг аймгийн хөрөнгөөр шийдсэн бөгөөд энэ өвөлдөө суурьшлын бүсээ тогтой болгохоор ажиллаж байна. Аймгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бүх ажил “Нутгийн хишиг” хөтөлбөрийн үр шим юм.
-Стратегийн томоохон орд болох Нарийн Сухайтын бүсийн уурхайнууд сум орон нутагтай хэрхэн хамтран ажилладаг вэ?
-Энэ ордод үйл ажиллагаа явуулдаг уурхайнууд жил бүр ажлаа төлөвлөн ажиллаж байгаа. Тухайлбал МАК ХХК 320 хүүхдийн сургуулийн хичээлийн байр, дотуур байртай нь шийдэж өгсөн. Хүрэн толгой майнинг ХХК суманд Биеийн тамир спортын заал барьж өгсөн. SGS компани цэцэрлэг барьж өгсөн байгаа. Өсөх зоос ХХК нь Хүн эмнэлгийн барилгын өргөтгөлийн ажлыг хийж өгсөн. Жавхлант орд ХХК хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн гэх мэтийн томоохон хөрөнгө оруулалтыг хийжээ. Үүнээс гадна байгаль орчны чиглэлээр хамтран ажиллаж тодорхой ажлуудыг хийдэг. Малчдад худаг ус гаргах, зэрлэг ан амьтанд зориулсан худаг гаргах, хөв цөөрөм байгуулах ажлыг хийж байна. Цаашид газар тариалан эрхлэлтийг дэмжих, мод тарих, ойжуулах цөлжилтийн эсрэг ажлыг түлхүү хийнэ. Сумын төвд хэд хэдэн газар ойн төгөл бий болгоод байна. Мөн уул уурхай эрхэлж байгаа газрууддаа тодорхой хэмжээний төгөл бий болгосон.
Мөн өвөлжилт хүндэрсэн цаг үед малчдад өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх, Ковидын үед оношлуур болон бусад хамгаалах хэрэгсэл эм, эмнэлгийн тусламжийг тодорхой хэмжээнд үзүүлдэг.
-Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа хэвийн явж байгаа юу? Тэнд ажиллаж байгаа жолооч нар болон бизнес эрхлэгчдийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах ямар ажлууд хийж байна?
-Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан боомтын үйл ажиллагаа бүтэн жил хэвийн явж чадсангүй. Хилийн орчимд ажиллаж байгаа жолооч нар, жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлчилгээ үзүүлдэг иргэдийн тохь тухтай байдлыг анхаарч ажиллаж байна. Учир нь Ерөнхий төлөвлөгөө байхгүй,газар нь замбараагүй олгогдсон, зохион байгуулалт байхгүй, төрийн үйлчилгээ байхгүй байдалтай нэлээд олон жил болсон. Бид тэр байдлыг цэгцлэхийн тулд суурьшлын бүсийн төлөвлөгөөг гаргаж байж, тэр дагуу газрыг нь олгох ёстой гэсэн зарчмаар төлөвлөгөө хийгдэж байна. Энэ төлөвлөгөө гарвал төрийн үйлчилгээ, кэмпүүд, үйлчилгээний газрууд, зам талбай нь хаагуур байх нь тодорхой болж, түүнийхээ дагуу газар олголтоо хийгээд, цаашид орчин нөхцөлөө сайжруулаад явах боломжтой болно. Тэнд олон хүн амьдрал ахуйгаа залгуулдаг хэдий ч тог цахилгаангүй хүнд байдалтай байгаа. Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар цахилгааны асуудлыг шийдвэрлэхээр болсон. Энэ өвөлдөө амжаад гэрэл цахилгаантай болох байх. Ирэх хавраас газрыг нь олгоод, тохилог сайхан кэмптэй болж, ээлж, ростертой болоод явах боломж бүрдэх байх.
Жолооч нар жилийн дөрвөн улиралд машиныхаа кабинд амьдарсан. Тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад түр олгох газрын зөвшөөрлийг олгож эхэлсэн. Ерөнхий төлөвлөгөөг гартал түр олгогдсон газар дээр өөрсдөө түр кэмпээ байгуулаад жолооч нараа тохитой тухтай байлгах боломж нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Мөн Ковидын үед жолооч нар эм, эмчийн үйлчилгээ авах, усанд орох зэргээр сумын төвд орж ирдэг байсан. Энэ нь эрсдэл ихтэй, нүүрс экспортлох, улсын эдийн засгийг бүрдүүлэх ажилд сөрөг нөлөөтэй байсан учраас бид жолооч нарыг усанд орох орчин нөхцөлийг бүрдүүлж, жижиг бизнес эрхлэгчдийн халуун усны газар байгуулах ажлыг дэмжсэн байгаа. Мөн Эмийн сан байгуулсан. Жолооч нарт үйлчлэх эмчийн орон тоог нэмэгдүүлсэн.
Боомтод жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн орчин нөхцөлийг сайжруулах, гэрэл цахилгаантай болгох, тээврийн компаниудад газрыг нь олгоод тохитой сайхан кэмптэй болгох зэрэг шийдвэрлэх боломжтой асуудлуудыг шат дараатайгаар шийдвэрлэн ажиллаж байна.
-Байгаль орчныг хамгаалах чиглэлийн ажлуудаасаа товч танилцуулна уу?
-Байгалийн үзэсгэлэнт газруудынхаа талаар эхний асуулт дээр дурдсан байгаа. Мэдээж байгалийн үзэсгэлэнт газрууд ихтэй учраас бид хайрлан хамгаалж, газрын дээрх баялгаа ашиглан хөгжих эхний алхмаа хийсэн. Хэрмэн цав, Их бага хонгилын маршрутаар аялал жуулчлал хөгжүүлнэ. Сумын төсвөөр Аялал жуулчлалын ерөнхий төлөвлөгөөг хийж байна. Энэ бол маш том ажлын эхлэл гэж ойлгож байгаа.
2012 онд Гурвантэс сум 64 лицензтэй байсан бол 2016 гэхэд 32 болгож 50 хувь бууруулж чадсан. 2020 онд 24 лицензтэй байсан байна. 2015 онд хамгаалалтад авсан байсан газрын хугацаа дуусаж аймгийн ИТХ-аар сунгаж хамгаалалтад авсан байгаа. Тэнд ашиглалтын лицензүүдийг орхигдуулж хамгаалалтад авсан буюу дахин 4 лицензийг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа. Эдгээр газар нь байгалийн гайхамшиг бүрдсэн Хүрэн ханын хэц , Баясах багийн нутаг дэвсгэр дахь Эрдэнэ уул гэдэг газар нь 2012 оноос өмнө уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаад орхиж, нөхөн сэргээлт хийгээгүй газар байсан. Лиценз нь хүчинтэй хэвээр байж байсан энэ газрыг бид хамгаалалтад авлаа. Ер нь нэг сумын нутаг дэвсгэрт олон компани уул уурхайн үйл ажиллагаа явуулах нь тухайн нутгийн иргэдийн амьжиргаа доройтох, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тул дахиж шинээр уурхай нээх шаардлагагүй гэсэн бодлогыг барьж ажиллаж байна.
2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Тосон бумбын нурууг хамгаалалтад авсан байдаг. Үүнээс хойш хамгаалалтын захиргааг байгуулж, 2021 оны 1 дүгээр сараас үйл ажиллагааг нь идэвхжүүлсэн. Орон нутгийн удирдлагын хувьд байгаль орчны чиглэл дээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн. Энэ нь Тосон бумбын нурууг хамгаалах үндэслэлийг гаргасан. Энэ жилээс археологийн судалгааг эхлүүлсэн. Судалгааны эрдэмтдийн багийн зүгээс орон нутаг санаачилгаараа бидэнд хандаж, археологийн судалгаа хийлгэж буйд талархаж байна. Монгол улсад ийм сум цөөн бий гэж байсан. Өмнөговь аймгийн хэмжээнд 5 мянга шахам археологийн олдвор байгаа гэсэн хэдий ч бүх газар их дутмаг байна. Зөвхөн Тосон бумбад судалгаа хийхэд 2 мянга шахам бүртгэгдэж байна. Үүнээс үзэхэд улс аймгийн хэмжээнд археологийн судалгаа хангалтгүй байдаг нь харагдаж байна. Танай Тосон бумбаас илүү олдвор Баясах багийн нутагт бий шүү гэж археологийн багийнхан хэлж байсан. Ирэх жилүүдэд бид археологи, палеонтологийн судалгааг хийлгэж, албан ёсоор бүртгэлжүүлж, түүн дээр түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэн нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхээр зорин ажиллаж байна. Тосон бумбын нурууны археологийн судалгаанд 30 сая төгрөг зарцуулсан. Ирвэс хамгаалах сан манай Тостод үйл ажиллагаа явуулдаг. Тэр байгууллагатай хамтран малчдын нөхөрлөлүүдийг байгуулан дэмжиж, энэ жил нөхөрлөл бүрд мотоцикл өгсөн. Мөн БОАЖЯ-аас автомашин өгч дэмжсэн. Байгаль хамгаалах ажлыг төр, хувийн хэвшил, орон нутгийн удирдлагуудын зүгээс ч хамгийн түрүүнд авч үзэж, шийдэх ёстой ажил гэж бодож дээрх ажлуудыг шийдвэрлээд явж байна. Ер нь сумынхаа газар нутаг дээрх олдворуудыг судалж, нээн хөгжүүлэх, хатуу хучилттай замаа холбож жуулчдыг татах, үзэсгэлэнт газруудынхаа гайхамшгуудыг олонд сурталчлан таниулах ажлуудыг хийхээр анхны төлөвлөгөөгөө боловсруулан ажиллаж байгаагаа дурдахад таатай байна.
-Аймгийн төвөөс хамгийн их алслагдсан сумын иргэдийг сумандаа сайхан амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх тал дээр ямар ажлууд хийж байна вэ?
-Сумандаа сайхан амьдрахын тулд хамгийн түрүүнд хувийн хэвшлээ дэмжиж ажиллах хэрэгтэй. Өмнө би энэ сумын Засаг даргаар ажиллаж байсан. Тэр үед хувийн хэвшлийг сайн ойлгодоггүй, хангалттай дэмжиж чадаагүй гэж бодож явдаг. 2016-2020 он хүртэл хувийн хэвшилд ажиллаж байж хувийн хэвшлийнхнийг дэмжих ёстойг ойлгосон. Суманд үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, төсөл хөтөлбөрүүдийг дэмжих, төрийн хийж байгаа ажлуудыг хувийн хэвшилтэй яаж холбох боломжийг судлах, хамтарч ажиллах тал дээр анхаарах хувийн хэвшлийг дэмжиж байж ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилтай орлоготой болгох тал дээр тодорхой ажлуудыг хийж байна. Тухайлбал манай суманд оёдол хийдэг бүсгүйчүүд олон байдаг. 2012-2016 онд уул уурхайн компаниудтай жижиг дунд эрхлэгчдийг хамтран ажиллах эхлэл тавьж, цех байгуулж байсан. Гэтэл өнөөдөр өргөжиж тэлээгүй, ажилчдынхаа тоог нэмээгүй, томорч чадаагүй байна. Иймээс оёдлын үйлдвэр барих ажлыг эхлүүлэхээр болсон. Бид ганц ганцаараа, цөөхүүлээ салангид байдалтайгаар үйлдвэрлэл хөгжүүлэх нь амжилтад хүрэх зөв шийдвэр биш юм. Аль болох нэгдэж байж жижиг бизнесээ дундын болгох, дундын бизнесээ өргөжүүлж том болгох ийм бодлого зорилгыг дэмжиж ажиллана. Мөн малчдын хувьд малынхаа тоо толгойг өсгөж, мянгат болоход анхаарах бус малынхаа чанарыг сайжруулж үүлдэр угсаа сайтай малтай болгох ашиг шим сайтай малтай болгоход дэмжиж байна. Өмнө нь малжуулах хөтөлбөрөөр айлуудаас мал аваад айлд маллуулаад ашиг шимийг нь аваад тодорхой үр төлийг нь авч, өөрөө малжаад дараагийн айлд шилжүүлэн өгөх зарчмаар явдаг байсан. Харин энэ жилээс бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор үржил шим сайтай махны чиглэлийн хонийг өсгөх, ноолуур сайтай ямааг өсгөх бодлого зорилтыг хэрэгжүүлж эхэллээ. Үүлдэр угсаа сайн малтай болохын тулд үүнийгээ дагаад малын тэжээлийн ургамлыг тариалах шаардлага үүснэ. Энэ жил туршилтаар 6 төрлийн ургамлыг тариалсан. Цаашид ургаж болох юм байна гэсэн ойлголттой болсон. Цаашид тариалан эрхлэгчдээ дэмжихээр ус булаг сайтай Хуршуут хэмээх газрын орчимд 5 км-ийн урт том хашаа хайстай болгохоор төлөвлөн ажиллаж байна.
Манай сумын хүн амын 60 хүртэлх хувь нь 35-аас доош насны залуучууд байдаг. Залуучуудаа ажилтай орлоготой, ажлын байртай болгох, тэднийгээ хөгжүүлэх, хамтран зөвлөлдөх боломжоор хангахын Залуучуудын хөгжлийн төвийг барихаар төлөвлөсөн. Энэ жил зураг төсвөө хийгээд дараа жилээс барилгын ажил эхэлнэ. Иргэдээ бизнес эрхлэх зөвлөгөө зөвлөмж авах, нэгдэж нийлэн ажиллах боломж бүрдэнэ. Их дээд сургуулиа төгсөөд хаана хандах зүг чигээ олоогүй залуус хөгжлийн төвдөө очиж гарааны бизнес эхлэх зөвлөгөөгөө авч болно. Мөн төрийн албанд орох сонирхолтой бол ямар ямар бичиг баримт бүрдүүлж, хаана хандах талаарх зөвлөгөөгөө авах боломж нөхцөл бүрдэх чухал ажил гэж ойлгож байгаа.
-Таны хувьд аймгийн ИТХ-ын "цөөхөн" эмэгтэй төлөөлөгчийн нэг. Охид, эмэгтэйчүүд, эхчүүдийг дэмжих, эрх ашгийг нь хамгаалах, хүчирхийллээс ангид байлгах гээд асуудал их байна. Аймгийн ИТХ-аас гарсан шийдвэр хангалттай байж чадаж байна уу?
Хүүхэд эмэгтэйчүүдтэй холбоотой асуудал бол хамгийн чухал асуудлын нэг. Улс, аймаг, сумын түвшинд хүүхэд, эмэгтэйчүүдийн талаар гаргаж байгаа шийдвэрүүд багадаагүй олон шийдвэр гардаг. Гэвч түүнийг хэрэгжүүлэх нь бодит амьдрал дээр учир дутагдалтай байна. Жишээ нь тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарж хийх ажил нь хөрөнгө мөнгө нь дутагдалтай байх, түүнийг хэрэгжүүлэх хамтарч ажиллах баг бүрэлдэхүүн ойлголт муутай байх, мөн эв эеэ олохгүй байх зэрэг байдал ажиглагддаг. Ялангуяа Ковидын үед хүн бүр гэртээ байгаа энэ цаг үед хүүхэд эмэгтэйчүүдийн хүчирхийлэл маш ихсэж байгаа нь санаа зовоож байна. Энэ талаар тодорхой ажлуудыг хийхээр зорьж байгаа. Манай сумын хувьд төрийн байгууллагууд болон хүүхэд, эмэгтэйчүүдийн талаар хамтарч ажиллах субъектүүд хамтарч ажиллаж болох хувийн болон төрийн байгууллагуудад сургалтууд зохион байгуулж байна. Архины хамааралтай хүмүүсийн бүртгэл судалгааг хийгээд архины хамааралгүй болгох, ажил, орлоготой болгох тал дээр ажлууд хийж байна. Жишээ нь байгууллага бүрд нэг хүмүүсийг даалгаж, ажил, амьдралыг нь дэмжүүлэх анхаарал тавих ажлыг хийж байгаа. Мөн бүх байгууллагын ажилтнуудын ар гэр хүчирхийлэлгүй байх тал дээр анхаарч, хэрэв хүчирхийлэлд өртдөг ажилтнууд байдаг бол тэднийгээ анхаарч ажиллах үүрэг чиглэлийг өгч байна. Аймгийн ХХҮГ-аас төсөв санхүүг нь шийдвэрлүүлж хэрэгжүүлж буй төслүүдэд хүчирхийлэлд өртөж болзошгүй хүмүүсийг хамруулж, түрээсийн байраар хангах ажлыг хийлээ. Хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд тэгш хамруулах нөхцөл боломжоор хангах, тодорхой хуваарийн дагуу анхаарвал зохих айлуудад очиж амьдрал ахуйтай нь танилцаж, тулгамдсан асуудлыг шийдэж байна. Тухайлбал түлээ нүүрсгүй айлыг түлээ нүүрсээр хангах, хоол хүнсгүй айлыг хоол хүнсээр хангах зэрэг ажлыг хийж байна. Цаашид хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс ангид байхын тулд хүмүүсийг ажилтай, орлоготой болгох мөн мэдээлэл өгч, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах өөрсдийг нь нийгэмд идэвхтэй байлгах тал дээр анхаарал хандуулж ажиллах ёстой юм байна. Эмэгтэй төлөөлөгчийн хувьд энэ асуудлуудад санаа зовниж эдгээр ажлуудыг хийж байна. Гэвч Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан бүх зүйл санаснаар болохгүй тохиолдол байна. Цаашид ч багш хүний хувьд, ээж, эмэгтэй хүний хувьд, сум удирдаж яваа хүний хувьд энэ бол хамгийн нэгдүгээрт шийдэх ёстой ажил гэж боддог.
-Том сумыг удирдаж байгаа танд багагүй бэрхшээл тулгардаг байх. Сэтгэл зовнисон, шийдвэрлэх шаардлагатай ямар ямар асуудлууд байдаг вэ?
-Ажил амьдрал өрнөж байгаа газар ямар нэгэн алдаа дутагдал байдаг хэдий ч байх ёстой юм шиг хүлээж авч болохгүй. Алдаа дутагдал гаргахгүйн төлөө ажиллах ёстой гэж бодож явдаг. Хамгийн түрүүнд санаа зовоож байгаа асуудал нь Ковид байна. Энэ өвчнийг аль болох эндэгдэл багатай ард гарах юмсан гэж хичээж байгаа. Энэ өвчнийг давж гарах нь зөвхөн эмч эмнэлгийн ажилтнууд, төрийн байгууллагын үүрэг биш бид бүхнээс шалтгаална. Иймээс бүгдээрээ хичээх хэрэгтэй байна. Нийгэм маш хурдацтай өөрчлөгдөж байна. Дэлхийн цаг уур ч гэсэн учир нь олдохгүй өөрчлөгдөж байна. Зарим тохиолдолд өвлийн улиралд нэмэх градустай байх, зуны сард цас орж байх жишээтэй. Ийм ойлгомжгүй болсон цаг үед нийгэм хүмүүсийн хандлага маш их өөрчлөгдөж байна. Бид хүмүүсийн хандлагыг эерэг байлгах ёс зүйтэй байлгах тал дээр гол анхаарал хандуулж ажиллах цаг болжээ. Монгол улс ч гэсэн энэ тал дээр тодорхой алхам хийж эхэлж байна. Тухайлбал боловсролын салбарт АНУ-ын нийгмийн ёс зүй хандлагыг төлөвшүүлэх С хөтөлбөрийг оруулж ирээд ЕБС-уудад туршиж байна. Энэ хөтөлбөрийг сум орон нутагтаа хэрэгжүүлье гэсэн саналыг хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагад хандаж, Гурвантэс сумандаа хэрэгжүүлэхээр болсон. Монголд цөөхөн сургуульд хэрэгжиж байгаагаас хөдөөгийн сумдаас манайх анхдагч нь болж байна. Хүүхдүүдийн өвлийн амралтын үеэр багш нарт сургалт зохион байгуулж, цаашид хүүхдүүдэд сургалтыг хийнэ. Энэ хөтөлбөрийн гол агуулга нь хүүхдүүдэд ёс зүйн хандлагыг төлөвшүүлэх сургалтыг ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт оруулснаар АНУ-д үр дүнгээ өгч байгаа юм билээ. Үүнийг Монголын хөрсөнд буулгаж, хэрэгжүүлэх зорилготой явж байгаа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
ЭХ СУРВАЛЖ: АЛТАЙ НУТГИЙН МЭДЭЭ СОНИН
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...