ОНЦЛОХ БҮТЭЭЛ: “НОЁН ЭМЭГТЭЙ” НОЁЛСОН 10 ШАЛТГААН
- schedule 2022 оны 10 сарын 11
- chat_bubble 0
Хувьсал продакшны долоо дахь уран бүтээл “Ноён эмэгтэй” МУСК олны анхаарлын төвд ороод буй. Уг кино энэ оны наймдугаар сарын 26-нд нээлтээ хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 150 мянга гаруй үзэлттэй болсон. Тэгвэл та бүхэндээ “Ноён эмэгтэй” киноны талаарх онцлох 10 баримтыг хүргэж байна.
1. 45 ХОНОГИЙН ДОТОР 150 МЯНГА ГАРУЙ ҮЗЭЛТ!
"Хувьсал" продакшны бүтээл "Ноён эмэгтэй" УСК 45 хоногийн дотор 150 мянга гаруй үзэлттэй боллоо. Менежментийн компаниас гаргасан судалгаагаар энэ жилийн хамгийн олон үзэгчтэй киногоор "Ноён эмэгтэй" УСК тодорчээ.
2. МУГЖ Г.АРИУНБААТАРЫН ГЭРГИЙ “БҮЖИН” Б.БАЯРМААГИЙН ЭРГЭН ЭРЭЛТ
Удаан хугацаанд урлагаас хөндийрөөд байсан жүжигчин Б.Баярмаа “Ноён эмэгтэй” киногоор эргэн ирэлт хийсэн нь үзэгчдийн анхаарлыг татав. Үүнтэй холбогдуулан түүний нөхөр МУГЖ Г.Ариунбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Хар даа! Тэр минь миний бахархал. Түүний хажууд би яг жоохон хүүхэд шиг л байдаг, яагаад юм мэдэхгүй, Тэр шидтэй эмэгтэй, баярладаг шүү, чиний нүдээр амьдралыг ганцхан харах юмсан. Элдэв гялгар үгээр биш үйлдлээрээ, амьдралаараа нотлох болноо Чамд Хайртай гэж...” гэжээ.
3. КИНО ЗОХИОЛЧДОО БАРЬСАН ГЭНЭТИЙН БЭЛЭГ
Киноны нээлтийн үеэр "Хувьсал" продакшны үүсгэн байгуулагч У.Уранчимэг продакшны жүжигчин, кино зохиолч Г.Бямбасүрэнг есөн жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж, нэг өрөө байраар шагнав. Кино зохиолч бүсгүйн хувьд "Тэнгэрээс буусан од" киноны зохиолыг бичсэн бөгөөд энэ удаа С.Жаргалсайханы "Бид эрчүүдийг хүснэ" зохиолын дөрвөн дүрийг 16 болгож задалж бичсэн байна.
4. МУГЖ У.УРАНЧИМЭГ 50 НАСАНДАА НҮЦГЭЛЭВ
Уг үзэгдлийн зураг авалт 12 цагийн турш үргэлжилжээ. Эл үзэгдэлд жүжигчин У.Уранчимэг усанд орж буйг дүрсэлдэг бөгөөд тэрээр бүтэн нүцгэлсэн юм. Бусад дэлгэцийн бүтээлүүдийн адил биеийг хэсэгчлэн харуулах аль эсвэл орлон тоглогч тоглуулаагүй нь үзэгчдийн сонирхолыг ихэд татав. Түүний бие залуу охидоос дутахааргүй fit гэдгийг “Миний нууц” кино, “Тамгагүй төр” жүжгээр бид харсан билээ.
5. THUNDERZ-ГИЙН “НОЁН ЭМЭГТЭЙ” ДУУ 2.9 САЯ ҮЗЭЛТТЭЙ БОЛЛОО
Кинонд зориулан хоёр дуу гаргасан бөгөөд түүний нэг реппер ThunderZ-ийн дуулсан “Ноён эмэгтэй” дуу 28 хоногийн дотор 2.9 сая хандалттай болов. Түүнчлэн клипний зураг авалтад киноны уран бүтээлчид өөрсдөө тоглосон нь нүб гялбаж харц булаам болжээ.
6. “ЭГЧ ДҮҮ ГУРВАН ГАХАЙ" БА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТУЛААНТ КИНО
Киноны хамгийн үзүүштэй хэсэг бол эмэгтэйчүүдийн тулааны хэсэг. Монгол киноноос төдийлөн харж байгаагүй гэхэд хилсдэхгүй тулааны хүнд, ур чадвар шаардсан хэсгүүдийг эмэгтэйчүүд бүтээсэн нь шинэ дүр төрх байлаа. Мөн эгч дүү гурван эмэгтэйн дүрд тоглож буй жүжигчдийн нүүрний хувирал, биеийн хэлэмж тэдний дүрийг тодотгож өгчээ. Эгч дүү гурвын хамгийн бага дүүгийн дүрийг бүтээсэн жүжигчнийг Т.Дашсурмаа гэдэг бөгөөд тэрээр ОХУ-д ВГИК төгссөн гэдгээрээ анхаарлын төвд байна.
7. КИНОНЫ ЧИМЭГ, ШИНЭ ЖҮЖИГЧИН “БАВНАА” БУЮУ У.ОДОНТУЯА
Кино болгонд нэгэн хэвийн дүр бүтээдэг жүжигчид төдийлөн олны анхаарлыг татдаггүй. Харин харагдаж үзэгдээгүй шинэ хүмүүс содон дүр бүтээх нь үзүүштэй. Тэгвэл гэнэн хонгор, хөгжилтэй, дэггүй бүсгүйн дүрийг бүтээсэн жүжигчин У.Одонтуяад үзэгчид “ам сайтай” байна. Ийнхүү олны анхаарлыг татсан нь түүний дүрээ хэрхэн чадварлаг бүтээснийг илтгэнэ.
8. ГҮЙЦЭТГЭХ ПРОДЮСЕР, ТУСЛАХ НАЙРУУЛАГЧ Ц.АНУДАРЬ
УГЗ Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нарын ганц охин нь Ц.Анударь. Тэрээр энэ уран бүтээлд гүйцэтгэх проюдсер, туслах найруулагчаар ажиллажээ. Мөн киноны нэр бол Ц.Анударийн өмнө нь бичиж байсан өгүүллэгийн нэр аж. Урлагийн гэр бүлд өссөн тэрбээр Олон улсын худалдааны мэргэжлээр их сургуулиа дүүргэсэн ч урлагаас холдож чадахгүйгээ ойлгож, "Хувьсал" продакшиндаа ажиллаж эхэлсэн байна.
9. ХАНДИВЫН АЯН ӨРНҮҮЛЭВ
"Ноён эмэгтэй" киноны жүжигчин О.Үржинхандын бэр дүү Б.Нинжгарав Сэрээ булчирхайн хорт хавдраар өвджээ. Энэ өвчнийг Монголд эмчлэх боломжгүй тул Турк улсыг зорихоор болж, эмчилгээнд нь 200 сая төгрөг шаардлагатай учир хандивын аян өрнүүлж эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 3-ны өдрийн байдлаар 90 гаруй сая төгрөг цуглаад буй аж.
10. МЭРГЭЖЛИЙН ЖҮЖИГЧДЭЭР БАГАА БҮРДҮҮЛЭВ
Уг кинонд дүр бүтээсэн жүжигчид 100 хувь мэргэжлийн жүжигчид байснаараа онцлогтой. Мөн удаан хугацаанд дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээгээгүй, өөр дүрээр үзэгчдийн сэтгэлд үлдсэн жүжигчдийн огцом өөрчлөлт гэх мэт гэнэтийн бэлгээр дүүрэн байлаа.
Б.ОТГОНЦЭЦЭГ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...