“ХӨХ СҮРЭГ”-ИЙН ТОМ АМБИЦ БУЮУ ADU, UMBU, CONI, YMA ӨГӨӨЖӨӨ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
- schedule 2022 оны 10 сарын 27
- chat_bubble 2
-Монгол малын мах, бүтээгдэхүүнээ дэлхийд гаргах төслийн эхний үе шатны тайланг танилцуулна-
Одоогоос яг нэг жилийн өмнө Бүх нийтийг малжуулах уриатай “Хөх сүрэг” төсөл эхлэхэд олон хүн гайхаж хүлээж авсан. Хот суурин газрын иргэд өөрийн эзэмшлийн малтай болж, түүнийг тань жилийн дөрвөн улиралд тусгай малчин хариулан, тэжээж, өсгөж, та жил болгон үр шимийг нь хүртэнэ гэхээр мөрөөдлийн гэмээр сонсогдох нь ч аргагүй. Басхүү хэрвээ энэ төсөл амжилттай хэрэгжихгүй бол, хэрвээ худалдаж авсан мал маань өсч үржихгүй бол, хэрвээ ган зуд болбол... гэх мэт олон эргэлзээт ХЭРВЭЭ гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирж магадгүй.
Тэгвэл ердөө жилийн өмнө “Бүх нийтийг малжуулах төсөл” уриатайгаар нээлтээ хийсэн “Хөх сүрэг” төслийнхөн өнөөдөр хэрэглэгчдэдээ худалдан авсан малынх нь үр шим болсон өвлийн идэш, дагалдан цагаан идээг нь хүргээд байна. Та бүхэн сошиалаар ADU худалдан авагчид адууны мах, айргаа, UMBU-гийн эзэмшигчид үхрийн мах, ааруул, цагаан идээгээ CONI эзэмшигчид хонины махаа гардан авсан тухай баярт сэтгэгдлээ ирүүлж байгааг харсан байх.
Ердөө л жилийн өмнө үлгэр мэт сонсогдож байсан төслийн багийнхан хаврын турш суурь малаа цуглуулж, хаваржаа, намаржаа, өвөлжөөгөө бэлтгэн, малчдаа сургаж, хадлан тэжээлээ базааж, өвөлжилтөндөө бэлтгэн, монголчуудын уламжлалт идшээ хийдэг цагаар үүцээ задлан хэрэглэгчдэдээ хүргэж байгаа юм. Ийнхүү мөрөөдлийг бодит болгосон хөдөлмөрч залуучууд нэг жилийнхээ ойд зориулан арваннэгдүгээр сарын 5-нд маш том, сонирхолтой басхүү бүтээлч арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Ингээд төслийг санаачлагч Г.Чойжамцын ярилцлагыг хүргэж байна.
-Юуны өмнө нэг жилийн ойн баярын мэндийг хүргэнгээ та бүхний хамгийн сүүлийн үеийн шинэ содон мэдээллийг уншигчдадаа танилцуулмаар байна. “Хөх сүрэг” төслийн хөрөнгө оруулагчид малынхаа үр шимийг хүртэж байгаа мэдээлэлтэй зэрэгцээд дахиад шинэ брэндүүд гаргаж байгаа болон удахгүй томоохон арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа гэсэн. Энэхүү арга хэмжээнийхээ талаар сонирхуулна уу?
-Нэг жилийн хугацаа нэг талаасаа урт мэт боловч томоохон төсөл хэрэгжүүлж байгаа манай баг хамт олны хувьд цогц төслийнхээ суурийг бэлтгэх, анхан шатны зохион байгуулалтыг хийх гээд алхам бүр шинэ тутам, басхүү сорил бэрхшээлтэй тулгарсан богинохон хугацаа байлаа. Өнөөдөр манай төслийн анхны хөрөнгө оруулагчид буюу мал эзэмшигчид малынхаа үр өгөөжийг хүртэж эхэллээ. Бид мал эзэмшигч бүрд тусгайлан мах буюу өвлийн идэш, айраг, цагаан идээгээ хүргүүлж байна. Одоо энэ ажил маань үндсэндээ 50 хувьтай явагдаж байгаа. Ингээд бид энэ нэг жилийн хугацаанд юу хийсэн, цаашид юу хийх талаараа танилцуулахын тулд ирэх арваннэгдүгээр сарын 5-нд МҮХАҮТ-д ”Уур амьсгалын өөрчлөлт-Тогтвортой мал аж ахуй- Хөрөнгө оруулалт” хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Эрдэмтэн судлаачид, холбогдох яам, агентлагийнхан болон Хөх Сүрэг эзэмшигчид, мөн манай төслийг сонирхогчид гээд олон талыг хамарсан арга хэмжээ болох юм.
-Тогтвортой мал аж ахуй гэв үү?
-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай багийнхан, мал эзэмшигчид, малчид маань нэгдэж ажилласан бол алсдаа “Хөх сүрэг” төсөл байгаль экологид ээлтэй тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх, цаашилбал экспортыг нэмэгдүүлэх, нүүдэлчин ахуйд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх гээд цогц томоохон үйл ажиллагааг төлөвлөсөн төсөл учраас ХААХХҮЯ, БОАЖЯ, мөн эрдэмтэн, судлаачид, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар гээд холбогдох газруудад урилгаа хүргэж байна. Дэлхийн дулаарал, бэлчээрийн хомсдол гээд сорилтууд та бидэнд адилаар тулгарч байгаа энэ үед малын тооноос чанарт шилжих замаар тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх шаардлага байгаа юм. Өөрөөр хэлбэл бид малынхаа үүлдэр угсааг сайжруулж, үр ашгийг нь нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлж дэлхийд гарахын тулд тал талын хамтын ажиллагаа, судалгаа, шинжилгээ, төрийн бодлого чухал. Тиймээс төр, олон нийт болон орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагууд бүгд хамтарч ажиллан Монгол малын мах, бүтээгдэхүүнээ дэлхийд гарцгаая гэж уриалж байгаа юм.
-Танай хэрэглэгчид бол сайн мэдэж байгаа. Гэхдээ одоогоор мэдээлэл хүрээгүй байгаа хүмүүст товчхон тайлбарлаж өгвөл. Бидний хувьд олонх нь мал худалдаж авах юм байна гэсэн ойлголттой байгаа.
-Товчхондоо хот суурин газар амьдарч байгаа та бидэн шиг хүмүүс мал эзэмших, түүнийхээ үр шимийг хүртэх боломжтой болно л гэсэн үг. Таны малыг тусгай малчин хариулна, өвс тэжээлийг нь бэлтгэнэ, эрсдлийг даана, танд үр шимийг нь хүртээнэ. Цаашилбал бид малынхаа түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргана.
-Айлд тавьсан мал өсдөггүй, хоттой хонь рүү чоно дайрахад манай хэдэн хонь л эрэлхэгээр тулалдаад амиа алдсан гэдэг онигоо байдаг. Мал хариулж, өсгөнө гэдэг амаргүй ажил. Тэгэхээр эрсдэлийг та нар даана гэхээр арай л зоригтой амлалт бус уу?
-Мэдээж. Мал аж ахуй, байгалиас хамааралтай, программчлах боломжгүй бизнес. Муугаар бодоход зуд турхан болох, мал эрсдэх, малын өвчлөл гээд “Баян хүн нэг зуднаар...” гэдэг шиг эрсдэл бий. Харин сайнаар бодоход таны мал ихэрлэх ч юм уу, малынхаа ашиг шимийг боловсруулаад, үүлдэр угсааг нь сайжруулаад мянган малнаас хүртэх хэмжээний ашиг шимийг зуун малаас ч хүртэж болох. Гэтэл малчдад малынхаа үүлдэр угсааг сайжруулах, бүтээгдэхүүн болгон худалдаалах боломж дутмаг. Харин дундын менежментийг хөгжүүлснээр үр ашгийг улам илүү сайжруулж, эцсийн бүтээгдэхүүнийг экспортод гаргаж, дэлхийг “тэжээх” боломж ч бий. Үүнийг л дундын менежмент гээд байгаа юм. Ингэж малыг богино хугацаанд эргэлтэд оруулах нь өөрөө эрсдэлийг ихээр бууруулна. Мэдээж техник технологи хөгжсөн энэ үед тал бүрээр л эрсдэлээ хааж болж байгаа юм л даа.
-Малаа хэрхэн өсч байгааг гар утсаараа ч харж болно гээд байгаа шүү дээ. Тэгэхээр малаа зүслэнэ гэсэн үг үү?
-Үгүй. Тэгвэл ёстой “Танай нөгөө бор халзан төлөг мажийсаан, хөөрхий” гэдэг шиг юм болно. Таны мал тоо ширхэгээрээ байх л ёстой. Бор халзан төлөгний эрсдлийг бид хариуцна гэсэн үг. Гэхдээ та зун дэлгэр цагаар манай аж ахуй дээр очоод сүрэг малын дэргэд амарч тухалж, хүүхдүүддээ мал ахуйн наад захын ухагдахууныг суулгаж, селфи хийж, ишиг хурга, тугал, унагаа эрхлүүлж болно. Аюулгүй байдал, тоо мэдээлэлтэй танилцаж болно. Манай төслийн эдийн засгийн үр өгөөжөөс илүүтэй, өв уламжлалаа тээх, Монгол хүн монголоороо байх, үр хүүхдүүдээ байгаль, мал ахуйтай нь ойр байлгах нэг хэсэг бол “Өв-Үүр” буюу мал ахуйд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх. Өнөөдөр хот суурин газар өсч байгаа хүүхэд малын зүс ч мэдэхээ больсон гэж ярьдаг шүү дээ. Тиймээс “Хөх сүрэг”-ээ түшиглээд хүмүүс хүүхдүүдтэйгээ малчны хотод очиж амарч, хонь хургатай хөөцөлдөж, сүү саалиа хүртэж амрах, цаашилбал гадаадын жуулчдыг жинхэнэ амьд малчны ахуйтай танилцуулах аялал жуулчлалын зорилт бий. Энэ бол манай төслийн Монгол өв уламжлалаа хадгалах хамгийн үнэ цэнтэй нандин зорилт гэж би боддог.
Бидний дараагийн зорилт экспорт. Манай “Хөх Үүр” айргийг та бүхэн мэднэ. Адууны арьс, дэл сүүл боловсруулж бүтээгдэхүүн хийхээр бэлтгэж байна. Ямааны ноолуураар малгай, ороолт, цамц, үхрийн ширээр цүнх, түрийвч үйлдвэрлэж байгаа. Үүнийгээ дээр хэлсэн арга хэмжээний үеэр танилцуулах болно. Өөрийнхөө эзэмшдэг малынхаа нэрээр нэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрөө өмсч эдлэнэ гэдэг сайхан шүү дээ. Мөн, хонины нэхийгээр дулаан таатай машины суудал, рульний бүрээс хийх гээд олон ажлууд явагдаж байна.
-Ингэхэд анх яагаад энэ төслийг санаачлах болов? Нэлээд өргөн хүрээнд далайцтай хийгдэх ажил шүү дээ. Нэрнээсээ эхлээд Монгол уламжлал, нэршлээ орчин үетэй хослуулсан, билэгдэл болоод далайц нь үнэхээр өргөн хүрээтэй нь харагдаж байна?
-Бид дэлхий даяараа цар тахлын онцгой нөхцлийг туулж байна. Яг л тэр ажил бизнес зогссон, санхүү эдийн засаг хүндэрсэн үед цаашид ийм байдал үргэлжилсээр байвал яах вэ гэсэн бодлоос урган гарсан, ерөнхийдөө хөл хорионы үеийн бүтээл гэх үү дээ /инээв/. Бид энд бүгд хориотой, хил хаалттай, хүнс тасалдах вий гэсэн айдастай. Харин хөдөөнийхөн маань хоригдоогүй, малтайгаа, махтайгаа. Тэгээд л цаашид магадгүй дахиад ковид шиг нөхцөл үүсэх юм бол Монгол дэлхийг тэжээх юм биш үү гэдэг үүднээс төрсөн санаа. Бас өөрөө хөдөөний хүүхэд болохоор мал ахуйдаа ойр, Монгол зоогийн газар, “Хөх-Үүр” айраг брэндээ гаргаж, Монголын мал аж ахуйн бүтээгдэхүүнээ брэнджүүлэх хүсэл мөрөөдөлтэй байдаг болохоор үүнийгээ илүү орчин үеийн болоод далайцтай хөгжүүлэх санаа л даа.
Нөгөөтэйгүүр крипто зах зээл шинэ төсөл байлаа. Өнөөдөр бол бас уналтууд харагдаж байна, хүмүүст зарим талаараа эргэлзээ төрж байна. Тэр өрсөлдөөн дундаас бид гарч ирж чадсан. Хөрөнгө оруулалт, хөрөнгө гэдэг заавал цаасан төгрөг байх албагүй. Тэр тусмаа бэлчээрийн мал аж ахуйгаа хөгжүүлж, эдийн засгийн үр өгөөжөө нэмэгдүүлж болох юм гэдгийг өнөөдөр бид эхний алхмуудаараа харуулж байна. Мэдээж эхний алхмуудаа хийхэд зарим нэг бэрхшээл, саатал гарч байсан. Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг гэдэг. Бид өнгөрсөн нэг жилийн ажлаа мянган жил үргэлжлэх их ажлын алхам гэж харж байна. Бид энэ том боломжийг алдаж болохгүй, зөв авч явах ёстой. Монгол бүтээгдэхүүн дэлхийг “тэжээж” чадна. Монголын, бидний амбиц том байх ёстой.
-Эцэст хүмүүсийн хамгийн их сонирхож буй асуулт: Одоо танай дараагийн захиалга хэзээ болох вэ? Хүмүүс хэрхэн мал эзэмшигч болох боломжтой вэ?
-Ирэх арваннэгдүгээр сарын 11-ний 11 цаг 11 минутанд “Хөх Үүр” гар утасны апп –аараа захиалга авч эхэлнэ. Гэхдээ захиалгын тоо хязгаартай. Өнгөрсөн жил эхний захиалга яг арваннэгдүгээр сарын 11-нд эхлээд нэг цаг орчмын дотор л захиалгуудаа авч дууссан. Эхний жил онцлог нөхцөл байсан болохоор хавар бага зэрэг нэмэлт захиалга авсан. Энэ жилийн хувьд боломж хязгаарлагдмал. Тийм болохоор эртнээс мэдээлэлтэйгээ танилцаж, апп болон мөнгө, захиалгаа бэлтгээрэй, энэ бол алдаж болохгүй боломж шүү гэж хэлмээр байна. Мэдээллийг та бүхэн “Хөх сүрэг бүх нийтийг малжуулах төсөл” FB группт нэгдэх буюу арваннэгдүгээр сарын 5-нд болох арга хэмжээнд ирж дэлгэрэнгүй танилцаарай.
-Баярлалаа. Дэлхийд Монголын брэндийг дуурсгах та бүхний том амбицитай ажилд ч гэсэн амжилт хүсье.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...