САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН ӨНӨӨДӨР МУ-ЫН 2024 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ МУ-ЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
- schedule 2023 оны 9 сарын 29
- chat_bubble 0
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр (2023.09.29) Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2024 оны төсөв нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломж бүхий онцлог төсөв болж байна хэмээн Сангийн сайд энэ үеэр мэдэгдэв. Учир нь эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Улмаар 2023 оны эцэст бодит орлого нэмэгдэж, төлбөрийн тэнцэл ашигтай гарч, гадаад валютын албан нөөц 4 тэрбум ам.долларыг давж, эдийн засаг 6.0 хувиар өсөх төлөвтэй байгаа нь гадаад эрсдэлийн нөлөө намжиж, эдийн засаг цар тахлын өмнөх түвшинд хүрч сэргэх нөхцлийг бий болгож байгаа юм.
Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр үргэлжлүүлэн олгохоор тусгалаа.
Мөн “Хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжиж, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд төрийн албан хаагчдад орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдлийг үргэлжлүүлэн олгохоор ирэх оны төсвийн төсөлд тусгаад байна. Уг нэмэгдэлд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчид ирэх оноос шинээр хамрагдана.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан дунд хугацааны зорилтот хөтөлбөр болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хот хөдөөгийн сэргэлт” зорилтын хүрээнд төр, хувийн хэвшил, орон нутаг, гадаадын олон улсын байгууллагатай хамтран орон нутагт орон сууц барих ажлыг бодлогоор дэмжихээр төлөвлөөд байна. Ингэхдээ инженерийн дэд бүтэц бүрэн шийдэгдсэн суурин газарт барьсан орон сууцанд ипотекийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр төсөв, мөнгөний бодлогыг уялдуулан Төрөөс баримтлах мөнгөний бодлогод тусгасан бол инженерийн дэд бүтэцгүй, хөгжих потенциал муутай суурин газарт эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцны схемийг хөгжүүлэх замаар шийдвэрлэнэ.
Түүнчлэн орон нутагт нийтийн орон сууцны зориулалттай барилга барьж, борлуулсны орлогод ногдох аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг, орон сууцны барилгад хүн амьдран суух зориулалтаар орон сууц түрээслүүлсний орлогод ногдох хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг мөн тус тус хөнгөлөхөөр боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг нийтдээ 18 аймагт ажиллалаа. Анх удаа зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээнд 6500 гаруй иргэн оролцсон бөгөөд тэдгээр иргэдийн 2024 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээтэй холбоотой өгсөн саналыг төсвийн төсөлд эрэмбэлэн тусгаснаараа онцлог боллоо.
Иргэдийн саналаар эрэмбэлсэн нийт төслийн 59 хувь нь зам тээврийн салбарт, 17 хувь нь боловсролын салбарт, 11 хувь нь эрчим хүчний салбарт, 4.3 хувь нь барилга, хот байгуулалтын салбарт, үлдсэн нь бусад салбарт хэрэгжинэ.
Хуулийн төсөлд тусгаснаар Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтын хувьд дийлэнх төслүүд нь дэд бүтцийн буюу зам тээвэр, эрчим хүч, инженер хангамжийн дэд бүтцийн салбарт хэрэгжихээр байгаа бөгөөд нийгмийн салбарын хувьд ихэнх нь боловсролын салбарт хэрэгжих төслүүд юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...