ХОС БИЧИГТЭН БОЛОХ БЭЛТГЭЛ 40 ЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ҮНДЭСНИЙ БИЧИГ АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ
- schedule Өчигдөр 13 цаг 12 минут
- chat_bubble 0
Монгол хэлний тухай хуулийг 2015 онд баталсан. Энэ хуулийн дагуу Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангаж байна.
Энэ хуульд төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс албан хэргээ кирилл, үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж заасан нь хэрэгжиж эхэллээ.
- 1985 онд Монгол бичгийн тухай анхны эрхзүйн баримтыг баталснаас хойш 2015 он хүртэл Ерөнхийлөгчийн зарлиг, Ерөнхий сайдын захирамж зэргийг тасралтгүй гаргажээ. Нийт Засгийн газрын 11 тогтоол, сайдын 11 тушаал баталж, 1985-1990 оны хооронд монгол бичгийн 28 сурах бичиг хэвлэсэн байна.
- 1985-1986 оны хичээлийн жилд сурах бичгүүд бэлэн болсон тул 7-8 дугаар ангийнханд монгол бичгийн хичээлийг анхлан зааж эхэлжээ.
- 1991-1994 онд дахин 25 толь, сурах бичиг, гарын авлага туурвижээ. 1995-2007 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 1”-ийг батлан хэрэгжүүлсэн.
- 2005-2015 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-2”-ыг Засгийн газраас баталсан байна.
Монголчууд хос бичигтэн болох бэлтгэлээ 1985 оноос эхлүүлжээ. Өмнөх хоёр хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг эргэн харж, хэлэлцсэний эцэст төрийн албан хаагчдад ямар арга зүйгээр, аль сурах бичиг, толь ашиглан монгол бичиг заах нь тодорхой боллоо.
Монгол хэлний тухай хуульд монгол бичигтэй холбоотой дараах заалт бий.
11.1 Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үр дүнд төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хөтөлнө.
Энэ заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2020 онд гурав дахь хөтөлбөрийг баталжээ. Дөрвөн зорилт дэвшүүлэн, нийт 69 үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Харин зарим хүн бүх нийтээрээ монгол бичигт шилжинэ гэж буруу ойлгосон гэж Хэлний бодлогын үндэсний зөвлөл онцлов.
Тус зөвлөл төрийн бусад байгууллагатай хамтран “Алсын хараа-2050”-д “Монгол хэл, бичиг” гэсэн хэсгийг багтаажээ. Үүнд 2020-2030, 2031-2040, 2041-2050 он хүртэлх монгол бичгийн бодлогыг тодорхойлон, найман зорилт дэвшүүлсэн байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...