Барби хэрхэн бүтдэг вэ?
- schedule 2016 оны 4 сарын 14
- chat_bubble 2
Барбид дургүй охид гэж үгүй. Тиймээс барби хэрхэн бүтдэг, анх хэрхэн бүтээсэн тухай түүхээс сөхье.
Польш гаралтай америк ажил хэрэгч эмэгтэй Рут Хэндлер нь хүүхдийн тоглоом үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч “Мэттел Инк.” компанийг үүсгэн байгуулагчдын нэг. ХХ зууны хамийн алдартай тоглоом Барби хүүхэлдэйг бүтээгч. “Хиймэл хөх” протезийг үйлдвэрлэн гаргадаг “Ниэли Ми” пүүсийг үндэслэн байгуулжээ.
Тэрээр нэгэнтээ балчирхан охиноос том болоод ямар мэргэжилтэй болохыг хүсч байгааг нь асууж л дээ. Бяцхан охин нүдээ хэдэнтээ арчаад ер бодлогошролгүйгээр “Би Барби болохыг хүсч байна” гэв. “Юу гэсэн үг вэ? Тэр чинь хүүхэлдэй шүү дээ” гэж эцэг, эх нь гайхтал тэрээр хариуд нь “Би хүүхэлдэй болохыг хүсч байна. Барби шиг хөөрхөн байж, түүнийх шиг ягаан байшинд амьдран, намайг хувцаслан, элдэв гоё зүйлс авч өгч байхыг хүснэ. Дээр нь би “Кен гэдэг нөхөртэй болохыг хүсч байна. Ханхар цээжтэй, цэнхэр нүдтэй залуу” гэжээ. Хүүхдийнхээ илэн далангүй хариултыг сонсоод эцэг, эх нь цочирдсон нь мэдээж. Тэд гэрээсээ хуванцраар хийгдсэн тэнэгхэн Барбиг гаргаж хаяхыг оролдсон боловч охин нь аймшигтай эсэргүүцэл үзүүлсэн тул айсандаа бүх юмыг нь хэвээр орхисны дээр хүүхэлдэйд ээлжит гоёлыг худалдан авч өгчээ…
Түүх ингэж эхэлсэн.
Олон жилийн туршид дэлхийн сая сая хүүхэд 30 сантиметрийн өндөртэй, урт хөлт үзэсгэлэнт “охин” Барби Миллисент Робертсоос болж галзуурах шахаж байгаа билээ. Энэ хүүхэлдэй охидод “нийгэмд болон өөртөө хэрэгтэй, таашаал өгөм тийм зүйлүүдийг хөгжүүлэхгүй байна” гэж олон сэтгэл зүйчид үзсээр ирсэн аж. “Өмнө нь охидууд ээж болж тоглодог байсан бол өдгөө энэ үе өнгөрсөн. Барби охидыг эх болгоход үүрэг гүйцэтгэхгүй байна” гэж эрдэмтэд өгүүлэв. Үнэхээр л энэ хувцанцар “охин” ,сайхан, хангалуун амьдар” гэсэн зарчмаар “аж төрдөг” билээ. Тэрээр үнэхээр ажилд дургүй нэгэн. Барби шиг болохыг хүсч мөрөөдөж байгаа тэр охин юу хүсч байгаагаа сайн мэддэг. Ямар ч асуудалгүй ягаан өнгийн ертөнцөд санаа зовох юмгүй амьдран, юу ч хийхгүйгээр гоё чамин эд зүйлс, цав цагаан шүдэт булчинлаг найз залуутай болохыг тэд хүсдэг юм. Гэвч хүүхэлдэйн бус бодит амьдрал дээр бүх юм тийм ч дардан байдаггүй. Гэтэл хүүхдэд энэ бүхнийг ойлгуулж тайлбарлана гэдэг хэцүү.
Барби хүүхэлдэйг бүтээгч Рут Хэндлер нь 1916 оны XI сарын 4-нд Колорадо мужийн Денвер хотод Оросын эзэнт гүрний нутгаас Америк муж руу дайжсан польш цагаачид болох Ида, Якоб Моско нарын өнөр өтгөн гэр бүлд мэндэлжээ. Дунд сургуулиа төгсөөд Рут уламжлалыг эвдэхээр шийдэв. Тэрээр бие даасан амьдралаа эхлүүлэн цаашдын мэдлэг, боловсролоо олж аваад ажил хийхээр шийдсэн аж. Өдгөө ийм замаар АНУ-ын залуу эмэгтэйчүүдийн дийлэнх нь явж байгаа бол 1930-иад оны үед Америкийн нийгэм хамаагүй консерватив буюу хуучинсаг талдаа байсан юм. Карьер хийнэ гэдэг нь зөвхөн эрчүүдийн хэрэг бөгөөд харин бүсгүй хүн нөхөрт гаран өөрийгөө гэр бүл, үр хүүхэддээ зориулах ёстой гэж үздэг байв. Харин ийм “эгэл жирийн” хувь тавилан Рут бүсгүйд таалагдаагүй бөгөөд тэрээр амьдралд жинхэнэ том амжилтанд хүрэхийг хүсч байсан гэдэг. Түүнээс гадна тэрээр ямар нэг гарзгүйгээр гэр бүл, бизнес хоёрыг хавсарч чадна гэдэгтээ итгэлтэй байлаа.
Бүсгүй юун түрүүнд төрөлх Денвер хотдоо коллежид элсэн орсон агаад аж үйлдвэрийн дизайныг судлаж эхлэв. 1936 онд хоёрдугаар дамжааны 19 настай оюутан Рут Моско амралтаараа Лос-Анжелес хотыг зорьсон аж. “Сахиусан тэнгэрүүдийн хот” түүнд маш ихээр таалагдсан тул тэрээр тэнд үлдэхээр шийдэн “Парамаунт Пикчерз” компанид бичээчээр ажилд оров. Магадгүй, юм юманд сонирхолтой зорилгодоо хүрэхийн тулд тэмцдэг бүсгүй киностудид карьер хийж дөнгөх ч байсан биз ээ. Гэтэл хайр дурлал саад болжээ. Польш дархны охин үнэхээр л Холливудад амжилтанд хүрэх төлөвлөгөөтэй байлаа. Гэвч Денверт дунд сургуульд сурч байхдаа тэрээр Эллиот Хэндлер гэгчтэй танилцсан аж. Тэд уулзалдах болсон бөгөөд 1938 онд гэр бүл болжээ. Удалгүй тэд Барбара охин, Кеннет хүүтэй болсон байна. “Парамаунт Пикчерз”-ыг орхихоос аргагүйд хүрсэн ч гэлээ хатагтай Хэндлерийн ажил хэрэгч чадвар өөр зүйлд хэрэг болсон юм. Эллиот зураач буюу одоогийнхоор бол дизайнер байсан билээ. Тэрбээр, мод, төмөр, хуванцраар янз бүрийн гоёмсог бэлэг сэлт хийж чаддаг байв. Өөрөөр хэлбэл, тэрбээр уран гартай нэгэн байлаа. 1940 онд гэр бүлийн хоёр гэрэл болон уран зургийн жааз хийдэг компани байгуулсан бол хоёр жилийн дараа энэ компани нь хүүхэлдэй, тэдэнд зориулсан зүйлс хийгээд хүүхдийн тоглоом үйлдвэрлэх болжээ. Рут борлуулалтыг хариуцах болсон аж. Тэрээр нөхрийнхөө бүтээлийг сурталчлах, борлуулах талаар хотын дэлгүүрүүдтэй тохиролцоо хийдэг байв. Бизнесийн эхлэл гайгүй байсан бөгөөд Хэндлерийн бүтээлүүд эрэлт, хэрэгцээтэй байлаа. Эллиот модныхоо хаягдлыг хаях нь буруу гэдгийг ойлгов. Тэдгээрийг ч мөнгө болгох боломж байсан юм. Үйлдвэрлэлийн хаягдлаар тоглоомон мебель хийхийг Рут санал болгожээ. Барбара охин нь хүүхэлдэйнүүдээрээ тоглон тэдэндээ зориулан шүдэнзний хайрцаг, шоонуудаар ор, ширээ засч өгч байгааг ажиглах дуртай байлаа. Тиймээс ч ийм төрлийн “мебель” хийснээр хөөрхөн мөнгө олох боломжтойг ойлгосон гэдэг. Бодсоноо ажил хэрэг болгов. Одой шүүгээ, орнууд, жаазнаас илүү гүйлгээтэй бараа болох нь тогтоогджээ. Гэхдээ хөрөнгө, мөнгөний бололцоо муу байв. Тэгэнгүүт Хэндлерийнхэн гэр бүлийн бизнест хуучны анд Харольд Мэттсоныг татан оролцуулахаар шийдсэн аж. Тэр нь ч багагүй хөрөнгөтэй нэгэн байлаа. Түүний сонирхлыг татахын тулд тэд шинэ компани “Мэттел” гэж нэрлэхийг санал болгожээ. Энэ нь Мэттсон, Эллиот гэсэн нэрнүүдийн товчлолын нийлбэр байлаа. 1945 онд Рут бараг сүүдэрт байсан гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр түүний нэрийг компанийн нэрэнд оруулаагүй ч гэлээ дэлхий даяар нэр нь түгэх учиртай байсан юм.
1957 онд Барбигийн ирээдүй “ээж” амрахаар Швейцарийг зорьжээ. Тэнд тэрээр Баруун Германы “Бильд” сонины нэртэй хүүхэлдэйн цувралаас сэдэвлэн хоёр жилийн өмнө Макс Вайссбродтын бүтээсэн “Лилли” нэртэй сонин хүүхэлдэйг анх олж харав. Тэр хүүхэлдэй том хөх, урт хөл, нүүр дүүрэн будаг шунх, даруу бус хувцастай байлаа. Тийм ч учраас Лиллиг голдуу тамхины мухлагуудад эрчүүдэд зориулсан хошин бэлэг дурсгалын хувиар худаалдаг байсан аж. Түүнийг автомашины нүүрний шилний дэргэд, бичгийн ширээ зэрэг газар суулгах боломжтой байв. Ердөө л 11.5 дюйм буюу 30 см гаруй өндөртэй байсан гэдэг. Америк оронд Лилли амжилт олоогүй байв. Импортлогчид хэдхэн ширхэгийг Беверли Хиллзд борлуулж чаджээ.
Чухам тэгэхэд л Рут хүүхдүүд ээж болж тоглохоос залхсан юм байна гэдгийг ойлгов. Жинхэнэ том хүний амьдралыг мөрөөдөх явдлыг биелүүлэх загвар бүхий тийм хүүхэлдэй хийх цаг нь болсон аж. Далайн чанад дахь ажил хэрэгч эмэгтэйд Лиллиг худалдаж аваад зогсохгүй түүний зохиогчийн эрхийг өөрийн болгоход мөнгө нь хүрэлцсэн байна. Мэдээж хэрэг “гудамжны хүүхэн” шиг хүүхэлдэй Америкийн хүүхдийн зах зээл дээр амжилттай борлогдсонгүй. Рут хүүхэлдэйг тэс өөрчлөв. Японы дизайнеруудын тусламжтайгаар тэрээр Лиллиг бараг насанд хүрсэн ч гэлээ цэвэр ариунаараа байгаа бүсгүй болгон хувиргажээ. Японд мөн ирээдүйн Барбигийн анхны загвар хийгдсэн байна. “Мэттел” компанийн менежерүүд эхэндээ тун итгэлгүй хандаж байлаа. Хожим нь Хэндлер энэ талаар “Эмэгтэй хүний бие галбиртай хүүхэлдэйг хүүхдийн тоглоомын хувиар хүмүүс хүлээж авахгүй гэж тэд бодож байлаа. Гэвч би тэднийг эндүүрч байна гэдгийг мэдэрсэн” хэмээн өгүүлжээ.
Холливудад тэгэхэд секс-бөмбөг Жейн Мэнсфилдын нэр ид цуурайтаж байлаа. Тэрээр Мэрилин Монротой амжилттай өрсөлдөж байсан юм. Супермэн буюу “Дэлхийн мистер” Микки Харштейтэй гэрлээд жүжигчин бүсгүй нөхрийнхөө худалдаж авсан харшийг “амттай үүр” болгон хувиргав. Түүний байшин дахь бүх юм ягаан, цайвар улаан өнгөтэй байснаас гадна зүрхээр чимэглэгдсэн байжээ. Америкийн эмэгтэйчүүд энэ зүйлээс болж галзуурах дөхөж байлаа. Тэд бүх юмаараа жүжигчин бүсгүйнх шиг болгохыг хүсч байсан гэдэг. Шинэ хүүхэлдэй ч гэсэн эхэндээ кино одын дууриамал хувилбар байлаа. Том хөх, алтан шаргал үстэй, зураасан хөмсөг, тод улаан уруултай байв. Шинээр төрсөн гүнжид зориулсан байшин-ордон нь Жейн Мэнфилдын зүрхээр чимэглэсэн гэр диваажинг санагдуулав.
Хүүхэлдэйд зориулсан анхны өмсгөлүүдийг Живанши, Диор зэрэг алдартай загвар зохион бүтээгч нарт захиалан хийлгүүлжээ. Ингээд 1958 онд хатагтай Хэндлер өөрийн бүтээлийг албан ёсоор патентжуулсан байна. Зохион бүтээгчийн охины нэр Барбараг үндэслэн хүүхэлдэйг Барби гэж нэрлэсэн аж. 1994 онд хэвлэгдсэн өөрийн намтар номондоо Рут дэлхийд хамгийн алдартай энэ тоглоом нь “Ямар ч охин өөрийн хүүхэлдэйгээрээ дамжуулан ямар байхыг хүсч байгаагаар өөрийгөө төсөөлөхийн тулд” хийгдсэн гэж бичжээ. Ажил хэрэгч эмэгтэй янз бүрийн насны 100 эмэгтэйг охидынх нь хамт урин тэдэнд танилцуулахад эхчүүд тоглоомын эсрэг байлаа. Тэд “Барби хэтэрхий бодит харагдаж байна. Тийм учраас ийм хүүхэлдэйгээр тоглох нь хүүхдүүдийн сэтгэцэд сөргөөр нөлөөлнө” гэж мэдэгдэв. Үүний хариуд Рут зоригтойгоор “Балчирхан охин бүр жинхэнэ эмэгтэй хүнтэй төстэй тийм хүүхэлдэйгээр тоглох нь маш чухал гэж үзэж байна. Энэ тоглоомоор тоглосноор охидууд амьдралдаа том хүний амьдралын талаарх өөрсдийн бүх хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлж чадна” хэмээсэн гэдэг. Гэтэл охид нь бүгд нэгэн дуугаар “Барби хүүхэлдэйтэй болохыг хүсч байна” гэж хэлжээ. Тэд Хэндлерийн үзэл бодлыг нотлосон байна.
Ингээд 1959 онд Нью-Йорк хотод жил бүр болдог “Тоглоомны үзэсгэлэн худалдаа”-ны үеэр “Мэттел” компани өөрийн бүтээлээ дэлхий нийтэд анх удаагаа толилуулжээ. Тэр нь урт хөлт, хөгжсөн биеийн галбир, оо энгэсэгтэй хүүхэлдэй байлаа. Үзэсгэлэнт хүүхэлдэй хөхөө илтгэх мэт судалтай усны хувцас, өндөр өсгийтэй онгорхой гутал өмссөн аж. Шинэ тоглоомыг хоёр хувилбараар санал болгов. Шар болон хүрэн үстэй. Гэвч бөөний худалдаачид шинэ бүтээлээс нүүр бууруулсан аж. Америкийн эцэг, эхчүүд хэзээ ч бяцхан үрдээ янхантай төстэй хүүхэлдэй авч өгөхгүй гэдэгт тэд бат итгэлтэй байлаа. Үзэсгэлэн худалдаан дээр ялагдал хүлээгээд Рут маркетингийн кампанит ажлыг сэтгэл судлалын доктор Эрнст Дичерт даатгахаар шийджээ. Энэ хүн Денийн их сургуульд багшлахын зэрэгцээ Сэдлийг судлах хүрээлэнгийн захирлын албыг хашиж байв. Өөрийн ажилдаа тэрбээр Фройдын сэтгэл зүйн дүн шинжилгээний практик хавсралтыг ашигласан аж. Үүний үр дүнд олдмол дур булаам байдлынхаа хамтаар шинээр төрсөн хүүхэлдэй нийгмийн цэнэг авсан юм. Түүний өмнө ямар ч хүүхэлдэй ийм цэнэгтэй байсангүй. Барби өөрийн бяцхан эздийн хувьд ирээдүйн загвар болжээ. Тэр ирээдүйн нь хангалуун, ямар нэг бодох юмгүй ирээдүй байлаа. Үүнээс гадна хүүхэлдэйг сурталчлахад өөр нэг шинэ хүчтэй хэрэгсэл болох телевиз оролцов. Сурталчилгаа ч үр дүнгээ өгсөн байна. АНУ-ыг “барбимани” нөмөрчээ. Нэг жилийн дотор 351 мянган хүүхэлдэй худалдаалагдсан бөгөөд тоглоомны үнэ тэр үедээ л өндөр буюу гурван доллар байсан гэдэг. Өнөөдөр хуучны загварууд нь таван мянган ам.долларын үнэ хүрч байсан төдийгүй цуглуулагчид жил бүр 750 мянган шинэ хүүхэлдэй худалдан авч байна.
Нийгэм шинэ тоглоомыг талархдаг болон үзэн яддаг хүмүүст хуваагдав. Ингэхдээ “Антибарбичуудын” тал нь улс төрийн шал өөр хүчнүүдийг нэгтгэсэн билээ. АНУ-ын эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө хөдөлгөөн болон ЗСБНХУ-ын Америкийн эсрэг үзэлтнүүд үүнд нэгдсэн аж. Зөвлөлтийн сэтгүүлчид Барби хүүхэлдэйг зажилдаг бохь, Элвис Пресли, Мэрилин Монро нарыг үзэл суртлын зэвсгээрээ давшлан дайрч байсан шигээ шүүмжилж байв. Барби нь дээр дурьдсан капитализмын “шүтээнүүдийн” адилаар тэдний зүрх сэтгэлд империализмын үзэл бодлын хорлон сүйтгэлт, ичгүүргүй явдал, хуурмаг, хөрөнгөтний соёлын ялзралыг суулгажээ.
Хүүхэлдэй гайхмаар урт хөл, нарийн ташаатай, гоё бие галбирыг хүсэгч эмэгтэйүүдийн төсөөлөл болмоор байлаа. “Чамин” зүйлүүдийнх нь хэмжээ Барби бодитой бус элэглэлийн дүр төрх олгож байсан гэмээр. Тийм учраас хүүхэлдэйн хэмжээний харьцааг эмэгтэй хүний цээж, бэлхүүс, ташаатай болгох оролдлого хийгджээ. Тооцоолтол үзэсгэлэнт хүүхэлдэйд 39-21-33 гэсэн үзүүлэлттэй эмэгтэй тохирч байсан аж. Гэхдээ энэ хэмжээ “дюйм”-ээр шүү. Нэг гүн сэтгэгч профессор тэр ч байтугай онолын хувьд ийм үзүүлэлтүүд нь 100 мянгад ганцхан эмэгтэйд тааралддаг гэж тооцоолсон байдаг. Өмнөх бүдүүн, хэлбэр галбиргүй, хүйс нь мэдэгдэхгүй хүүхэлдэйнүүд тэнэг нүүр царайтай байсан учраас үеэ өнгөрөөв. Эмэгтэй хүний тэгш эрхт байдал, сексийн хувьсгалын үеийн шинэ төлөөлөгчид ийм балиар юмтай өөрийгөө адилтгахыг хүсээгүй нь мэдээж. Тэр хойгуур Барби зүсээ өөрчлөн өнөөдөр дэлгүүрийн лангуун дээр харж болох тэр хувилбартаа ойртсоор байлаа. Барби өөрийн өвөрмөц байдлаа алдалгүйгээр үргэлж шинэ, донжтой байхын төлөө түүнийг бүтээгчид шамдан ажиллав. Тэрээр Америкийн хамгийн хайртай тоглоомнуудын нэг болсон бөгөөд түүний фан-клубын гишүүд тоогоороо зөвхөн “Америкийн эмэгтэй скаутууд”-д дийлдэж байлаа. Рут энэ үеэр өөрийн пүүсийн ерөнхий менежерийн албыг хашиж байсан аж. Энэ нь тэр үед эмэгтэй хүний хувьд ховорхон олддог албан тушаал байсан юм.
Компани ажиллаж эхлээд арван жил болоход Барбигийн ачаар гэр бүлийн хоёрын халаасанд 50 сая ам.доллар оржээ. 1993 онд Барби “Мэттел Инк” компанид анхны тэрбум долларыг авчирсан бол жилийн дараа хоёр тэрбумыг өгөв. Өнөөдөр дөчин жилийн өмнө нэг ч бөөний худалдаачин худалдаж аваагүй хүүхэлдэй дэлхийн 150 гаруй оронд ширхэг нь 25-70 доллараар борлогдож байна. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор тэрээр дэлхийн хамгийн гүйлгээтэй 20 барааны жагсаалтад багтжээ. АНУ-ын дэлгүүрүүдэд “шүтээн-хүүхэлдэй” 9.99 доллараар худалдаалагддаг. “Ливайз энд Ларк коллеж”-ийн мэдээгээр энэ үнэ дараах зүйлүүдээс бүрддэг аж. Үйлдвэрлэлийн өртөг 35 цент, материалын үнэ 65 цент, тээврийн болон удирдлагын зардал тус бүр нэг доллар, маркетинг болон сурталчилгааны зардал -80 цент, худалдааны тэмдгийн эздэд олгох хөлс 40 цент, худалдааны зуучлагчид авах хувь 90 цент. Үлдсэн 4.89 ам.долларыг Барбигийн үйлдвэрлэгч болох “Мэттел Инк” компани цэвэр ашиг болгон хүртдэг.
Өдгөө үзэсгэлэнт хүүхэлдэй дөрвөн охин дүү, нэг эрэгтэй дүү, хоёр эрэгтэй үеэл дүү, хорь гаруй эрэгтэй, эмэгтэй найз нөхөд, мөн төдий тооны гэрийн тэжээвэр амьтантай болжээ. Гэр бүл том байх тусмаа энэ нь худалдан авагчдад төдий чинээ үнэтэй тусдаг билээ. Шинэ загвар болгоныг дагаад цоо шинэ хувцас, автомашин, мебель зэрэг зүйлийг санал болгодог байна. Яг одоо охид яаж амьдарч байгаагаас энэ бүхэн хамаарна. Жишээ нь, Жаклин Кеннеди олон нийтийн анхаарлын төвд орох үед Барби Америкийн ерөнхийлөгчийн эхнэрийнх шиг үсний засалттай болжээ. Жейн Фонда аэробикийг зохион, энэ нь бүх орныг хамрахад “Мэттел” Барбид зориулсан дасгалууд бүхий хуурцгийг худалдаанд гаргасан аж.
Барбигийн анхны эрэгтэй найз нь булчин, шөрмөс нь хөгжсөн нуруулаг хүүхэлдэй болсон байна. Рут энэ Кен гэдэг нэртэй хүүхэлдэйг эхийн зөн совингоор сэдсэн гэж болно. Тэрээр өөрийн хүү Кеннетын нэрийг ч гэсэн мөнхлөхийг бодсон хэрэг. 1961 онд Кенийг үйлдвэрлэх үеэр нэг хөгжилтэй тохиолдол гарчээ. Энэ загварыг бүтээж байхдаа “Мэттел” компанийн дизайнерууд удтал нэгдсэн саналд хүрч чадаагүй гэдэг. “Кен эрэгтэй хүний эрхтэнтэй байх ёстой юу?” гэдэг дээр удтал санал зөрөлдөв. Үүний үр дүнд хүүхэлдэйн гурван хувилбарыг бий болгожээ. Ингэхдээ Кенд тайлагддаггүй богино өмд өмсгөсөн байна. Санал хураалт явуултал ажилтнуудын ихэнх нь хүйс нь мэдэгдэхгүй хувилбарыг сонгов. Харин Рут ийм шийдвэрийн эсрэг байсан бөгөөд ийм хувилбар худалдагдахгүй гэдгийг зөгнөсөн аж. Үнэхээр ч түүний зөв байлаа.
1966 онд Барбигийн ярьдаг хувилбар худалдаанд гарчээ.
Тэрээр “Өнөөдрийн оройн үдэшлэгт би юу өмсөх вэ? Би дэлгүүр хэсвэл ямар вэ? Энэ орой би болзоотой” гэх зэргээр ярина. Жилийн дараа хүүхэлдэйн бэлхүүс, ташаа нь хөдөлдөг болжээ. 1971 онд эгэл даруухан Барби анх удаа өөрийнхөө урагш эгцлэн харав. Үүнээс өмнө түүний сормуус нь үргэлж хагас аниатай байсан бөгөөд харц нь бага зэрэг хажуу тийшээ чиглэгдсэн байлаа. Магадгүй, энэ нь далайн эрэг дээр амарснаас хойш ийм болсон гэлтэй. Учир нь даруухан бус харцтай нь хамт хүүхэлдэйн гаднах байдал наранд шарагдсан мэт болжээ. Найман жилийн дараа Барби баяжаад үнэт арьс, эдлэлтэй болоод зогсолгүй тэдгээрийг хадгалах төмөр шүүгээтэй болов. Дараа жил нь африк болон латин америк эмэгтэйчүүдийнхтэй төстэй царайтай загварууд худалдаанд гарчээ. Алдартай хүүхэлдэйн шинэ имижтэй холбоотойгоор хар арьст бүсгүй анх удаагаа “Америкийн мисс-1983” алдрыг хүртсэн байж тун магадгүй юм. 1984 онд Барби хоёр категорид хуваагдав. Бизнес-леди болон гүнж гэсэн. Эхнийх нь ажил хэргийн цүнх, тооны машин, сонин, нэрийн хуудас, тэр ч байтугай “Бүсгүйчүүд бид бүгдийг хийж чадна” гэсэн сурталчилгааны уриатай аж. Хоёр дахь нь болох “Эрч хүчийн гүнж” нь “Дэлхий ертөнцийн хувь заяа сайхан бүсгүйн гарт байна” гэсэн үгтэйгээр худалдаалагдаж байлаа. Дээр нь автомашин, бугуйвч, бриллиант, эд торго дагалдана. 1990-ээд онуудад Америкийн дундаж охин долоон ширхэг Барби хүүхэлдэйтэй байжээ.
Худалдаа ч амжилттай өрнөв. Охиндоо тоглоом авч өгснөөр эцэг, эхчүүд хэрэглээний урсгалд татагдан орно. Барби байнга л шинэ хувцас нэхэх аж. Гэрийн ажил хийх үед, олон нийтийн дунд орохын тулд, мэргэжлийн ажлаа хийхдээ. Бэлгийн цуглуулгууд нь янз бүрийн өмсгөлүүд болон амьдрал, ахуйд хэрэгцээтэй зүйлүүдийг багтаажээ. Хөвгүүнтэй анх болзохдоо, үе тэнгийн охидтойгоо үдэшлэгт явахдаа хүүхэлдэй гоёж гоодож байлаа. Доктор Айболитын дүрд хувилан тэрээр амьтдыг эмчилнэ. Ингэхдээ малын эмчийн өмсгөл өмсөн, анагаахын багаж хэрэгсэл бүхий тусгай цүнх барих аж. Ямар ч мэргэжил /сансрын нисэгч, бөмбөгдөгч онгоцны нисэгч, “Макдональдс”-ын зөөгч, ХМТ-ны нууц туршуул, бар сургуулилагч, зүрхний мэс засалч, уулын цанын дасгалжуулагч зэрэг/ өөр өөр өмсгөл, хэрэгслийг шаардаж байв. Хүүхэлдэй амьдралын багш болж байлаа…
1972 онд Нью-Йоркт болсон тоглоомын ээлжит үзэсгэлэн худалдаан дээр энэхүү хөдөлгөөний идэвхтнүүд ухуулгын бичиг тараажээ. Түүндээ тэд Барби хүүхэлдэйг охидыг “загвар өмсөгч, сексийн объект, мэдлэг хомс гэрийн эзэгтэйн дүрд хувиргаж байна” хэмээв. Үүнээс гадна тэр үед АНУ-д нийгэм, улс төрийн олон асуудал гарсан бөгөөд энэ нь ч “Мэттел Инк” зэрэг томоохон корпорациудын үйл ажиллагаанд нөлөөлсөн аж. Борлуулалтын хэмжээ багассаар 1974 онд компани дампуурлын ирмэгт тулж очжээ.
Түүнчлэн Рут хөхний хорт хавдарыг бага дээр нь эмчлэхийн чухлыг идэвхтэйгээр сурталчилж байлаа. Тэр үед нийгэм энэ талаар төдийлөн санаа тавьдаггүй байв. Хэндлер мөн сэтгүүлчидтэй ярилцаж суухдаа заримдаа цамцныхаа энгэрийг тайлан, өөрийн пүүсийн бүтээгдэхүүний давуу чанарыг олон түмэнд харуулж байснаараа алдаршсан билээ. Эсвэл ярилцлага авагчдаас өөрийнхөө хөхийг тэмтрэхийг хүсдэг байлаа. Хөхнийх нь аль нь “байгалиас заяасан”, харин аль нь хиймэл болохыг тогтоолгох гэж тэр. “За, харав уу? Хэзээ ч таахгүй дээ” гэж дараа нь ёжтойхон өгүүлнэ. Нэг удаа тэрээр өөрийгөө “Маркетингийн” сод ухаантан” гэж нэрлэжээ. Гэхдээ л энэ өвөрмөц барааг хэрэглэгчдийн хүрээ хязгаарлагдмал байв.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...