Сүүн шүдийг эрт авахуулснаас шүд, эрүүний гажиг үүсэх магадлалтай
- schedule 2019 оны 8 сарын 4
- chat_bubble 0
0-2 насны хүүхдийн сүүн шүдийг хорхойтохоос хамгаалахад арчилгаа хамгийн чухал. Аав, ээж нарта 0-2 насны хүүхдийн шүдийг хэрхэн угааж, арчилж сургах талаар болон түүнчлэн хүүхдийн сүүн шүдийг яаж арчлах, хамгаалах талаар зөвлөгөөг хүргэж байна.
0 – 1 настай хүүхдийн шүд арчилгаа.
Хүүхдийнхээ аман дотор нь гараа хүргэж хүүхдээ дасгах хэрэгтэй. Үүнийг хийхдээ тоглоом тоглож байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр хийх хэрэгтэй байдаг. Тухайлбал, хүүхдээ өвөр дээрээ дээш нь харуулж хэвтүүлээд амны эргэн тойронд хүрч, дээд уруулыг нь дээш нь аяархан сөхөж дасгах хэрэгтэй. Араа болон хойд шүднүүд нь цухуйж амжаагүй үе тул ласгахад хялбар байх болно.
Нярайн ам орчмын эрүүл ахуйг хамгаалахын тулд шүлс ихээр ялгарч байдаг. Шүлсэвч зүүлгэж, ам орчмыг аль болох хуурай байлгах хэрэгтэй. Хүүхдийн насанд тохирсон зориулалтын болон сонирхлыг нь татахуйц сойз сонгооорой. Хүүхэд эхний үед тоглоом гэж санаад сойзоо хазаж, долоож байгаад дараа нь учрыг нь олно. Сойз барьсан үед хүүхдээ сайн ажиглах хэрэгтэй.
1 – 2 настай хүүхдийн шүд арчилгаа
Энэ насны хүүхдийн шүдний сойз нь ямар нэг зовиур өгөхгүй байх нь чухал. Буруу сойз сонговол хүүхэд шүдээ угаах дургүй болдог. Сойзоороо ам орчим болон буйл, шүд зэргээ өвтгөж, гэмтээж байгаа эсэхийг сайн анзаарах хэрэгтэй. Сойзоо хүч оруулалгүй, бийр барьж байгаа юм шиг барь. Дээд үүдэн шүдний доторхийг угаахдаа эрхий, долоовор хуруугаараа амыг нь ангайлгах маягаар түшиж өгнө. Сууж байгаад хүүхдийнхээ толгойг өвдөгний завсар хавчуулах маягаар хагас хэвтүүлэх хэрэгтэй. Энэ байрлал нь шүдийг гүйцэт угаахад хамгийн шилдэг нь байдаг.
Шүдээ угаахад дургүй хүүхдүүдэд
Хүүхдийг шүдээ угаах дуртай болгохын тулд дуртай дууг нь аялангаа ээж /аав/ нь өөрөө шүдээ угааж байгаагаа байнга харуулж байх. Мөн хүүхэд харсан зүйлээ дууриах дуртай байдаг. Тиймээс тоглоомных нь шүдийг угаах зэрэг зугаатай үйлдлүүдийг харуулж хийх хэрэгтэй.
Өдөр болгон нэг шүднээс эхэлж угаах нь дуустал шүдээ угаалгахаас залхаж эхэлдэг. Иймд өнөөдөр дээд араа, маргааш доод араанаас эхэлж угаах зэргээр, эхэлж угаах шүдээ ээлжилж угаах, өөрийнхөө шүдийг угаахдаа бас тэгж угааж харуулах. Харин шүдээ бүгдийг нь угаалгахгүй ч эхэлж угаасан шүдээ гүйцэд, сайн угаахыг зааж өгөх хэрэгтэй. Энэ бүх үйлдлүүдийг байнга хүүхдийнхээ сонирхлыг татах хэлбэрээр хийж байгаарай.
Та бүхэндээ 0-2 насны хүүхдийн шүдийг угааж сургах талаар зөвлөгөөг хүргэсэн бол одооо сүүн шүдийг арчлах ЗӨВЛӨГӨӨ хүргэе.
Шүд арчлах хэрэглэгдэхүүнд шүдний сойз, шүдний оо, шүдний завсар цэвэрлэгч сойз, шүдний утас, чигчлүүр мод, ам зайлах, цэвэрлэх уусмал зэрэг орно.
1.Соскийг удаан хөхүүлбэл амны хөндийд өөрчлөлт гардаг
Соскийг 1,5 наснаас цааш хөхүүлбэл нүүрний хэлбэрт өөрчлөлт ордог байна. Соскийг удаан хугацаагаар хөхөх тусмаа амны хөндийд өөрчлөлт гардаг. Хэрэглэж эхэлснээс хойш 18 сарын дотор өөрчлөлт үүсэх нь бага, харин 36 сарын дотор илэрхий өөрчлөлт ажиглагддаг. 18-36 сартайд хүүхэд өөрөө болихгүй бол зогсоох хэрэгтэй. Аль болох эрт соска хөхүүлэхийг нь болиулах нь зөв.
2. Сүүн шүд ургаж эхэлмэгц ариун цэвэрт нь сайн анхаараарай
Хамгийн энгийн арга бол хуруундаа марли ороож байгаад буцалсан бүлээн усанд дүрж шүдний өнгөрийг арилгаж өгөх ба хүүхдийнхээ шүдийг 6 нас хүртэл эцэг эх нь өөрсдөө угааж өгч байх хэрэгтэй.
Аав, ээж нар өөрийнхөө шүдийг угаахдаа хүүхдээ шүдээ угаах дадалд дууриалгаж суралцуулах хэрэгтэй. Харин хүүхдэд зориулсан оо, сойз сонгоорой. Хүүхдийн шүдэнд хоолны давтамж их нөлөөтэй байдаг.Иймд ойр ойрхон чихэр идүүлэхгүй байх, идэхийг хүссэн үед нь сайн идүүлэх, дараа нь шүдийг нь сайн угаалгах, боломжгүй бол ус уух эсвэл амыг нь зайлуулж хэвшүүлэх нь зүйтэй.
Шүд цоорч эхэлсэн тохиолдолд цоорлыг нь зогсоох түрхлэг түрхүүлээрэй. Мөн араа шүд нь ургаж буйлнаас чөлөөлөгдвөл тэр дор нь цоорлоос хамгаалах түрхлэг түрхүүлэх хэрэгтэй. Ер нь шүдний эмчид үзүүлж тухайн хүүхдэд тохирсон эмчилгээ хийлгэж байнгын хяналтанд байлгахыг зөвлөж байна.
3. Сүүн шүд удаан гарахад эмзэглэх хэрэггүй
Сүүн шүд нь эрүү, хоншоор тус бүрт 10 нийтдээ 20 шүд байдаг. Хүүхдийг 6-8 сартай байхад анхны сүүн шүд ургаж эхэлдэг ба 2,6 настайд бүх шүд нь ургаж дуусдаг.
Эхний шүд удаан гарах нь эмзэглэх ноцтой зүйл биш. Мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн хүүхдэдээ хангалттай амин дэм, эрдэс бодис агуулсан хоол тэжээл өгч байх хэрэгтэй шүү.
Сүүн шүд 5-6 наснаас эхлэн 13 нас хүртэл нь солигдоно. 15 настайд байнгын шүдний эгнээ бүрэн хэлбэржинэ. 5-6 насанд шүд уналгүйгээр хамгийн түрүүнд гарч ирдэг байнгын нэгдүгээр их араа шүд юм. Бага насанд нь гарч ирдэг учраас эцэг эхчүүд сүүн шүдтэй андуурдаг.
4.Зажилж иддэг хоол хүнс шүлс их ялгаруулдаг тул амных хөндийг цэвэрлэдэг
“Хүүхдийн шүдний бат бөх, эрүүл байдлыг хадгалж цооролтоос сэргийлэхийн тулд:
Амны хөндийн эрүүл ахуйг зөв сахих
Хооллох зөв дэглэм баримтлах
Байнгын шүдний эмчийн хяналтанд байх
Урьдчилан сэргийлэх эм бэлдмэлийг эмчийн хяналтан доор хэрэглэх хэрэгтэй.
Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хоол хүнсний хэрэглээг зохицуулах, ба хянах нь маш чухал. Үүнд,
Бүх төрлийн сахар агуулсан хоол хүнсийг үндсэн хоолноос гадна хоол хоорондын амттандаа хэрэглэх нь шүд цоорох өвчнийг ихэсгэдэг тул хоол хоорондын амттанг хэрэглэх хэрэглээний давтамжийг бууруулах.
Зажилж идэх хоол хүнс нь шүлс ялгаруулж, шүдний гадаргууд өөрөө цэвэрших үйлчлэл үзүүлдэг тул хатуулаг хоолыг сайн зажилж идэх.
Чихэрлэг хоол хүнсийг идэж уусны дараа амаа усаар зайлах буюу сахаргүй бохь зажлах.
Унтах үед шүлсний ялгарах хэмжээ багасах учир орондоо орохын өмнө амттан болон чихэрлэг амттан болон уух зүйлээс аль болох татгалзах хэрэгтэй юм.
5.Угжны буруу хэрэглээ эрт үеийн цоорол үүсгэх шалтгаан болдог
Угжны цоорол гэдэг нь /nursing bottle caries/ хүүхдийн буруу хөхөх дадал өөрөөр хэлбэл бор хоолонд орсон үед удаан хугацаагаар унтахдаа эхийнхээ хөхийг хөхөх, сүү болон чихэртэй шингэнээр угжсанаас үүсч байгаа шүд цоорох өвчний хүнд хэлбэр юм.
Энэ хэрэглээнээс шалтгаалан тэр болгон цооролд өртдөггүй хоншоорын үүдэн шүдний уруул талын гадаргаас эхэлж шүдний бүх гадаргууг нэлэнхүйд нь нэг зэрэг хүнд хэлбэрээр гэмтдэг.
Сүүлийн үед угжны цоорол гэж нэрлэхээ больж хүүхэд насны эрт үеийн цоорол буюу early childhood caries гэж нэрлэх болсон. Эмчийн хяналтад оруулан эмчлүүлэх шаардлагатай.
6. Хумсаа мэрж хэмлэх, шүдээ хавирах зэрэг буруу зуршлаас шалтгаалан амна хөндий өвчилдөг
Хуруугаа хөхөх, уруулаа хазах, хумсаа хэмлэх, хэлээ гаргах, буруу залгих, шүдээ хавирах, амаар амьсгалах зэрэг нь буруу зуршил юм. Эдгээр буруу зуршлаас шалтгаалан хүүхдийн амны хөндий хэл ярианд олон янзын өөрчлөлт үүсч болно. Тухайлбал, шүдний эгнээний өөрчлөлт үүсэх боломжтой. Үүнд шүд орсгой болох, эрүү шаамий болох, тагнай гүн болох мөн уруулын гадна талын арьс салст хуурайшиж гэмтэх гэх мэт.
7. Хүүхдийн шүдийг хэрхэн угаах талаар
Асран хамгаалагч нь хүүхдийг шүдээ угаасаны дараа хянаж, дутуу угаасан үед гүйцэд угаалгах буюу угааж өгнө.
Асран хамгаалагч нь хөвөн самбайгаар хуруугаа ороон буцалсан бүлээн усанд норгон үүдэн шүдийг цэвэрлэж өгөх нь зүйтэй. Үүний дараа аманд шүдний сойзыг бага багаар хэрэглэх байдлаар хүүхдийг дасгаж эхэлнэ.Ингэснээр хүүхэд өөрөө шүдээ угаах дадал хэвшилтэй болно. Унтахын өмнө хүүхдийн шүдийг угаалгаж /угааж өгөх/ сургах нь хамгийн үр дүнтэй.
8.Хүүхэд ямар төрлийн оо, сойз хэрэглэх нь зөв болох талаар
Шүдний сойзыг зөв сонгон авахын тулд сойзны толгой, үс, иш гэсэн үндсэн хэсгийг үндэслэн сонгоно. Соёз нь хүүхдийн дээд үүдэн хоёр шүдний хэмжээтэй тэнцүү байх нь хамгийн тохиромжтой. Том толгойтой сойз нь талбай ихтэй, аманд хөдлөх, угаах зай бага байдаг тул шүд бүрийг сайн угаах боломжгүй байдаг. Харин сойзны толгой жижиг байх тусам аманд чөлөөтэй хөдлөх, шүд бүрийг угаах боломжтой байдаг байна.
Харин сойзны үсийг хатуу, зөөлөн, ердийн гэж ангилдаг бөгөөд үсний хатуулаг нь үсний диаметрээс хамаардаг. Үсний эгнээ нь 2-3 эгнээ байх нь тохиромжтой. Шүдний сойз нь балчир, сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн гэх мэтчилэн нас насанд нь тохирсон хэмжээ, хэлбэртэй байдаг. Иймд сойзыг хүүхдийнхээ насанд нь тохируулан сонгоорой.
Шүдний оо нь эрүүл ахуйн, урьдчилан сэргийлэх, үрэвслийн эсрэг, үнэр дарагчтай
хүүхдийн гэсэн олон төрлийн байдаг. Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхэд фтортой оог хэрэглэх нь үр дүнтэй.
Шүд хоорондын завсар цэвэрлэх утсаар сойз хүрэхгүй түшилцэх гадаргууг цэвэрлэх зорилготой хэрэглэдэг. Түшилцэх гадаргуу нь сүүн ба байнгын шүдний алинд ч шүд цоорох өвчинд өртөмтгий байрлал болдог. Шүдний утас нь лавтай (wax), лавгүй гэж байна. Лавтайг нь хэрэглэх бүрт шүдний түшилцэх гадаргууд зай гарах тул лавгүйг нь голчлон хэрэглэх нь зөв.
Чигчлүүр нь хуванцар болон модоор хийгдсэн байх бөгөөд гурвалжин, хавтгай, бөөрөнхий хэлбэртэй байдаг. Чигчлүүр нь шүдний завсарын хоолны үлдэгдлийг цэвэрлэхээс гадна энэ хэсгийн өнгөрийг авахад хэрэглэгдэнэ. Чигчлүүрийг хэрэглэхдээ өөрийн шүдний завсрын хэмжээнд тохируулан хэлбэр, хэмжээг сонгох нь зүйтэй.
9. Сүүн шүдийг эрт авахуулснаас шүд, эрүүний гажиг үүсч болно
Шүд цоорох өвчин зэрэг шалтгаануудын улмаас шүд унах хугацаанаасаа эрт сүүн шүдээ алдах нь шүдний эгнээ зуултанд муу нөлөө үзүүлдэг.
Үүний гол нөлөө нь зай багассанаас дараагийн шүдлэх байнгын шүдний байрлалын гажгийг үүсгэнэ. Ялангуяа нэгдүгээр их араа шүд шүдлэсний дараа сүүн араа шүдийг эрт алдах нь байнгын хажуугийн шүднүүдийн эгнээний гажгийг үүсгэх шалтгаан болдог. Иймээс эмчийн хяналтанд орж, сүүн шүдний өвчлөлийг эмчлүүлэн, аль болох өөрийн жамаар унагах нь зүйтэй.
10.Анхны шүд цоорлын нянг хүүхэд ээжээсээ шүлсээр дамжуулан авдаг
Гэр бүлийн гишүүдийн шүд эрүүл, тэр дундаа эхийн шүд эрүүл байх нь хамгийн чухал. Анхны цоорлын нянг хүүхэд голчлон шүлсээр дамжуулж эхээсээ авдаг. Хүүхдийн соскийг амандаа хийх, хоолыг амнаасаа дамжуулж өгөх нь хамгийн буруу зүйл.
Үүнийг гэр бүлийн гишүүд бүгд мэддэг байх ёстой. Эх жирэмсэн үеэсээ л шүдний эмчийн хяналтанд орж амны хөндийгөө эрүүлжүүлэх хэрэгтэй.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...