Монгол Улс сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд ордог
- schedule 2018 оны 3 сарын 22
- chat_bubble 0
Дэлхийд нас баралтын тэргүүлэх 10 шалгааны нэг нь сүрьеэ өвчин юм. Энэ өвчнөөр жил бүр 10.4 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.8 сая хүн уг өвчний улмаас нас барьж байна. Ялангуяа сүрьеэгээр өвчилсөн хүүхдийн тоо нэг саяд хүрч 200.000 орчим хүүхэд эндэж байна. Өвчлөлийг бууруулах идэвхтэй үйл ажиллагаануудын үр дүнд 2000-2015 оны байдлаар нас баралт 22 хувиар буурсан, цаашид 2020 онд 35 хувь, 2035 онд 95 хувиар бууруулахаар зорьж байна.
Монгол Улс нь ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд ордог. Сүүлийн 5 жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9.8 хувийг эзэлж, жил бүр 4.000 гаруй хүн шинээр сүрьеэ өвчнөөр өвчилж байна.
Монгол Улс дахь бүх хэлбэрийн сүрьеэгийн тархалтыг 2013 онд 100.000 хүн амд 254 гэж тооцоолж байсан ч 2014-2015 оны хооронд хийсэн сүрьеэгийн тархалтын судалгаагаар бүх хэлбэрийн сүрьеэгийн тархалт бүх насны 100.000 хүн ам тутамд 757 байгаа бөгөөд тооцооллоос 3 дахин их байгаа нь тогтоогдсон. Энэ нь 3 сая гаруй хүн амтай манай улсын хувьд сүрьеэтэй 22.000 буюу түүнээс олон хүн амьдарч байна гэсэн үг юм. Mанай улсын хүн амын дунд хорт зуршлын хэрэглээ өндөр, ялангуяа эрчүүдийн дундах архи, тамхины хэрэглээ нэн өндөр байгаа нь сүрьеэ болон бусад өвчин эмгэгт өртөх эрсдлийн нэмэгдүүлэхийн зэрэгцээ дундаж наслалтыг бууруулах, эрт нас барах, амьдралын чанарыг доройтуулах шалтгаан байж болох юм.
Иймд хүн амд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, амьдралын буруу хэвшил, хорт зуршлаас татгалзах талаар эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлэх, олон нийт, гэр бүл, иргэдийн оролцоо, тэдний санал санаачилгыг өрнүүлэхэд хэвлэл мэдээллийн оролцоо ихээхэн үүрэгтэй юм. Хэдийгээр дэлхий дахинд олон сая хүн сүрьеэгээр өвчилж, сүрьеэгийн улмаас нас барж байгаа хэдий ч энэхүү өвчнөөр эмчлэгдэж бүрэн төгс эдгэрсэн сая сая хүн байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй юм.
Сүрьеэ өвчин эдгэрдэггүй гэсэн ойлголт аль хэдий нь үгүй болж сүрьеэгийн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт эрт хандаж, оношилгоо эмчилгээнд хамрагдаж, эмчийн зааврын дагуу эмээ байнга ууж эмчлүүлснээр бүрэн эдгэрэх боломжтой юм. “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр“ аяны үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээллийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн цахим хуудас www.ncph.gov.mn, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн цахим хуудас www.nccd.gov.mn авна уу.
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...