ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМЫГ ОРЧИН ҮЕИЙН ХОТ БОЛГОЖ ХӨГЖҮҮЛНЭ
- schedule 2022 оны 5 сарын 26
- chat_bubble 0
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хот болгон өргөжүүлэх ажил өнөөдөр эхэллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр тус суманд УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт ажиллаж “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” төлөвлөлтийн баримт бичгийг танилцуулж, Ханбогд сумын удирдлагуудад хүлээлгэн өгөв.
Барилга, хот байгуулалтын яам, Өмнөговь аймаг, Ханбогд сумын Засаг даргын Тамгын газрын захиалгаар, “Оюу толгой” ХХК-ийн санхүүжилтээр боловсруулсан энэхүү төлөвлөгөөний дагуу тус сумыг 2040 он гэхэд “Ухаалаг загвар сум” болгон хөгжүүлэхээр зорьж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ онцолсон.
Мөн тэрбээр, “Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймгуудыг улсын чанартай хот болгон хөгжүүлэх томоохон зорилт дэвшүүлсэн. Энэ ажлыг эхлүүлж Ханбогд суманд “Оюу Толгой” төслөөс ирэх таван жилд 50 сая ам долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон. Ханбогдыг орчин үеийн хот болгон хөгжүүлснээр нутгийн иргэд төдийгүй Оюу Толгой болон Тавантолгой төслийн ажилтан албан хаагчид, гэр бүлтэйгээ хамт эрүүл аюулгүй шинэ хотод амьдрах таатай боломж бүрдэж, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, таталцлын шинэ соронзон орныг үүсгэх боломж бүрдэх юм. Дэлхий даяар сорилттой энэ цаг үед Эрдэнэт, Оюу Толгой, Тавантолгой зэрэг уул уурхайн томоохон ордуудаа түшиглэсэн аж ахуйн нэгжүүд тэр дундаа уурхайчин та бүхэн эх орондоо түүхэн хувь нэмэр оруулсаар байгаад Монгол Улсын нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.
Ханбогд сумыг говийн бүсийн тогтвортой, хүртээмжтэй, цогц, ухаалаг загвар сум болгон хөгжүүлж, технологи, дэд бүтэцтэй, амьдрах орчин сайтай, нөөц талбайн шийдэлтэй, ажилтай, орлоготой иргэдтэй, аялал жуулчлал хөгжсөн, ухаалаг засаглалтай болгох төлөвлөлтийн үндсэн шийдлүүдийг төлөвлөжээ.
Ханбогд сумыг үе шаттайгаар хөгжүүлэхэд эхний ээлжид “Оюу Толгой” компаниас хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болж “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” хамтын ажиллагааны санамж бичигт БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, "Оюу толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...