“ЧИНГИС ХААН” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГ ЧЕХИЙН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ДЭЛГЭНЭ
- schedule 2024 оны 11 сарын 20
- chat_bubble 0
ССАЖЗ-ын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопилыг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Засгийн газар шинээр эмхлэгдэн байгуулагдаж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болж өөрчлөгдсөн болохыг дурдаж, 2025 онд Чех Улсад Монгол Улсаас хийхээр төлөвлөгдөж буй айлчлалын үеэр спорт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулах саналтай буйгаа илэрхийлэв.
Үүний зэрэгцээ Монгол Улсын Филармонийн Морин хуурын найрал Чех Улсын нийслэл Прага хотод ирэх оны гуравдугаар сард тоглохтой холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор “Чингис хаан” сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн Үндэсний музейд зохион байгуулахаар Чингис хаан Үндэсний музей, Чехийн Үндэсний музей 2024 оны зургаадугаар сард гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу үзэсгэлэн дэглэх бэлтгэл ажлын талаар ярилцжээ.
Мөн хоёр улс спортын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд дасгалжуулагч, тамирчид болон мэргэжилтнүүдийг харилцан урьж, хамтарсан бэлтгэл хийх зэрэг бусад холбогдох үйл ажиллагаа зохион байгуулах, туршлага солилцох хүсэлтэй буйгаа Элчин сайд Ян Вытопилд илэрхийллээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...