Д.НАНДИНБОЛОР: МИНИЙ ХҮҮГ ЗҮРХ НЬ ХААГДАЖ ӨӨД БОЛСОН ГЭСЭН ШҮҮХИЙН ДҮГНЭЛТТЭЙ САНАЛ НИЙЛЭХГҮЙ
- schedule Өчигдөр 11 цаг 34 минут
- chat_bubble 0
2024 оны аравдугаар сарын 8-ны өдөр 16 цаг 03 минутад “Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах өдөр өнжүүлэхэд 1 нас 2 сартай эрэгтэй хүүхэд нас барсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн газарт ирсэн.
Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа ба өнөөдөр талийгаач хүүгийн ар гэрийн төлөөлөл, ээж Д.Нандинболор мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Хүү минь өөд болоод 24-25 хоногийн дараа шүүх шинжилгээний хариу гарлаа. Уг дүгнэлтэд хүүг минь элэг бөөрний үрэвсэлтэй, зүрх судасны асуудалтай байсан тул зүрх нь хаагдсан гэсэн шүүх шинжилгээний дүгнэлт гарчээ. Хатгаатай байсан хүүхэд бусад эд эрхтэнд нь үрэвсэж, зүрх нь хаагдаж амиа алдсан гэсэн дүгнэлт гарчээ. Энэ ямар ч боломжгүй.
Миний хүү ямар ч хууч өвчинтэй байгаагүй, эрүүл байсан. Ханиадтай байсан ч эдгээд эргээд цэцэрлэгтээ явсан. Би үнэхээр гомдолтой байна. Шүүх эмчилгээ хийсэн задлангийн эмч н.Болормаа яагаад ийм дүгнэлт гаргав, бид үүнийг гаднын нөлөөтэй гэж бодож байна. Багш нар нь хариуцлага хүлээх ёстой байтал, сул чөлөөтэй явж байна. Тэр цэцэрлэг дөрвөн жил зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан. Тэр өдөр хоёр багш 11-хэн хүүхдийн хамт цэцэрлэг дээрээ байсан.
Өглөө эрт 7 цагт хүүгээ хүргэж өгөхөд багшдаа тэврүүлээд инээгээд орсон хүүхэд өдөр нь өөд болсон гэхэд надад маш аймшигтай санагдсан, одоо ч аймаар байна. Би эх хүнийхээ хувьд хүрэх газраа хүртэл явна, хүүгийнхээ өөд болсон хэргийг үнэн мөнөөр нь шийдүүлэх болно.
Нөхөр минь ажилладаг байгаад, би эргээд ажилдаа орох хэрэгтэй болоход бид гэртэйгээ ойр өдөр өнжүүлэх, цэцэрлэг хайсан. Тэгээд анх гэр цэцэрлэг гэж бодсон, камер байхгүй. Энэ бүгдийг шалгаагаагүй, гэрээ хийгээгүй бидний буруу нь үнэн.
Хоолоо идэж байхдаа унтсан байхаар нь өлгийдөөд тавьсан гэж багш нь мэдүүлж байгаа. Яагаад амьсгалыг нь шалгаж болоогүй юм бэ. Тэгээд хэлэхдээ "унтаж сэрээд царай нь сонин болоод байсан" гэсэн. Эмнэлэгт очих хүртлээ би хүүгээ хордлогод орсон, гүйлгэсэн байх л гэж бодож байлаа." хэмээн талийгаач хүүгийн ээж ярилаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...