ГОЛ МӨРНИЙ МӨСНИЙ ЗУЗААНЫ ТОЙМ
- schedule Өчигдөр 13 цаг 34 минут
- chat_bubble 0
2024 оны арваннэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн гол мөрний үзэгдэл зузааны тойм
Хойд мөсөн далайн ай савын гол, мөрөн
Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Үүр, Шишхэд зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-20 см нэмэгдэж, 10-35 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Харин ус судлалын Эг-Хатгал, Бүгсий-Төмөрбулаг харуул орчимд мөсөн зах өргөсөн зузаарах үзэгдэл голлон ажиглагдаж байна. Дээрх голуудын мөсний зузааныг 2023 оны мөн үетэй харьцуулбал Дэлгэрмөрөн голын хувьд 20 см нимгэн харин Шишхэд гол 10 см ахиу бусад голууд өнгөрсөн оны мөн үеийн орчим байна. Хөвсгөл нуур Хатгал, Ханх орчимд мөсөн захтай байна.
Хангай нурууны арын Идэр, Хануй, Чулуут голд 10-30 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон бол Суман, Хойттамир, Урдтамир голд мөсөн зах дунд зэргийн зайр гүйх үзэгдэл давамгайлан ажиглагдаж байна. Эдгээр голуудын мөсний зузаан өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-20 см нимгэн байна. Тэрхийн цагаан нуурт 30 см орчим зузаан мөсөн бүрхүүл тогтсон бол Өгий нуур цэвэр буюу тогтвортой мөсөн бүрхүүл тогтож амжаагүй байна.
Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хүдэр, Хараа, Шарын гол, Сөгнөгөр, Сэлбэ, Улиастай зэрэг голуудад 15-30 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон бол Ерөө, Тэрэлж, Туул голын нийт уртын дагууд мөсөн зах үүсч, цасан хөвлөг, шингэн өтгөн зайр гүйх үзэгдэл зонхилон ажиглагдсан байна.
Сэлэнгэ мөрөн Орхон гол болон түүний цутгал голууд болох Ачуут, Зүүнтүрүү, Зэлтэр зэрэг голуудад мөсөн зах, шингэн, өтгөн, дунд зэргийн зайр гүйх үзэгдэл ажиглагдсан бол Орхон гол Өлзийт болон Орхон сум орчимд 10-15 см зузаан мөсөн бүрхүүл тогтжээ.
Номхон далайн ай савын гол, мөрөн
Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас усжих Барх, Эг, Улз голын дагууд 10-25 см зузаан мөстэй болсон бол бусад голуудад мөсөн зах өргөсөн зузаарах, зайр гүйх үзэгдэл голлон ажиглагдсан байна.
Төв Азийн гадагш урсацгүй ай сав
Алтай нуруунаас эхтэй Ховд, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй, Үенч, Согоог, Долооннуур зэрэг голуудад 10-30 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон бол Буянт, Булган, Чонохарайх голд мөсөн зах, дунд зэргийн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж эхэлсэн байна.
Хангай нурууны өврийн Богд, Буянт, Хүнгүй, Яруу, Хожуул, Завхан, Зүйл, Заг, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Шар ус, Зэгстэй, Таац болон Онги голын адгаар 10-50 см зузаан мөстэй байгаа нь мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдсэн байна. Харин Чигэстэй, Завхан /Тайшир/, Түй, Онги голын эх болон дунд хэсгээр мөсөн зах, шингэн, өтгөн зайр гүйх үзэгдэл идэвхижиж эхэлсэн байна.
Увс нуурын савын Баруунтуруун, Хангилцаг, Намир зэрэг голууд 10-15 см зузаан мөстэй бол бусад голуудад мөсөн зах, дунд зэргийн зайр гүйх үзэгдэл ажиглагдсан байна.
Арваннэгдүгээр сарын дунд арав хоногийн байдлаар манай орны томоохон болон дунд зэргийн голуудад мөсний үзэгдэл идэвхижиж эхэлсэн бол жижиг голууд битүү мөсөн бүрхүүлтэй болсон байна.
УЦУОСМХ-ийн Гадаргын усны судалгааны хэлтэс
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...