ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙН ДАГУУ УИХ ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХААР БОЛЛОО
- schedule Өчигдөр 17 цаг 48 минут
- chat_bubble 0
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Цэцийн 2024 оны гуравдугаар тогтоолтой холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцлээ.
Нэр бүхий иргэдээс Цэцэд хандаж, 2017 онд батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтаар цагдаагийн алба хаагчид үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, албаны бие бүрэлдэхүүний дотор аль нэг нам, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг сурталчлах, дэмжлэг үзүүлэхийг хориглосон нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсэгт “…нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс … олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй…” гэснийг зөрчсөн эсэхийг хянуулахаар болсон. Эл асуудлаар Цэц маргаан үүсгэж, 2024 оны тавдугаар сарын 22-нд Дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэн Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн юм.
УИХ 2024 оны зургадугаар сарын 5-нд чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн, УИХ-ын 60 дугаар тогтоолыг баталсан. 2024 оны арван нэгдүгээр сарын 27-нд Цэц Их суудлын хуралдаанаараа Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг дахин хянасан. Мөн УИХ-ын 60 дугаар тогтоолыг хянан хэлэлцээд гуравдугаар тогтоолоо баталсан юм. Энхүү тогтоолын нэгдүгээрт, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагчид ... дараахь зүйлийг хориглоно:” гээд 69.1.8 дахь заалтад “нам, үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, албаны бие бүрэлдэхүүний дотор аль нэг нам, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, улс төрийн үзэл баримтлалыг сурталчлах, дэмжлэг үзүүлэх;” гэж заасны “..., үйлдвэрчний эвлэлийн ..., үйлдвэрчний эвлэлийн ...” гэсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол ...-ын үүднээс ... олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ...” гэснийг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.
Хоёрдугаарт, Монгол Улсын Их Хурлын 2024 оны зургаадугаар сарын 05-ны 60 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Гуравдугаарт, энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай гэж заасныг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар гишүүн хуралдаанд танилцууллаа.
Байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар тогтоолтой холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох заалтад зохих найруулгын шинжтэй өөрчлөлтийг оруулан, хуулийн төслийг боловсруулахыг дэмжлээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...