ХЗДХ-ИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ: ГЕНЕРАЛ Р.ЧИНГИСИЙГ АЖЛААС ЧӨЛӨӨЛСӨН ХАРИУЦЛАГЫГ БИ ХҮЛЭЭНЭ
- schedule 2025 оны 1 сарын 16
- chat_bubble 0
Өнгөрсөн амралтын өдөр буюу нэгдүгээр сарын 11-нд "Засгийн газар огцор" жагсаал болсон. Уг жагсаалыг Дотоодын цэргийн штабын дарга, генерал Р.Чингис санхүүжүүлж байна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж, түүний мэдэгдлийн дараахан Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Энэ тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз янзын тайлбартайгаар бичигдэв. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээс "Лхагвын тойм" нэвтрүүлгийн үеэр энэ талаар тодруулахад "Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдэл хийгээд хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж ярьсан бөгөөд яриаг нь гүйцэт сонсох юм бол эрүүгийн гэмт хэрэгт холбоотой зүйлд Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдсэн. Ерөнхий сайдыг мэдээллээр хангадаг хэд хэдэн субъект бий. Тэндээс мэдээлэл очсон гэж ойлгосон. Тийм буруутгалд өртсөн хүн ажил хийх бололцоо байхгүй. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд бол гүйцэтгэх засаглалын тэргүүн. Хэнийг кабинетдаа байлгах вэ? гэдгийг сонгож үйл ажиллагаагаа явуулдаг. Гэм буруутай эсэхийг шүүх тогтооно. Шийдвэр гарах процесстой холбоотой хэд хэдэн зүйлүүд байдаг. Гэмт хэрэгт яллахад заавал шүүхийн шийдвэр хүлээдэг.
Жишээлбэл, Замын хөдөлгөөнд оролцож байхад цагдаагийн байгууллага жолоочийг дохиж, зогсоогоод шалгаад явуулдаг. Үүнтэй адил энэ бол захиргааны эрх зүйн нэг процесс. Үнэхээр энэ буруутгалд Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдэл хийсэн учраас чөлөөлж, шалгахаас өөр аргагүй болсон. Гэхдээ тэр хүн буруутай эсэх нь шүүхээр тогтоогдоно. Шүүхээр тогтоогдоод энэ ямар нэгэн байдлаар гэм буруугүй, энэ үйлдэлд холбогдолгүй байна гэж үзвэл ажлаас нь чөлөөлсөн хариуцлага хүлээх албан тушаалтан нь Оюунсайханы Алтангэрэл миний бие. Эрх зүйн харилцаа ингэж явагддаг" хэмээн хариуллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлийг эргэн нэг үзье.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...