П.НАРАНБАЯР: БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЖУРАМ ШИНЭЧЛЭГДЭЖ, ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ГАРЛАА
- schedule Өнөөдөр 15 цаг 13 минут
- chat_bubble 0
МУ-ын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ удаад Боловсролын зээлийн сангийн журам шинэчлэгдэж, Засгийн газрын тогтоол гарлаа.
Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 30-нд болж Боловсролын зээлийн сантай холбогдолтой дараах асуудлуудыг хэлэлцсэн байна.
-Дэлхийн шилдэг их сургуулиудад бакалаврын түвшинд гадаадад суралцах оюутнуудад Боловсролын зээлийн сангаас олгодог зээлийн үйлчилгээг 2026 оноос "2+2 хөтөлбөр"-ийн хүрээнд хэрэгжүүлж, магистр, докторын түвшинд гадаадад суралцуулах зээл олгох зохицуулалтыг тусгасан.
-Гадаадад суралцах хүсэлтэй иргэдэд тавигдах сургалтын байгууллагын шалгуурыг "Ерөнхийлөгчийн илгээлт–2100" тэтгэлэгт хөтөлбөр болон дэлхийн шилдэг их сургуулиудад зээлээр суралцах хөтөлбөрүүдэд адил болгосон.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 15.6-д заасны дагуу дотоод, гадаадын их, дээд сургууль, коллежид суралцах эрхтэй болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дипломын болон бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтын зардлыг Боловсролын зээлийн сан хариуцахаар зохицуулсан.
-Малчны тухай хуульд 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид олгох гэж заасанд нийцүүлэн холбогдох мэргэжлийн чиглэлд тэтгэлгээр суралцуулахаар тусгасан. Энэхүү тэтгэлгийг 2025 оны есдүгээр сараас олгохоор төлөвлөжээ.
Журмын өөрчлөлт нь дотоодын сургалтын байгууллагуудын чадавхыг дэмжих болон өндөр мэдлэг боловсролтой залуусыг гадаадад сурч төгсөөд эх орондоо ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлнэ гэж тооцоолж байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...