Улаан үгүй бол нар үгүй харин ногоон үгүй бол амьдрал үгүй гэдгийг үргэлжийн мөнхөд хүмүүст мэдрүүлэхийг хүсдэг
- schedule 2013 оны 11 сарын 9
- chat_bubble 0
Зураач Ц.Цэгмэдийн уран бүтээлээс толилуулж байна. Зураач өөрийнхөө бүтээлийн талаар ийнхүү өгүүлж байна.
Миний хувьд урлагийн тэнгэрлиг илэрхийлэлд бурханы дээд оюун санаа болох долгион эрчмийн эгэлгүй боломж тэмдэгшдэг гэж үздэг. Үүний дотор манай монголчуудын итгэл бишрэл, эд өлгийн соёл, зан үйлийн харилцаа, далд онжид тэмдгээ нууцлах арга ухаанаар сэлгэсэн бүхий л сэтгэмжүүд багтах нь мэдээж. Эл бүгдийг зураач нэгэн хавтгайд үзүүлчихэж чадахгүй ч гэлээ дүрсийн бэлгэдлээ орон зай, цаг хугацаанд гэтэлгэн “улируулж“ хэлчих нь бий. Тэгэхдээ бэлгэдэл гэсэн томъёолол бол зөвхөн болзолт шинжтэй биш, харин дээд хүслийг минь илтгэх “зууч тэмдэг“ л байдаг. Өөрөөр хэлбэл хадан сүгт тэрлэгдсэн “ би бина “ хэллэг л дээ.
Үнэндээ бид маш эртнээс “сүг“ гэж нэрлэчихсэн хий засал маань өнөөгийн бидэнд зураг мэт ухагдаад заншигдсан юм. Тэгснээр өнгө, хэлбэр, зурлага гээд олон талт үзэгдэлийн хүрээнд мэргэжлийн хэл болтлоо өргөжиж хөгжлөө. Иймээс л би, бүтээлээ туурвихдаа өөрт юу санагдаж, ирэхдээ цаанаасаа ухаанд хянагдахгүй урсаад орж ирсэн илгээмжийг зөвхөн дамжуулах л гээд оролддог. Тэгдэг учраас л би бэлгэдэл гээд ярих дуртай. Миний зураг доторч тийм зууч бэлгэдэл олон бий.
Яагаад би ДӨЛ, ОНГО, САР, ШИРЭЭ, ХАС зэрэг зуучийг тэгтлээ зурдагаа зарим үед ухамсарладаггүйг хэлэх нь зүйтэй байх. Үүнийгээ тайлбарлах ёстой болох нь. Тухайлбал “ДӨЛ“ хэмээх тэмдэг л дээ. Гэвч тэмдэг гэж хэлмээргүй байна. Эхнээсээ галын дөл гэдгийг нүүдэлчид ариусгах заслын эрхэм дээд хэрэгсэл мэт ойлгож ирсэн бөгөөд хий ад зэтгэрийг даран гэтэлгэхийн тулд ашигладаг гэсэн үг. Үүний угт урдын муу сүнсний гүйдэл эс барагдаж эцэслэхгүй байгааг даран гэтэлгэх шаардлага гардаг. Нөгөө талаасаа галыг тэр чигт хэрэглэхээс гадна бас домнон төлөөлүүлэх явдал шаардагдахыг би угтаа үзүүлэхийг оролдсоор байна. Иймээс миний тэрлэсэн дөл гэдэг маань зүсээ олохгүйг зурлагын хүч-бэлгэдлээр даран зассан зүйл шүү.
Харин “ОНГО“ бол тэс ондоо ойлголт ч, дээдийн дээд наран эхлэлийн зурлага болно. Эндээс хөрс ургамал, мал амьтан хийгээд хүний ертөнц тэжээгдэж амьдралаа олдог, бас дүрс хэлбэрээ биежүүлж тэмдгэрэх аж. Ийм оломгүй, цаглашгүй, давтагдашгүй бүхнээ бид нартай зүйрлэн ухаардаг нь үнэн. Гэхдээ ухаарагдан бодогдож, эсвээс харагдаж үзэгдэж байгаагаас онги гээд тэмдэгшүүлчихсэн зүйл биш. Хамгийн гол нь хэн ч, хэзээ ч, яаж ч байсан өөрийгөө “Би“ гэж хэлэхдээ дотроо гэрлийн өдөөх хүчийг л хардаг. Энийг л өөрийнхөө философи гэж тунхаглабал зохистой.
Ялангуяа “Хас“ гэж нэрлээд сурчихсаныг заримдаа “Юүндэн” ч гэж дууддаг. Энэ нь учиртай. Хас бол нэг бүхэл бөгөөд эхлэлгүй үйтгэлийн үйтгэл юм. Харин үүтгэлийн хам шинжийг ялгавартай тэмдэглэдэг арга манайд ч бусад ард түмний соёлд ч өргөн дэлгэрчээ. Тэгээд л баруун зүүн эргэлэг талаас ярьдаг. Миний ойлголтоор нүүдэлчид ганцхан удган эргэлэгийг ихэд тэнгэрлэж үзэж иржээ. Яагаад гэвэл хамаг бүхний мууг зөвхөн этүгэн эх засдаг гэдгийг домнох мэт. Энэ бол шившлэг ч мөн.
Эцсийн эцэст “тэрэг” зурсанд тайлбар хийхээс өөр аргагүй боллоо. Нүүдэлчдийн тэрэг бүтээсэн түүхийн сурвалж бол аль эрт МЭӨ хоёрдох мянганы тэртээд хүрч очиход хүрнэ. Магадгүй алтай хэлтний соёлоос хэтрээд цаашилчихаж ч болзошгүй. Тэрэг үүслээ гэдэг нь хүн төрөлхтөн оньсон сэтгэмжийн загварыг олсноо өгүүлэх мэт боловч дахиад л “хүч”, “би”, “эргэлэг” гэсэн холбоосыг тэмдэглэдэг билээ. Миний хувьд “тэрэг“ нь мөнхийн хөдөлгөөн л дөө. Тэгэхдээ цаглабарыг, агшин бүрийг гэтэлгэх боломж хүнд л зөвхөн заяасныг илтгэх мэт. Товчлоод хэлбэл, мөнхийн дотор зуурд гэж бийг надад байнга сануулдаг тэр л зууч тэмдэгийн нэг юм. Тэрэг зурахдаа би өнгийг эрхэмд үздэг болохоор сүгээс илт өөр болчихоод байдаг.
Хадны сүг зурлагад ерөөс өнгө тэмдэглэгдэх ёсгүй. Яагаад гэвэл нар- бол өнгө шүү. Гэтэл сүгийг зөвхөн үдшийн бүрийд тайж тахих ёстой болсноор тэр. Хамгийн дуртай гэхүү, эсвэл өөрийн мэдэлгүй бариад авдаг өнгөнд улаан ордог. Улаан өнгө дан ганц нарыг төлөөлдөг инстинк төв өгөгдөл. Та бүхэн санаж байгаа бол фовистууд “улаан ногооны“ хоршлоор бүтээлээ хийдэг шиг надад ийм хоршил нилээд ойр санагддаг. Улаан үгүй бол нар үгүй, харин ногоон үгүй бол амьдрал үгүй гэдгийг үргэлжийн мөнхөд хүмүүст мэдрүүлхийг би хүснэм. Энэ бол минйй зурдаг ертөнц ч барил ч.
Ямар боловч миний бие юу гэж үздэгээ хэлсэн шигээ ажлыг минь харж урам хайрладаг үзэгч танд баярлалаа. Басхүү өмнөтгөлийг бичихэд зураач Ч.Болдбаатарын “Ц.Цэгмэдийн ертөнц зууч тэмдэг“ гэсэн өгүүллээс санааг авч дэлгэрүүлсэнийг хэлэхийг хүсч байна.
Монголын шинэ үеийн урлаг жинхэнэ утгаараа цоо шинэ сэтгэлгээтэй байх болтугай.
Ц.Цэгмэд
Үүлэн асар
Үүлэн хүлэг
Заяаны хүлэг
Зүүдэн жин
Алтай Хангай
Амар амгалан оршихуйн даллага
Амидын жам
Бадрал
Буян хишгийн даллага
Гэр бүл
Говь гурван сайхан
Манлай
Мөнхийн аян
Мөнхийн гэрэл
Нарны домог 2
Нарны домог 1
Нарны элч
Ногоон морь
Олз омгийн даллага
Салхин хүлэг
Шувуун саарал
Тэнгэрийн сүрэг
Цэнхэр чимээ
Учрал
Удмын тэнгэр
Улаан сүүдэр
Улирах цаг
Өлзийт сүрэг
Амидрал
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...