“Оюу толгой”-н зэсийн баяжмал ачсан цуваа Гашуун сухайтыг зорилоо
- schedule 2013 оны 7 сарын 10
- chat_bubble 0
- Зэсийн баяжмалын экспорт эхэлсэнээр Оюу Толгой компани бүтээн байгуулалтаас үйлдвэрлэлийн үе шат рүү шилжиж байна -
Монголын дэлхийн түвшний зэс, алт олборлолтын “Оюу Толгой” ХХК зэсийн баяжмалын экспортоо эхэлж байна. Бүтээн байгуулалтын үе шатыг дуусгаж, аюулгүй, тогтвортой уурхайн үйл ажиллагаанд шилжиж буйн илэрхийлэл болсон энэхүү анхны экспорт нь тус компани болон Монгол Улсын хувьд хөгжлийн чухал үе болж байна.
“Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл худалдааны гэрээг хянаж үзсэний дараа зэсийн баяжмалыг экспортод гаргах асуудлыг санал нэгтэй сайшаан дэмжжээ. ТУЗ зэсийн баяжмал экспортлохтой холбоотой болон баяжмалаа үргэлжлүүлэн худалдах зөвшөөрлийг агаад байгаа аж. Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар “Оюу Толгой” ХХК өөрийн үйл ажиллагаа болон экспортын орлогын зохицуулалтаа ил тод, нээлттэй байлгах эрмэлзэл төгс байна.
Зэсийн баяжмалын анхны экспортын хэмжээ нь 5,800 орчим тонн байх аж. “Монголд үйлдвэрлэв” шошготой 576 тонн зэсийн баяжмал ачсан 16 машины цуваа энэ сарын 9-нд Гашуун сухайт боомт руу хөдөллөө.
Зэсийн баяжмалыг олон улсын зах зээлд нийлүүлэх анхны цувааг үдэн гаргах ёслол Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюутолгойн баяжуулах үйлдвэрт өнөөдөр болж Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар оролцлоо.
Улсын их баяр наадмын дараа үлдсэн баяжмалыг ачих гэнэ.
Ёслолын арга хэмжээний үеэр “Оюутолгойн баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах үед манай орны уул уурхайн салбарын экспортын хэмжээ 30-40 хувь нэмэгдэнэ” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.
“Оюу Толгой” ХХК-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхийлөгч Камерон МакРей хэлэхдээ “Оюу толгой”-н бүтээн байгуулалтад оролцсон бүх хүний бахархал төрж байна. Ийм аварга том үйлдвэр барьж байгуулсан нь маргаангүй гайхамшигтай ололт төдийгүй Монголын баяжмал үйлдвэрийн хаалганаас гарах энэ мөчийг бид бүхэн тэсэн ядан хүлээж байсан билээ. Энэ нь дэлхийн хэмжээний бүтээн байгуулалтаас дэлхийн хэмжээний зэсийн компани болон шилжиж буй анхны том алхам мөн. Энэхүү мөчийг бодит болгоход хувь нэмэр оруулсан та бүхэнд би чин сэтгэлээсээ талархаж байна” гэлээ.
Одоогийн байдлаар зэсийн баяжмалыг “Оюу толгой”-н ил уурхайгаас олборлосон хүдрээс боловсруулж байна. “Оюу толгой” ордын зэсийн нөөцийн дийлэнх нь оршиж буй далд уурхайд хүрч олборлолт явуулах тухай дурдаж байсан. Далд уурхайн ажлыг хийх санхүүжилт бүрэн хэмжээгээр батлагдаагүй хэдий ч эхний шатны ажил далд уурхайд хэдийнэ эхэлжээ. Одоо явуулж буй үйлдвэрлэл нь ашигт малтмал ашигласны төлбөр болон татварын хэлбэрээр Монгол Улсын Засгийн газарт их хэмжээний орлогыг бүрдүүлэх юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...