УДБЭТ-ынхан 52 дахь улирлын нээлтээ “Учиртай гурван толгой” дууриар эхэлнэ
- schedule 2014 оны 9 сарын 30
- chat_bubble 0
УДБЭТ-ын хамт олон 52 дахь улирлынхаа нээлтийг үндэсний ууган дуурь болох “Учиртай гурван толгой” дууриар аравдугаар сарын 04, 05-нд, балетын нээлтийг аравдугаар сарын 11, 12-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” балетаар тус тус нээх гэж байна.
Гурвуулаа Балган. УДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Ж.Бямбажав, Э.Бумхүү, О.Хүрэлбаатар
Энэ удаад УДБЭТ 80 гаруй тоглолт зохион байгуулахаар төлөвлөснөөс дөрвөн бүтээлийг шинээр болон шинэчлэн тавьж, гадаадын театр, уран бүтээлчидтэй хамтарсан гурван тоглолтыг тавих нь. Үүнд, үндэсний сонгодог урлагт ихээхэн анхаарч алдарт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурийг шинэчлэн, УГЗ Ц.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж” дуурийг шинээр, мөн өвөрмөц шинэлэг “Төгсгөлгүй” хэмээх танго-балет, “Тэмүжин” түүхэн сэдэвт балетийг шинээр тавихаар төлөвлөжээ.
Гадаад хамтын ажиллагааны хувьд Солонгосын Пусан хотын олон улсын хөгжмийн наадамтай хамтарсан концерт, Солонгосын Тежон хотын дуурийн театртай хамтарсан дуурь, ОХУ-ын Улаан-Үд хотын хөгжмийн наадам, Австри улсад гоцлол дуучид мэргэжил дээшлүүлэх зэрэг олон ажил багтаж байгаа юм байна. Түүнчлэн тус театр түүхэндээ анх удаа ОХУ-ын Их театрт “Монголын алтан хоолойтнууд” бие даасан концерт хийх гэж байгаа аж. Энэ нь Монголын дуурийн урлагийн түвшинд дэлхий дахинаа харуулж чадах томоохон ажил болно гэдэгт тэд итгэлтэй байна.
“Учиртай гурван толгой” дуурь 2410 дахь удаагаа тавигдах гэж байна
80 дахь жилдээ үзэгч түмэндээ хүрч буй “Учиртай гурван толгой” нь 1934 онд драмын жүжиг, 1942 онд хөгжимт жүжиг, 1950 онд дуурь болж бичигдсэн билээ. Их зохиолч Д.Нацагдоржийн энэхүү бүтээлд манай шинэ үеийн урлагийн үүсгэн байгуулагчид, үе үеийн ахмадууд бүгд оролцон тоглож байсан нь түүхэн гайхамшиг юм. Уг бүтээлийг 1934 онд анх тоглогдсоноос нь хойш тоолоход манай театрын хувьд энэ улирлын нээлтээр 2410, 2411 дэх удаагийн тоглолт гэж тооцогдож байна.
Нээлтийн тоглолтод, “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүрд УДБЭТ-ын дунд болон залуу үеийн төлөөлөл болсон МУГЖ М.Болд, МУГЖ Э.Амартүвшин, СТА Э.Анхбаяр, Ч.Энхтайван, Нансалмаад: СТА М.Дариймаа, СТА Ш.Наранчимэг, СТА Д.Туяа, Б.Энхнаран, Хоролмаад: МУГЖ С.Мөнгөнцэцэг, СТА Б.Эрдэнэтуяа, МУГЖ Ө.Уянга, Балганд: СТА Э.Бумхүү, СТА Ж.Бямбажав, СТА Б.Алтанхуяг, СТА О.Хүрэлбаатар нар тоглож, МУГЗ Ж. Бүрэнбэх, Н. Туулайхүү нар удирдана.
Харин нээлтийн “Хунт нуур” балетын гол дүрүүдэд: МУГЖ Ч.Ганчимэг, СТА Б. Саруул, СТА О.Ганцоож, СТА М.Од, СТА А. Өлзий-орших, СТА Х.Мөнгөнхөлөг нар тоглоно. Дэлхийн 30 гаруй орны 60 гаруй хотын 100 гаруй театрын урын санд олон хэлбэр, урсгал чиглэлээр тавигдсан дэлхийн балетын урлагийн шилдэг бүтээл болох “Хунт нуур” балет манай театрын тайзнаа 136, 137 дахь удаагаа тоглогдох юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...