Цэлмэг: Монгол их сайхан нутаг юм. Энэ бүхнийг зураг болгон халааслаж явмаар
- schedule 2016 оны 7 сарын 22
- chat_bubble 1999
Манай редакцид Бээжингийн Үндэстэний их сургуулийн монгол хэл-утга зохиолын ангийн таван Өвөр Монгол оюутан дадлага хийхээр ирлээ.
Тэд Монголд анх удаа ирж буй бөгөөд анхны бичсэн нийтлэл нь Монголын тухай. Бид найруулга, аялгыг нь их өөрчлөлгүйгээр та бүхэнд хүргэж байна.
Долоодугаар сарын 10-ны өглөө галт тэрэг Монголын хилийг даваад хөдлөв. Нойрноосоо сэрсэн би нүүр угаагаад, зав гарган цонхны гаднах үзэмжийг харж суулаа.
Нүд дүүрэн цэл ногоон тал. Би өөрийн эрхгүй “Яасан ч уудам юм бэ, Монголын тал нутаг,
Ямар ч сайхан юм бэ, монгол хүний сэтгэл...” хэмээн дуулаад эхэлчихэв.
Би бол говь нутгийн хүүхэд. Манай нутаг хэдийгээр өргөн уудам боловч ийм нүд булаам ногоон биш шүү дээ. Иймдээ ч би цочиж бас мэлэрч суулаа. Тэр бүгдийг нүдэндээ шингээсэн.
Долоодугаар сарын 11-ний өдөр Монголын сайхан наадам боллоо. Бид ч наадмын нээлт үзлээ. Явдалдаа жаахан ядарсан болохоор энэхүү тоглолтыг их сэтгэл тавьж үзэж чадаагүйдээ харамсау байна.
Гэтэл тэр өдөр эгшиглэсэн нэгэн дууны “Хүүхний царайлгийг би зөвхөн Монголдоо үзлээ” гэсэн үгэнд үнэхээр итгэсэн шүү. Эмэгтэй хүний хувьд өөрөөсөө гоё хүүхнийг хараад өөрийн эрхгүй сонирхох сэтгэгдэл төрдөг. Тэр өдөр харин нүдээ амраах завгүй гоё сайхан охид, бүсгүйчүүдийг харж авлаа.
Хятадад эмэгтэй хүн бол нийгмийн байр суурь нь эрэгтэй хүнээс дор байдаг. Эр хүн гаднах ажлыг хийж, эм хүн гэрийн ажлаа амжуулдаг. Тиймдээ ч эмэгтэй хүн амархан ядарч, амархан хөгширдөг байх. Ийм байдалд дэндүү удаан байсан би Монголд ирж нүд минь нээгдлээ.
Монгол бүсгүйчүүд гэрийн эзэгтэй болж, хэдэн хүүхдийн ээж болсон гээд аливаад дарагдаж, хөгширдөггүй юм байна. Харин ч өнгөжин жавхаажиж, улам л гоё, сайхан болдог юм шиг санагдсан. Өөрийн гэсэн ажилтай, амьдралтай бас насаараа сайхан амьдарч байна.
Энэ талаараа Азийн бусад улсын эмэгтэйчүүдээс ялгаатай. Энэ байдал нь надад үнэхээрийн гүн сэтгэгдэл үлдээсэн юм.
Монгол их сайхан нутаг юм. Энэ бүхнийг зураг болгон халааслаж явмаар.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...