Чойжин ламын сүм байгуулагдсан түүхээс
- schedule 2017 оны 5 сарын 23
- chat_bubble 0
Лувсанхайдавын Чойжин болсон тухай
Наймдугаар Богд Жавзандамбын дүү Лувсанхайдав 1872 онд Төвдийн Шолао хэмээх газар Гончигцэрэнгийн 5-р хүү болон төржээ. Эхийг нь Ойдовдулам гэдэг байсан бөгөөд Лувсанхайдав1874 онд анх Монголд иржээ. 1884 онд Төвдөөс Чойжин Сээтэвийг урин ирүүлж Лувсанхайдавын Чойжин болох явдлыг удирдуулж, хүрээний Ванга аймгийн монгол лам Лувсанпэлжээгээр Чойжин буух уншлага ном уншуулдаг байв.
Лувсанхайдав Төвдийн Чойжин Сээтэвийн удирдлагын дор хэдэн жил Чойжин болох сургууль хийж Найчун, Дизимур, Доржсуг Чойжингуудын сахиус сүнсийг дуудан Чойжин /Гүртэмб/ буудаг болжээ. Лувсанхайдав сар бүр 6-аас доошгүй удаа тогтмол Чойжин бууж байв.
Энэ үед 8-р богдоос “Энэтхэгийн орноос Монголын шашинг дэмжиж хамгаалан сахих Чойжин сахиус тодрон гарав” гэж Монголын ард түмэнд лүндэн буулгаснаас болж Чойжин Лувсанхайдавыг шүтэх, итгэх явдал хөгжиж, түүний Чойжин сахиусны тухай хурал, жасыг албаны орон тоотой үүсгэн байгуулж Лувсанхайдавыг Монголын шашны гол Чойжин болгосон түүхтэй.
Ер нь шарын шашны номлолд Чойжин гэдэг бол сахиус гэсэн утгатай бөгөөд өөрөөр хэлбэл Гүртэмб гэдэг бол шарын шашны бөө гэсэн утгатай үг юм. 8-р богд Жавзандамбаас Лувсанхайдавыг жил бүрийн цагаан сарын шинийн найманд зүүн хүрээний Цогчин дуганд 3 сахиулны үүднээс Чойжин бууж байх үүрдийн журам тогтоожээ.
Чойжин ламын сүм байгуулагдсан тухай
Тус сүм Монголын сүм хийдийн дотор архитектурын хувьд хамгийн гоё сайхан сүмүүдийн нэгд зүй ёсоор ордог бөгөөд уран барилга, уран зураг, уран баримал, уран цутгамалын хувьд үнэт зүйл болохын зэрэгцээ түүх соёлын дурсгал болдгоороо онцлогтой юм.
Чойжин ламын анхны сүм /Жангаан/
1899-1901 онд Зүүнхүрээнд Шар ордноос байруун хойно шашныг хамгаалагч Лувсанхайдавын хурал номын ажилд зориулан сүсэгтэн олны өглөг, барьц, богдын шавь нараас хөрөнгө мөнгө албадан гаргуулж Чойжин ламын сахиусны хурлын их бага хоёр сүм, лавран орд, хашаа байшин, жас, зуух зэргийн бүрэн барилгыг 1901 онд бариулж дуусгажээ.
Богд Жавзандамба энэхүү сүмийг “Жангаангын сүм” гэж нэрлээд, Хар зүгийн шулмасын аймгийн омгийг дарагч Их Амгалангийн урвалтгүй зүтгэн бүтээсэн орд харш хэмээж Лувсанхайдавыг үе улиран залах эрх олгож байжээ. 1903 оны өвлийн сүүл сард нэгэн шөнө гэнэтийн гал түймэр гарч Чойжин Лувсанхайдавын сүм, гэр, орд лавран, хашаа байшин цөм шатаж Чойжин лам зөвхөн өмссөн дээлтэйгээ хоцорчээ.
Тэр даруйд нь хүрээний олон дацангуудаас их бага эсгий гэр, хэрэгслийг дайчлан гаргаж одоогийн Ленин клубийн баруун үзүүрт цахарын шадар гүн Шагдаржавын хашаанд гэр орон байгуулж хурал номыг үргэлжлэн хуруулж байжээ.
Чойжин ламын хоёр дахь сүм /Өршөөлийг хөгжүүлэгч сүм/
1904-1908 онд Чойжин ламын 2 дахь сүм, орд лавран гэр тогдамыг шинээр дахин бариулах гэж газрыг шинжлэн тогтоож уг барилгын зураг төслийг гаргаж, удирдан бариулсан хүний нэг бол 19-р зууны сүүл 20-р зууны эхэн үед нийслэл хүрээнд амьдарч байсан ордын уран барилгач Омбо зэрэг Монгол дархчууд оролцон бариулж 1908 онд дуусгажээ.
1918 онд Чойжин Лувсанхайдав нь гэнэт ухаан алдаж нас нөхцсөн байна. 1934 онд шарилыг агуулсан лавран, түүний дотор хадгалж байсан нарийн чухал түүхийн данс бичиг баримт бүх зүйлсийнхээ хамт галд шатаж үрэгджээ.
Чойжин ламын сүм “музей” болсон нь
Тус сүм нь архитектурын дурсгалт зүйл болох бөгөөд Монгол урчуудын авъяас чадвар уран гараар хийгдсэн эрхэм нандин үнэ цэнэтэй бүтээлүүд арвин их тул 1940 онд Шинжлэх ухааны хүрээлэнд шилжүүлэн өгчээ.
БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн 1941 оны 11-р сарын 13-ны өдрийн хуулийг үндэслэн уг сүмийг улсын 1 дүгээр хамгаалалтанд авчээ. Уг сүмийн доторх тавилгын зүйлүүд нь урлаг, уран сайхны хувьд иж бүрэн шашны урлагийн бэлэн үзмэр болох учир 1942 онд шашны музей болгосон байна. Чойжин ламын сүм бол 16-р зууны үеэс эхлэн Монголд дэлгэрсэн шарын шашны хэлбэрээр дэлгэрсэн олон зуун сүм дуганы нэг юм. Тус сүм музейд Монголын эртний уран зураач, барималч, сийлбэрч, хатгамалч, зээгт наамалч зэрэг урчуудын шашны уран бүтээлүүдийг байрлуулж, хувьсгалын өмнө Монголын ард түмнийг бишрүүлж байсан шашны баримт зүйлүүдтэй танилцуулах болсон байна.
Чойжин ламын сүм музейн одоогийн хийц байдал
Ямпай нь урд талдаа Хангарьд хоёр арслантай, ар талдаа 5 луутай, энэ нь сүмийн эзэн сахиус, шашныг хамгаалсан хүчтэнүүдийн халхавч хаалга хэмээх агуулгыг багтаажээ. Уран барилгын гол чуулган нь 4 сүм, хүндэтгэлийн 5 асар гонхонтой хаалга зэргээс бүрдэж буй бүхэлдээ тоосгон хэрэмтэй бөгөөд өмнө талдаа хүндэтгэлийн хайсан хашаатай. Сүмийн гадна дотно талын хаалга, баганад төрөл бүрийн гоо сайхны үлгэрийн зураг хээ угалз, сийлбэр, хөөмөл, зүмбэр, энхмэл болон үүлэн хээ, усан долгио, луун хээ зэрэг дорно дахины бэлгэдлийг үзүүлсэн баялаг сайхан чимэглэлтэй юм. Сүмийн тааз ханаараа Чойжин сахиусны догшин ширүүн гэдэг дүрийг илэрхийлэн хүний биеийн эрхтнийг задлан эвдсэн аймшигт өвөрмөц сонин зураг чимэг нь хүрээний бусад сүмүүдээс эрс ялгагдах онцлогтой байжээ. Сүмүүд нь Монгол асар маягийн дээвэртэй, тэр нь 4 хэсгээс мөрдөл болж түүнийг засаглан дагнасан хамар дээгүүр морь унасан хүн, араатан жигүүртнийг жагсаан байрлуулсан ба дээврийн өнцгийн яс модны үзүүрт лууны толгой сийлсэн зэрэг нь цөм ардын эртний үлгэр домгийн зан бэлгэдэлтэй гүн гүнзгий холбоотой гэдэг.
Эх сурвалж: ЗТБА-ын сан хөмрөгөөс
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...