”Монголын нууц товчоо”-г зурган өгүүлэмжээр эсгий дээр зээглэн ширжээ
- schedule 2017 оны 9 сарын 13
- chat_bubble 0
Өнөөдөр Сүхбаатарын талбайд “Монголын нууц товчоо”-г зурган өгүүлэмжээр 108 метр урт, 1,8 метрийн өндөртэй эсгий дээр зээглэн ширж урласан дүрслэх урлагийн бүтээлийг олонд танилцуулах ёслол боллоо.
Одоогоос нэг жилийн өмнө Хон хэрээтийн Б.Энхбатын санаачлагаар түүний эхнэр Т.Сумъяа, охин Э.Гуамарал, охины найз Д.Хэрлэн нарын 180 метр урт торгон дээр урласан “Монголын нууц товчоо” бүтээл олны хүртээл болж байсныг та бүхэн санаж байгаа байх. Дөрвөн хүний гарын ураар бүтсэн уг бүтээлд тэд 12 500 цаг зарцуулсан гэж байсан. “Монголын нууц товчоо”-н 191 793 ширхэг үсгийг нэг бүрчлэн оёж, 18 ширхэг уран хатгамал зураг, 45 ширхэг зээгт наамлаар чимэглэсэн байсан. Нийт 5 280 мөр бичээс болсон байдаг.
Энэ бүтээл Хүүхдийн төв номын санд бий.
Харин энэ удаагийн “Монголын нууц товчоо”-г 108 метр эсгий зээгт ширмэлийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хан Хэнтийн гар урчууд” ХХК-ийн зураач Д.Нэргүй эхнэр Нарантуяа нарын санаачлагаар Монголын 21 аймаг болон Өвөрмонгол, Тува, Буриад, Халимаг, Киргизийн монгол туурга нэгт нийт 5000 гаруй урчууд хамтран бүтээсэн байна. Уг бүтээлийг урлах явцад 4 000 гаруй хүмүүст зээглэн ширэх оёдлыг зааж сургасан байна.
Уг бүтээлд 108 метр цагаан эсгий, 2 000 км зээг, 20 000 км тэмээний утас, 120 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу орсон аж.
“Хан Хэнтийн гар урчууд” ХХК-ийн зураач Д.Нэргүй:
-Бид бүтээлээ Геннисийн номонд бүртгүүлэхээр материалуудаа зохих газарт нь бүрдүүлж өгсөн. Бидний бүтээл гурван том онцлогтой. 1-рт Малын гаралтай түүхий эдээр хийсэн, хамгийн урт утас орсон бүтээл. 2-рт Эсгийн дээр урласан хамгийн урт дүрслэх урлагийн бүтээл, 3-рт Хамгийн олон үндэстэн ястан, иргэд оролцсон бүтээл гэсэн гурван номинацид бүртгэгдэх юм” хэмээн ярилаа.
Уг бүтээлийг санаачлагч зураач Д.Нэргүй түүний эхнэр урлаач Нарантуяа нарыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнасныг ёслолын ажиллагааны үеэр гардууллаа.
Монгол туургатны уламжлалт гар урлалын нэг төрөл болох зээгт эсгий ширмэлийг хойч үедээ залгамжлуулан үлдээх зорилготойгоор Чингис хааны үеийн ахуй амьдрал, ёс заншлыг энэхүү бүтээлд урласан байна. Тус бүтээлд Монгол зураг, Монгол үндэсний хээ угалз, Хүннүгийн үеийн буган хөшөө, хадны сүг зураг, монгол ёс заншил болох нүүдлэх, мал маллах, бөөгийн үйл, уран дарханы үйл болон бусад үйл явцыг багтаан харуулснаараа онцлог болжээ.
Гэрэл зургийг Ц.Ганболд
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...