Булган аймгийн иргэдтэй уулзлаа
- schedule 2018 оны 2 сарын 12
- chat_bubble 0
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн иргэдтэй тус аймгийн Хөгжимт жүжгийн театрт уулзаж, ярилцлаа.
Уулзалтыг нээж Ерөнхийлөгч “Булган аймгийн иргэд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Амралтын өдөр цаг заваа гаргаж ирсэн та бүхэнд баярлалаа. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна гэж хэлж байсан. Энэ амлалтынхаа хүрээнд иргэд та бүхэнтэй уулзаж, ярилцахаар ирлээ” гээд уулзалтыг нээв. Булган аймгийн иргэд Төрийн тэргүүнд өөрийн биеэр болон бичгээр санал хүсэлтээ уламжлав.
Булган аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгч, аймгийн Хурц арслан Ганболд
Та сүүлийн үед оффшорт байгаа хөрөнгийг оруулж ирэх тухай яриад байгаа. Социализмын үед биднийг алтан дээр суусан гуйлгачин гэж ярьдаг байсан бол зах зээлд шилжээд эрдэнэсээ ухуулаад өрөнд ороод л дуусч байна. Ард түмэн ядуурч, дээр нь байгаа цөөхөн хэдэн хүн баяжаад байх юм. Та тэдэнтэй тэмцэж байгаад бид талархаж байгаа. Оффшор бүсийн хэдэн тэрбум төгрөг яриад байна. Энэ асуудлыг цэгцэлж өгөөрэй. Би бизнес хийгээд 28 жил болж байна. Одоо ч амьдрал дээрдэхгүй байна. Цаашдаа ч шударга байж эдгээр асуудлыг цэгцэлж өгнө гэж танд итгэж байна.
Булган аймгийн 1-р багийн иргэн Батсуурь
Надтай адил тэтгэврийн олон хүн бий. Тэд бүгд өр, зээлтэй. Би өөрөөрөө төлөөлж хэлэхэд бие муутай, муугаар бодож үхэх юм бол өртэй үхэх нь. Гэтэл тэтгэврийн маань зээл үр хүүхдэд маань шилжинэ. Тэд маань бүгдээрээ л тусдаа цалингийн, бизнесийн зээлтэй. Тэдэндээ дарамт болохгүйн тулд өр тавьж үхэхээс айж байна. Энэ тэтгэврийн зээлийн тогтолцоог эргэж хармаар байна. Үхэж байгаа хүн зээлтэйгээ хамт үхчихэж болдоггүй юм уу. Хийдгээ хийгээд, татвараа төлөөд, эцэст нь жаахан тэтгэвэр авч байгаа нь амьдралд хүрэлцэхгүй байгаа болоод л тэр шүү дээ. Миний авсан зээлийг үр хүүхдэд минь битгий “өвлүүлж” өгөөч. Би зээлтэйгээ дуусмаар байна.
Булган аймгийн Дашинчилэн сумын иргэн Туяа
Би Ерөнхийлөгчийн Тамгын газарт Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг сэргээх хуулийн төсөл санаачилж өгнө үү, гэдэг хүсэлт хүргүүлсэн. Миний хүсэлтэд бичгээр хариу ирсэн ч би өөрийн биеэр дахин хэлэхээр ирлээ. Шүүх, прокурор, цагдаагийн байгууллага хуулийн дагуу албан үүргээ биелүүлэхгүй иргэд биднийг хохироож байгаа олон жишээ бий. Тиймээс Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг сэргээх хуулийн төслийг УИХ-аар батлуулах хэрэгтэй байна. Мөнгөний үнэр авчихсан албан тушаалтнууд Булган аймагт ирж, газар нутгийг маань талхалж байна. Бэлчээр, ундны усаа хамгаалах гэхээр хаа байсан хотын цагдаагийн газарт шилжүүлж байна. Нутаг усаа хамгаалж байгаа бидний эрх ашиг зөрчигдөж, ар гэрийнхэн маань хүртэл хохирч байна. Тиймээс шүүх, прокурортой хариуцлага тооцох Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газар хэрэгтэй байна.
Хоёрдугаарт, АТГ-ыг татан буулгах хэрэгтэй. Энэ газар бүх цаг үед авлигыг бууруулж чадахгүй байгаа тул нүсэр том бүтэцтэй байгууллага байх хэрэг байгаа юм уу. Би хууль бусаар байгаль орчин сүйтгэсэн асуудлаар АТГ-т дөрвөн жилийн өмнө өргөдөл өгсөн. Хариу ирээгүй тул өөрийн биеэр очихоор өргөдлийг чинь шалгаж байна гэсэн хариу өгдөг. Дөрвөн жил шалгаж байна. Ийм хурдаар ажлаа хийдэг байгууллага байх хэрэгтэй юм уу. АТГ ажлаа хийхгүй байгаа тул албан тушаалтнууд болон авлигачид үнэхээр даварч байна.
Булган аймгийн Булган сумын 5-р багийн иргэн Дагвадорж
УИХ-ын гишүүд хуралдаа суухгүй байгаа нь албан ажлаа тасалж байгаа хэрэг гэж би үздэг. Энэ хүмүүсийг ажилдаа ирэхгүй юм бол эргэж татах хууль хэрэгтэй байна. Хоёрдугаарт, цэргийн алба одоо ганцхан жилийн хугацаатай байгаа. Алба хаах хугацааг гурван жил болгож, улс орны бүтээн байгуулалтад оролцуулах талаар арга хэмжээ авах хэрэгтэй гэж бодож байна. Жишээ нь, барилгачин баатрууд өдий төдий бий. Барилгын цэрэг байсан үед орон сууцны олон хороолол босч, барилгын баатар цэргүүд олон төрж байсан юм шүү.
Булган аймгийн Булган сумын 1-р багийн иргэн Бадамдорж
“Би 2004 онд ШУТИС-ийг Үйлдвэрийн экологи, байгаль орчны чиглэлээр төгссөн. Тэр цагаас хойш нутагтаа амьдарч байна. Анх сургуулиа төгсөөд нутаг орондоо мэргэжлээрээ ажиллана гэсэн залуу хүний эрч хүчтэй ирсэн. Гэвч намчирхал манай аймагт байтугай Монгол орон даяар байдаг юм байна. Ажилд орьё гэхээр чи аль намынх вэ гэж асууж байна. Эсвэл аль нэг намынх байж тэр хүн амжилтад хүрч байна.
Би дөрвөн хүүхэдтэй, Булган аймгийн Хас банкинд харуул, хамгаалалтын ажил хийгээд 10 жил болж байна. Өнөөдөр чи ямар мэргэжилтэй вэ, ийм ажил хийгээч гэж хэн ч надаас хүсээгүй. Яагаад гэвэл би аль ч намынх биш. Тийм болохоор би үүнд гомдож явдаг. Өнөөдөр залуус дөрвөн жилийн хугацаатай л төрийн албанд ажиллаж байна. Дөрвөн жил ажиллаад л хэн ч биш болж байна. Тэд чинь цалингийн зээлтэй байдаг биз дээ. Өнөөдөр хөгшид тэтгэврийнхээ зээлтэй үхье гээд ярьж байна шүү дээ. Булган аймагт хэдэн хүн цалингийн зээлтэй амьдарч байгаа билээ. Ингээд л намчирхлаар ажилгүй болчихоор ар гэрт нь 200 хувийн дарамт очиж байгаа шүү дээ. Цалингийн зээлтэй хүмүүсийг даатгалтай болгомоор байна. 76 гишүүн хоорондоо хэрүүл хийгээд л байж байна. Ард түмэн яагаад хямраад, яагаад зээлэнд дарагдаад байгаа вэ гэдгийг ярих хэрэгтэй” гэлээ.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Ажлын байр, ажилгүйдлийн талаар иргэд ихээр ярьж байна. Энэ ганц Булган аймагт яригдаж байгаа асуудал биш аймаг бүрт яригдаж байгаа. Том, том бүтээн байгуулалт, төмөр замын асуудлыг ч та бүхэн асуулаа. Төмөр замын бодлого 2010 онд батлагдсан. Далайд гарцгүй орны хувьд хөгжлийн хамгийн чухал стрөтегийн ач холбогдолтой дэд бүтэц бол зам, ялангуяа төмөр зам байдаг. Харамсалтай нь, төмөр замын ажлыг эхлүүлэх сонирхолгүй бүлэглэл байдаг. Энэ бүлэглэл нь Монголын баялгийг хил давуулж зараад олсон орлогоо гаднын дансанд нуугаад байгаа хүмүүс. Энэ нэгэнт ил болсон зүйл шүү. Үүнийг илрүүлнэ гэсэн мөрийн хөтөлбөр байгаа учраас үзэл бодолдоо тууштай байна гэдгийг хэлмээр байна.
Өнөөдөр Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлагдаад найман жил болж байна. Одоо энэ ажлыг эхлүүлэх талаар шинэ Ерөнхий сайд, Засгийн газарт санал тавьсан. Төмөр замын ажлыг энэ хавраас эхлүүлнэ гэсэн бодолтой байгаа” гэсэн юм.
Мөн ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлаар баримталж буй бодлого, төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, иргэдийн асуусан асуултад хариулав.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...